Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТТЭЙ САР

The Mongolian Mining Journal /Apr.2023/

Д.Оюунчимэг

ЭДИЙН ЗАСАГ ӨСНӨ. ГЭХДЭЭ...

Манай улсын эдийн засгийн төлөвийг Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк тодорхойллоо. Тодруулбал, АХБ жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн тайлангийн энэ сарын дугаартаа БНХАУ-ын эдийн засаг дахин нээлттэй болж, ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэн, дотоодын үйлдвэрлэл сэргэснээр Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараах өсөлтийн мөчлөгт шилжиж байна” хэмээн тэмдэглэжээ. “КОВИД-19 цар тахал, БНХАУ-тай хиллэдэг худалдааны боомтууд дахь хязгаарлалтууд, Украин дахь ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа ширүүссэн зэрэг гадаад орчны сөрөг нөлөө, тээвэр ложистикийн саатлаас Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн гурван жилийн турш хүндрэлтэй олон асуудалтай тулгарсан. Гэвч экспортын сэргэлт, хямралын эсрэг хэрэгжүүлсэн бодлогын хариу арга хэмжээний нөлөөгөөр эдийн засаг эргээд сэргэх хандлага ажиглагдаж байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлсэн юм. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгохын тулд өсөлтийн түвшинг хадгалахын зэрэгцээ өндөр инфляцыг бууруулах зайлшгүй шаардлагатай” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.

Тэгэхээр Монгол Улсын ойрын хугацааны бодлогын зорилтууд нь экспортыг нэмэгдүүлэх, инфляцыг бууруулах, төсөв, мөнгө, зохистой бодлогоор макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэх учиртай гэсэн үг.

Харин Дэлхийн банк Монгол Улсын уул уурхайн салбарын олборлолт болон экспорт нэмэгдэж, үйлчилгээний салбар үргэлжлэн сэргэснээр энэ онд 5.2 хувиар өснө” хэмээн таамагласан. Тус банкны тайланд дурдсанаар, “Хилийн боомтуудын үйл ажиллагаа жигдэрч, Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн нь Монголын эдийн засаг өсөхөд эерэг нөлөө үзүүлнэ”.

Түүнчлэн “Төсвийн зарлага өндөр хэвээр байх боловч уул уурхайн салбараас орж ирэх орлого хангалттай өндөр байх тул төсвийн алдагдал энэ онд даамжрахгүй” гэж Дэлхийн банк үзсэн байна. Импорт тогтвортой өсөж, гадаад бондын эргэн төлөлтүүд хүлээгдэж байгаа тул төлбөрийн тэнцлийн дарамт өндөр хэвээр байна гэдгийг мөн тайландаа дурджээ.

Ийнхүү манай улсын эдийн засгийн өсөлтийг Азийн хөгжлийн банк 5.4 хувь, ОУВС 4.5 хувь өснө гэж таамагласан бол Монголбанк энэ оны эдийн засгийн өсөлтийг 4 хувьтай байна гэж төсөөлжээ.

Монгол Улсын нийгэм, эдийн засагт энэ оны эхний улиралд сэргэлт ажиглагдаж эхэлсэн талаар Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Тухайлбал, гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарч, 170 гаруй оронтой 5.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн байна.

Ашигтай байгаа нь сайн хэдий ч Монгол Улсын гадагшаа хийсэн худалдаа импортоос хэд дахин давжээ. Ашигтай гарахад түүхий эдийн экспорт, тэр дундаа нүүрсний экспорт жин дарсан байна. Бүр тодруулбал, Монгол Улс 2023 оны эхний улиралд 1.6 тэрбум ам.долларын нүүрс экспортолжээ.

Мөн оны эхний хоёр сард Монгол Улсын төлбөрийн тэнцэл 66.2 сая ам.долларын ашигтай гарсан аж. Энэ нь улсын төлбөрийн чадамж сайжирч, төгрөг чангарч, валютын ханш буурах сайн талтай гэж эдийн засагчид тайлбарлав.

САХИЛГА БАТЫГ ХАТУУ САНУУЛСАН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ

УИХ-ын 30 гаруй гишүүн Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, төсөвтэй холбоотой 14 хуулийн төслийг Их хуралд өргөн барьсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт сүүлийн 10 жилд хэрхэн хэрэгжсэн байдалд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс судалгаа хийжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 13 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд тус хуулийг 10 жил хэрэгжүүлсэн ч Монгол Улс төсвийн тогтвортой байдлын бодлогогүй мэт явж ирснийг тэрбээр онцлов. Учир нь энэ хугацаанд Засгийн газрын өр нэмэгдсээр 30 гаруй их наяд төгрөг болсныг судлаачид хэлж байна. Зээлийн өрийн үйлчилгээнд жилд 800 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөдөг байна. Энэ бол байж боломгүй төсвийн хамгийн муу зарцуулалт. Эдийн засагт ямар ч үр ашиггүй мөнгийг жил бүхэн төлж байна. Өөрөөр хэлбэл, монголчууд өрийн дарамтад орох эрсдэл хаяанд байна гэсэн үг. Хэрэв бид сүүлийн 10 жил төсвийн сахилга баттай байсан бол Засгийн газрын өр бага, 2017 оноос хойш хуримтлал үүсгээд явах боломжтой байсан. Тодруулбал, Засгийн газар нийт 7.6 орчим их наяд төгрөгийг хуримтлалын санд төвлөрүүлэх боломжтой байсан. Энэ бол бидний алдагдсан боломж. Мөн дээрх мөнгөн дүн дээр 2020, 2021 онуудад төсвөөс гадуур зарцуулсан 2.15 их наяд төгрөгийг хэмнэсэн бол 9.9 их наяд төгрөгийн “хадгаламжтай” байх байжээ.


“Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн шууд утгаараа 20, шууд бусаар 10, нийт 30 хувиар ДНБ-д хувь нэмэр оруулдаг. Өөрөөр хэлбэл, манай улс уул уурхай дагнасан эдийн засагтай болчихсон. Уул уурхайгаас орж ирсэн орлогыг удирдах оролдлогыг бид хийж байна. Энэ бол 2013 онд баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол Төв банкны хуультай дүйцэхүйц чухал хууль. Энэ хуулийг хэрэгжүүлээд 10 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд төсвийн сахилга бат маш муу байлаа” гэсэн юм.

Засгийн газар хуулийн хугацаанд төсвөө батлуулаад дундуур нь дахин өөрчилж, тодотгол хийдэг. алдагдал Төсөв тодотгохоор нэмэгдэнэ. Тэр дундаа сонгуулийн жилүүдэд төсвийн алдагдал өсөх нь хэвийн үзэгдэл мэт болсон.

“Төсвийн Үндсэн хууль гэж хэлж болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталж, үүнээс хойш 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 10 удаа батлах ёстой байсан төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөвт нийт 20-30 удаа өөрчлөлт оруулсан байна. Энэ нь төсвийн сахилга бат, хариуцлага гэдэг зүйл алдагдсан. Үүнээс шалтгаалаад төсвөө алдагдалтай, улстөржсөн төсөв баталдаг, төсвийн алдагдлыг өр тавьж санхүүжүүлж ирсэн. Цаашид энэ асуудалд цэг тавих, гарц шийдэл илэрхийлэх зайлшгүй шаардлагатай” хэмээв.

“Төсвийн Үндсэн хууль гэж хэлж болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталж, үүнээс хойш 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 10 удаа батлах ёстой байсан төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөвт нийт 20-30 удаа өөрчлөлт оруулсан байна. Энэ нь төсвийн сахилга бат, хариуцлага гэдэг зүйл алдагдсан. Үүнээс шалтгаалаад төсвөө алдагдалтай, улстөржсөн төсөв баталдаг, төсвийн алдагдлыг өр тавьж санхүүжүүлж ирсэн. Цаашид энэ асуудалд цэг тавих, гарц шийдэл илэрхийлэх зайлшгүй шаардлагатай” хэмээв.

ҮНИЙН ӨСӨЛТ БА ЦАЛИН

Нийгмийн амьдрал хэцүү байгаа нь бодит үнэн. Үнийн өсөлтөд дарлуулсан цалин амьдралын хэрэгцээг хангах боломжгүй болсон нь ч бас үнэн. УИХ-ын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлээс сонгогдсон гишүүдэд инфляцийн нөхцөл байдлыг судалж, хуулийн хэрэгжилтийг хянаж шалгахыг үүрэгдэв. Тэрбээр эмч, багш, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх зорилгоор Үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах үүргийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнд чиглэл болгон өгсөн юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даруй гурав дахин өссөн бараа бүтээгдэхүүний үнэ өрхийн орлого үнэгүйдсээр байна. Тэгвэл өрхийн орлогын 90 хувийг цалин бүрдүүлдэг. УИХ ын дарга үүрэг чиглэл өгсөн ч Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн тодотгол хийж цалин нэмэгдүүлнэ гэж ярих нь эрт байна” гэсэн юм.

Хэдийгээр цар тахалтай жилүүдэд төсвийн боломжоос шалтгаалан цалин, тэтгэвэр нэмэгдээгүй ч өнгөрсөн онд тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмсэн гэдгийг тэрбээр тодотгосон. Харин цалин нэмэхийн тулд бодлогын тохиргоо хийх нь хамгийн чухал гэдгийг ч сануулсан. Түүнчлэн ХНХЯ-ны төсвийн бодлогоор дамжих төрийн албаны нэгдсэн цалингийн бодлого алдагдсан хэмээн мөн анхааруулж байв. Тиймээс хуулийн зохицуулалт хийж, нэгдсэн байдлаар төрийн албан хаагчдын цалингийн бодлогыг ХНХЯ тогтвортой авч явах өөрчлөлтийг цаг алдалгүй хийх нь нэн чухал болсныг албаныхан хэлж байна. Нүүрс, зэсийн орлого харж суугаа энэ үед төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй байхыг олон улсын байгууллагууд удаа дараа анхааруулсаар байна. Харин сонгуулийн жилийн “тохиргоо” хийх санаархал эрх баригчдад цухалзаж байх шиг. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэгсэн. Түүнтэй адил төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх элдэв төлөвлөгөө боловсруулж суухын оронд байнгын, тогтвортой ажлын байр бий болгоход анхаарлаа төвлөрүүлэх нь нэн чухал алхам гэдгийг эдийн засагчид сануулж байгааг уламжилъя.