Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Зэсийн үнийн уналт худалдан авалтыг эрчимжүүлэх төлөвтэй

Ч.Сансар

Цахилгаан тээвэр болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр  ойрын хэдэн жилд зэсийн зах зээл  дэх хөрөнгө оруулагчдын оролцоо  улам ихсэх төлөвтэй байна гэж Citigroup Inc Хөрөнгө оруулалтын банк мэдээллээ.

Зэс бол дэлхийн эдийн засгийн идэвхжлийг илэрхийлдэг гол металл. Сүүлийн саруудад барилгын болон өргөн хэрэглээний барааны эрэлт хэрэгцээ буурсантай холбоотой зэсийн үнэ мөн унасан.

Харин зэс нь эрчим хүчний шилжилтэд идэвхтэй оролцохыг хүсэж буй хөрөнгө оруулагчдын хувьд гол бүтээгдэхүүн болж байна гэж Citi-ийн түүхий эдийн судалгаа хариуцсан захирал Макс Лэйтон үзэж байна.

Макро эдийн засгийн нөхцөл байдал сул байгаагийн улмаас зэсийн үнэ 8300 ам.доллар хүртэл буурсан энэ үед Citigroup банк хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдэд цаг өрсөн худалдан авалтаа хурдан эхлүүлэхийг зөвлөж байна. Зэсийн үнэ богино хугацаанд буурч магадгүй ч 6-12 сарын дотор өсөж эхлэх бөгөөд 2025 онд ханш нь 15.000 ам.долларт хүрнэ гэж Citi үзэж байна.
Зэс 2022 оны эхээр бараг 11.000 ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байв. Учир нь цар тахлын үед эрэлт ихэсч, зэсийн нөөц багассан. Мөн Украины дайны нөлөөгөөр Оросын зэсийн нийлүүлэлт эрсдэлд орно гэсэн болгоомжлол байсан.

Зэс олборлогчид өнөөдрийн спот үнээр өндөр ашиг олж байна. Гэвч эрчим хүчний шилжилт хурдацтай явагдаж байгаа энэ үед нэмэлт зэсийг уг салбар нийлүүлж чадахгүй байх гэсэн анхааруулга өргөн тархсан. Үнэ өсөж эхлэхийн хэрээр өргөн хэрэглээний бараа, агааржуулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг уламжлалт салбаруудад зэс орлох материалуудыг өргөн нэвтрүүлж эхэлнэ гэж Citi банк таамаглаж байна. 

Цахилгаан машин болон эрчим хүчний үйлдвэрлэлд зэсийг илүү хэмнэлттэй, үр ашигтай хэрэглэх болно. Гэвч ойрын 5-10 жилийн хугацаанд эрэлт, нийлүүлэлтийн хооронд урьд өмнө байгаагүй зөрүү үүснэ гэсэн хүлээлт хэвээр байна.
Шинээр нэвтэрч буй хямд өртөгтэй хэт дамжуулагчууд цаашид зэстэй өрсөлдөж, зэсийн ноёрхолд аюул учруулна гэж Citigroup тайландаа дурджээ.

Энэ хугацаанд машин үйлдвэрлэгчид болон бусад хэрэглэгчид зах зээлийн хүчин чадлаас илүү их хэмжээний зэс нийлүүлэхийг шаардана гэж Citi үзэж байна. Үүний зэрэгцээ цахилгаан автомашин болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь илүү олон хөрөнгө оруулагчдыг татах болно.
Лхагва гарагт Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 8377 ам.доллар орчим хэлбэлзэж байсан. Жилийн турш зэсийн ханш бараг өөрчлөгдөөгүй. Хөнгөн цагаан 7.2%, цайр 20%, никель 30% буурчээ.

Эх сурвалж: Mining.com