Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялаг өнөөдөр ба ирээдүйд тэгш хүртээмжтэй зориулагдах суурь зарчмыг баримтална

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.06.09/ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ.

2023 оны эхний улиралд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7.9 хувьд хүрч, улсын төсөвт хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелснийг Засгийн газраас танилцуулаад, Улсын төсөвт тохируулгын тодотгол хийж буй юм. Энэ удаа хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох, цалин, тэтгэвэр,  тэтгэмжийг нэмэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулахаар төсвийн тодотгол хийж байна.
Ерөнхий сайдын УИХ-ын чуулганд хэлсэн үгнээс эдийн засаг, уул уурхайн салбарта холбоотой асуудлыг онцлон хүргэж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтууд сэргэж, уул уурхай тойрсон далд эдийн засгийг ил болгох, системийн авлигыг бүхэлд нь халах “5 Ш” цогц ажиллагааны хүрээнд эдийн засагт таатай эхний үр дүнгүүд гарч байна. Нэг үгээр хэлбэл, авлигатай тэмцэх тэмцэл үр дүнд хүрч эхэллээ.

2020 онд -4.6 хувиар агшсан эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөлттэй гарлаа.

 

Эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт бол хоосон тоо биш юм. Нэг хувийн өсөлт ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлого байдаг. Эдийн засаг өссөнөөр Монгол Улсын төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелж, бүтэн жилд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна.

Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.доллар давлаа.

Хэдийгээр ил тод байдлын ачаар эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэсийн үнийн хэлбэлзэл болон бусад эрсдэл байгааг бид мартаж болохгүй.

Эдийн засгийн өсөлтийн үр дүнд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж, “Самурай” бондын өрийг бие даан төлөх боломж бүрдсэнээр Монгол Улс нүүрлэн ирсэн өрийн дампуурлаас одоо л гарч байна.

“Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэдэг үг бий. Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан гашуун түүхийг Та бид хэзээ ч мартаж, бас давтаж болохгүй ээ!
 

МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж, хүзүүвч тогтолцоо цагаас цагт задарсаар байна. Гагцхүү бид тууштай, сонор сэрэмжтэй, хэрсүү хандаж, эхлүүлсэн тэмцлээ хатуу үргэлжлүүлэх учиртай.

Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол энэ удаа төсвийн орлого давж биелснээр зохицуулах тодотгол хийх гэж байна.

Хүүхдийн мөнгө халамж уу? Байгалийн баялгаас хүртэх ёстой өгөөж үү? Монгол төрийн хүн амаа өсгөх бодлого уу? Энэ асуулт олон жилийн турш улс төрийн маргаантай сэдэв байсаар ирлээ.

Олон улсын байгууллагууд энэ асуудлыг тодорхой болгох шаардлагыг үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн нь бодит үнэн юм. Цаашдаа ч бид энэ асуудалтай нүүр тулна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т, “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасан байдаг.

Аль ч улс орны ирээдүй бол өнөөдрийн хүүхэд багачууд бөгөөд улс орны хөгжлийн бодлогын суурь ирээдүй рүү чиглэсэн байх учиртай.

Хөгжингүй улс орнуудад өнөөдөр хамгийн тулгамдаж буй асуудал  бол төрөлт буурах, улмаар ажиллах хүчний хомсдолд орох асуудал болон хувирч байна. Цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого нь төрийн бодлогын үндсэн цөм гэдэгт улс төрчид нэгдсэн ойлголтод хүрч, олон улсын байгууллагуудтай нэгдмэл байр сууринаас тайлбарлах нь чухал байна.

Энэхүү төсвийн тодотголоор хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг олгохоор тусгаж байна. Цаашид хүн амаа өсгөх бодлогыг Монгол Улс тууштай дэмжиж, байгалийн баялгийн шударга хуваарилалт өнөөдөр ба ирээдүйд тэгш хүртээмжтэй зориулагдах суурь зарчмыг баримталж ажиллана.

Түүнчлэн, 98 жилийн түүхтэй Хүүхдийн байгууллагын бие даасан байдлыг эрхзүйн хувьд хангаж, хүүхдийн оролцооны байгууллагуудыг Засгийн газар бодлогоор дэмжиж, Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн батлуулна.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Дубайн гэрээг цуцалж, Эрдэнэтийн 49 хувийн луйврыг таслан зогсоож, суутган тооцолтыг хийж дуусгалаа. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, Нүүрсний хулгайг илчилж, Биржийн арилжааг эхлүүлж, тусгай сангуудын мэдээллийн ил тод болгож, “Чингис”, “Гэрэгэ” бондуудын гадаад өрийг төлж барагдууллаа.

Товчоор дүгнэж хэлэхэд, завхарсан хариуцлагагүй байдлыг цэгцлэх гэж цар тахал, дайн давхацсан энэ үед хайран цаг хугацааг зарцуулж байна.

Гэхдээ энэ тэмцлийн үр дүн гарч байна. Бид улс орноо дампуурах эрсдэлээс аварч, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох шийдвэр гаргах боломж бүрдлээ.

Цаашид эхлүүлсэн тэмцлээ хамтын хүчээр үргэлжлүүлж, Шинэ сэргэлтийн бодлогоо бүх нийтээрээ хэрэгжүүлж чадвал, Монгол Улсын эдийн засаг эрүүлжин тэлж, эдийн засгийн тоо иргэдийн гарт бодит мөнгөн орлого болж очсоор байх болно. Энэ бол зөвхөн эхлэл юм. 

Өнгөрсөн хугацааны уул уурхайн ашигт малтмалын лицензүүд хэн хэнд хэрхэн очсон тухай, нийт ард түмний баялаг хэдхэн хүний гарт хэрхэн төвлөрсөн тухай, мэдээллийг Засгийн газар цаашид ил болгож, иргэдийн мэдэх эрхийг хангах болно.   

Монгол Улсын Засгийн газраас байгалийн баялаг иргэн бүрд тэгш хүртээмжтэй, ил тод байх суурь зарчмыг хатуу баримталж, уул уурхайн аж ахуйн нэгжүүд нээлттэй компанийн засаглалтай байхыг хуульчлан зохицуулах болно. Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганд багтаан Улсын Их Хуралд өргөн барих болно.
 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тодотголын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.