Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Газрын тос дамжуулах хоолойн ажлын зургийг Канадын “WorleyParsons” компани хийж байна

А.Халиун

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо  /2023.06.07/ хуралдаж,  УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингээс Монгол Улсын Шадар сайдад хандаж тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар тавьсан асуултын хариуг сонслоо. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн танилцуулга хийв. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламж тус бүрийн инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг харгалзан, бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй аж. ЕРС буюу Инженерчлэл-Худалдан авалт-Барилга угсралтыг: 
ЕРС 01: Технологийн бус барилга байгууламж
ЕРС 02: Анхдагч процессын болон дагалдах байгууламж
ЕРС 03: Үйлдвэрийн цахилгаан станц
ЕРС 04: Лицензит технологийн байгууламж хэмээн ангилсан байна. 

ЕРС 01 багц ажлыг БНЭУ-ын “JMC projects India” компани гүйцэтгэж буй бөгөөд гүйцэтгэл 80.3 хувьтай байна. 
Уг багц ажлын хүрээнд оффис-сургалтын төв, эмнэлэг, raл команд, агуулах, засварын цех, ажиллагсдын хоолны газар гэх мэт иргэний зориулалтын есөн барилга, 30 мянган метр куб багтаамжтай газар доорх усны нөөцийн сав, 89 км ус дамжуулах шугам хоолой, насос станцууд, түүнийг дагасан цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц зэрэг технологийн бус байгууламжууд баригдаж байгаа бөгөөд 2023 оны 9-10 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр  төлөвлөжээ. 

ЕРС 02, EPC 03 багц ажлуудын Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructure Limited” (MEIL) компани 2022 оны аравдугааp capaac эхлүүлсэн инженер-геотехник, бусад суурь судалгааны ажлаа дуусган, 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр барилга угсралтын ажил  эхэлжээ.

ЕРС 02 ажлын хүрээнд үйлдвэрийн үндсэн технологийн буюу энгийн ба вакуум нэрлэгийн байгууламж, Анхдагч процессын (Энгийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж) болон Дагалдах байгууламж (Агуулах сав, резервуар, Ачих буулгах байгууламж, Ус цэвэршүүлэх, ууршуулах систем, Шугам хоолойн тулгуурууд, хэрэглээний бусад байгууламжууд) баригдах бөгөөд эдгээр байгууламжуудын ажлын зургийг Испанийн “Intecsa” компани гүйцэтгэж байна гэлээ.
ЕРС 03 багц ажил буюу Үйлдвэрийн 35 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцын ажлын зургийг MEIL компани өөрөө хийж, үйлдвэрлэхэд ихээхэн хугацаа шаарддаг генератор, уурын турбиныг ХБНГУ-ын “Siemens”, уурын зуухыг мөн улсын “ThyssenKrupp” компани үйлдвэрлэж байгаа аж.

ЕРС 04 багц ажилд хамаарах гүн боловсруулалтын Патенттай технологийн байгууламжуудын Лиценз эзэмшигчээр шалгарсан компаниудтай гэрээ байгуулсан хэмээн тодотголоо.

Дэд сайд О.Цэндсүрэн, Газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани 2022 оны сүүлээс ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд тус компани байр зүйн зураглал, инженер-геодези, геотехникийн нарийвчилсан судалгаа болон түүхий тосны шинж чанарын нарийвчилсан шинжилгээ зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Түр кемпийн барилга байгууламж, технологийн зам, цэвэр усны хангамж зэрэг дэд бүтэц байгуулах ажлуудаа гүйцэтгэж дууссан бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс дамжуулах хоолойн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Газрын тос дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канад улсын “Worley Parsons’ компани хийж байна.
“Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ы барилга угсралтын ажлын явц 79.01 хувьтай байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сараас Хөгжлийн банкны санхүүжилт зогссонтой холбоотойгоор ажил зогссон. Ашиглалтад орсон эхний 40 айлын орон сууцанд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож буй Ерөнхий гүйцэтгэгч БНЭУ, БНХАУ-ын компаниудын ажиллагсдыг орон сууцаар хангаж эхлээд байна.

Хотхоны II ээлжийн орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Зэвсэгт хүчний 339 дүгээр анги болон туслан гүйцэтгэгч компаниуд гэрээ байгуулсан үнийн дүнгээр ажлаа гүйцэтгэх боломжгүй гэсэн шалтгаанаар 2021 оны долоодугаар сараас ажлаа зогсоосон. Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхээр компанийн зүгээс олон удаа уулзалт, хурал зохион байгуулж, албан бичиг хүргүүлсэн боловч өдий хүртэл шийдэгдээгүй аж.

Үйлдвэрт ажиллах инженер техникийн ажиллагсдыг ажлын байранд бэлтгэхээс гадна ШУТИС-д “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл"-ийн бакалаврын анги шинээр нээж, 2022 оны есдүгээр сард 21 оюутан элсүүлж авсан ч АМГТГ-аас сургалтын төлбөрийг өнөөг хүртэл шилжүүлээгүй.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран компанидаа ажиллаж байгаа инженерүүдийг БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 40-50 инженерийг БНЭУ-д мэргэшүүлэх, дадлага хийлгэхээр ажиллаж байна хэмээсэн.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2026 онд дуусах төлөвлөгөөтэй ба долоо долоо хоногоор ажлаа төлөвлөөд ажиллаж байсан ч саяхан шинээр гарсан Засгийн газрын тогтоолтой холбоотой шийдвэрлэх зарим асуудал үүссэн. 

Тэрбээр Байнгын хорооны хуралдаанд үйлдвэр болон дамжуулах хоолой барих ажлууд харьцангуй сайн явагдаж байгаа хэдий ч компанийн зүгээс шийдвэрлэх боломжгүй, төр засгийн дэмжлэг шаардлагатай тулгамдсан асуудлууд байгааг танилцуулав. Үүнд төслийн нийт хөрөнгө оруулалтын зардал болон зээлийн дүнг нэмэгдүүлэх, компанийн хувьцаа эзэмшигчийг өөрчилсөнтэй холбоотойгоор үүсч буй хүндрэлүүд, үйлдвэрийн хотхон, гаалийн түр горим, түүхий тос, дамжуулах хоолой, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхтэй холбоотой асуудлууд багтаж байгааг дурдсан юм.


Түүхий тос дамжуулах хоолой байгуулах ажлыг “Норинко интернэшнл” компани гүйцэтгэж байна

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Түүхий тос дамжуулах хоолой байгуулах ажлыг одоо Хятадын “Норинко интернэшнл” компани гүйцэтгэж байна. Суурь судалгааны ажлууд бүгд дууссан. Үйлдвэрийн талбай дээр эхний 10 км шугам хоолой л ирсэн байна. Барилга угсралтын ажил эхэлсэн. Зураг төслийг “Кан Ди Ворли Партнер” гэж компани гүйцэтгэж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2026 онд дуусах төлөвлөгөөтэй ба долоо долоо хоногоор ажлаа төлөвлөөд ажиллаж байсан ч саяхан шинээр гарсан Засгийн газрын тогтоолтой холбоотой шийдвэрлэх зарим асуудал үүссэн гэлээ. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, 
-“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагаанд шаардагдах урсгал, хөрөнгө оруулалтын зардлыг 2024 оноос улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцож, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган УИХ-д өргөн мэдүүлэх гэсэн тогтоолын төсөл оруулж ирсэн. Тэгэхээр нэмэлт 400 орчим сая ам.долларыг төсвөөс санхүүжүүлнэ гэсэн үг үү. Энэ ямар учиртай санхүүжилт юм бэ? 

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, 
-Энэ бол компанийн урсгал зардал. Хөгжлийн банкнаас компанийн урсгал зардал, үйлдвэрийн гаднах дэд бүтцийг санхүүжүүлэн барьсан. Дөрвөн янзын дэд бүтэц, газрын тосны үйлдвэрийн хотхоныг Хөгжлийн банкнаас зээл авч хэрэгжүүлж байсан, энэ зээл зогссон. Энэтхэгийн тал анхнаасаа та бүхэн энэ газрын тос боловсруулах шинэ үйлдвэрийн салбар байгуулах гэж байгаа бол компанийнхаа урсгал зардал болоод дэд бүтцийг Монголын Засгийн газар өөрөө хариуцаарай гэсний дагуу хариуцаж байгаа юм. Дээр дурдсан хөрөнгө оруулалт гэдэг нь үндсэндээ үйлдвэрийн хотхоныг барихад шаардлагатай үлдэгдэл санхүүжилт байгаа юм. Өнгөрсөн жилээс хойш доголдоод хэцүү байдалд орж эхэлсэн. Өнгөрсөн нэг, хоёрдугаар дугаар сард цалингаа тавьж чадахгүй 20 инженерээ алдлаа гэв.   

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа тус Байнгын хорооноос боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг Байнгын хорооны дарга танилцуулсан. 

Тус тогтоолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах  төрийн захиргааны төв байгууллагыг тогтоох, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн үйл ажиллагаанд шаардагдах урсгал зардал, орон сууцны барилгын үлдэгдэл санхүүжилт болон бусад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг 2024 оноос улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцож, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.

Газрын тосны олборлолтыг орд ашиглах үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөнд заасан хэмжээнд хүргэх зорилгоор хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, олборлосон тосыг Монгол Улсад баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлэхтэй холбогдуулан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК болон түүний дээд шатны байгууллага болох “Хятадын газрын тосны үндэсний корпорац (CNPC)” болон “Дачин Ойлфийлд” компанитай хэлцэл хийн, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ирээдүйд олборлох газрын тосыг Монголын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх асуудлыг мөн тусгасан байна.

Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчид хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосон талбайд хайгуулын ажил гүйцэтгэх, үүнтэй холбогдон гарах хөрөнгө санхүүгийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж байгаа техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг  төсөл хэрэгжих хугацаанд гаалийн нутаг дэвсгэрт түр горимоор байршуулах боломжийг бүрдүүлэх асуудлыг тусгасан байна.

ШУТИС-д газрын тосны инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөр, дадлага хийх зардлыг шийдвэрлэх талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани тодорхой арга хэмжээ авах талаар Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон байна. 
 

Сэтгэгдэл (1)

  • dr louis (41.190.30.78)
    Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: +60176359983 Үнэ: $650,000 доллар
    2023 оны 06 сарын 26 | Хариулах