Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Н.ТЭГШБАЯР: Уран олборлолт монголчуудын хувьд “ИРЖ ЯВАА ЦАГ” гэж хэлж болно

Д.Оюунчимэг

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.

Өндөр технологийн үндсэн түүхий эд газрын ховор элементийн олборлолтод дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Гэтэл манай улс газрын ховор элементийн арвин баялагтай гэж ярихаас хэтрэхгүй байгаа харагдаж байна?

Газрын ховор элементүүдийн олдоц дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа чухал түүхий эд болж байна. Гэтэл одоо хэр нь манайд газрын ховор элементийн нөөц нь бүрэн тогтоогдоогүй, хайгуул судалгаа ч гүйцэд хийж чадахгүй байна. Ганц нэг нөөц нь тогтоогдсон ордоо олборлож чадахгүй, олборлосноо баяжуулж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр “Зөөвч-Овоо”-г улстөржүүлээд гацаачих вий гэх болгоомжлол байна. Энэ төсөл хэрэгжсэнээр бүх салбарын хүмүүсийн оролцоог хангах төсөл болно гэдгийг онцолмоор байна.

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тэр дундаа хөрөнгө оруулалт анхаарал татсан сэдэв болж байна. Магадгүй “Бадрах энержи” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ ойрын жилүүдэд хийгдэх томоохон гэрээ хэлцэл байж болох юм. Таны хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

Уран олборлолтын төсөл нь стратегийн хувьд алт, зэсээс илүү ач холбогдолтой. Тэгэхээр тогтоосон нөөцийг ашиглалтад оруулж олборлон экспортлоно гэдэг манай улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Ялангуяа Францын хөрөнгө оруулалт Монгол Улсад урт хугацаанд тогтвортой хэрэгжиж байна гэдэг маань Европын бусад улсуудаас хөрөнгө оруулалт татах таатай орчин болох юм. Тиймээс “Зөөвч-Овоо” төслийн олборлолт явуулах цаг хугацаа дэлхийн эрэлт хэрэгцээний оргил үетэй таарч байгаа нь монголчуудын хувьд “ирж яваа цаг” гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, дэлхийд 2030 он гэхэд 110 мянган тонн ураны хэрэгцээ үүснэ. Гэтэл дэлхийн хэмжээнд одоогоор 70 мянган тонн нийлүүлэх боломжтой. Тиймээс бид газрын баялгийнхаа үр ашгийг өндөр өгөөжөөр хүртэх боломжийг алдаж болохгүй.

Нөгөөтэйгүүр цацраг идэвхит ашигт малтмалыг олборлож, ураны нөөцтэй болвол цөмийн энергийн энхийн технологи болон бага оврын станц барих боломж бүрдэнэ гэж физикч хүний хувьд харж байна. Харин эдийн засагчид үнийн өсөлт, эрэлт нийлүүлэлт талаасаа харах учиртай. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орны нэг нь Франц улс. Тэгэхээр бид Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээрийн шугамаар хамгаална гэж заасан байгаа.

Монгол Улс хоёр хөршөөсөө эрчим хүчний хувьд хараат байна. Нийт эрчим хүчний 80 хувийг үйлдвэрлэж, 20 хувийг импортолж байна. Тэгвэл эрчим хүчний хамаарал эдийн засгийн хараат байдалд байна гэсэн үг. Эрчим хүчний хараат байгаа учраас нийслэлийнхээ утааг шийдэж чадахгүйд хүрсэн. Утаатай байна гэдэг бол эрүүл мэндийн асар том эрсдэлийг дагуулж, бэрхшээл учруулж байна. Эдгээр асуудлаа эрчим хүч импортлож байгаа үед шийдвэрлэж чадахгүй.

Эрчим хүчний эх үүсвэрээ өөрсдөө үйлдвэрлэж, хангах боломж уран олборлож эхэлснээр бий болно. Өөрөөр хэлбэл, одоо үйлдвэрлэж байгаа 80 хувь дээрээ 300 мВт-ын хүчин чадалтай атомын станц барихад л улсынхаа нийт хэрэгцээг бүрэн хангаж эхэлнэ гэсэн үг. Үүн дээр дахиад 200, 300мВт[1]ын атомын станц барьж чадвал жинхэнэ утгаараа эрчим хүчний хараат бус байдлаас гарч бүрэн тусгаар тогтнол бий болно. Тиймээс ”Зөөвч-Овоо”-г зөвхөн мөнгө гэж харах хэрэггүй. Энэ төсөл нь маш олон зүйлд эерэг дохио өгөх юм.

Бид цацраг идэвхит ашигт малтмалын төсөл хэрэгжүүлснээр газрын ховор элементийн салбарт тогтвортой ажиллах суурь болно. Дэлхий нийтээр газрын ховор элементээс хараат байгаа энэ цаг үед ганцхан уранаа ч олборлож чадахгүй байна шүү дээ.

“Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний Ажлын хэсэг байгуулагдаж, хэлэлцээрт орох хүлээлт нийгэмд үүссэн. Уул уурхайн салбарын төсөл гэж харж байгаа ч Боловсрол, шинжлэх ухааны яаманд харъяалагддаг юм байна?

Манайхаас бусад улс орны Цөмийн энергийн комисс тухайн улсын Ерөнхий сайдын харъяанд байдаг. Бид юу чухал вэ гэдгийг ялгаж сурна гэдэг хөгжлийн үндэс. Цацраг идэвхит ашигт малтмалын төслийг дагаад олон улсын стандарт бий болно. Тэр ч бүү хэл дэлхий нийтээр цацраг идэвхит ашигт малтмалыг олборлоход өндөр технологи, стандарт шаарддаг. Тэгэхээр үндэсний боловсон хүчнээ гадны оронд сургах зардлаар монголчууд эх орондоо ажиллаад дадлага туршлага, чадавхитай мэргэжилтэнтэй улс болох учиртай.

Нөгөөтэйгүүр “Зөөвч-Овоо” төслийн гол хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын төрийн бодлогыг хэрэгжүүлдэг “Мон-атом” компани. Тэгэхээр бид энэ төслийг ашиглаж эхэлснээр үндэсний аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой. Хүний нөөцийн хувьд үр өгөөжтэй төсөл гэдгийг л ойлгох хэрэгтэй. Мөн эрчим хүчний хараат байдлаас гарахад дэм болохуйц төсөл гэдгийг тодотгомоор байна.

Цөмийн энергийн салбарт тогтоогдсон нөөцөөрөө дэлхийн нөөцийн 2 хувийг эзэмшиж байна. Тэгвэл бид хайгуулаа идэвхижүүлснээр ирэх жил гэхэд дэлхийн ураны батлагдсан нөөцийн 5 хувийг эзэмших боломж байна.

Хүмүүс уран олборлоход гарч байгаа химийн бодисыг саармагжуулах нь байгаль орчин, хүн, амьтанд сөрөг нөлөө үзүүлнэ гэж болгоомжилдог. Гэхдээ олборлох арга нь нарийн хэмжилт, хяналтад байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг шүү дээ?

Хэрэв газар доор уран байгаа бол тухайн орчинд нь байгаа усыг хүнсний хэрэгцээнд хэрэглэж болохгүй гэдгийг хүмүүс мэддэг. Тиймээс тусгай хамгаалалтад авдаг. Цацраг идэвхит бодист хордоод хоёр толгойтой, гаж төл мал гарч байна гэдэг. Үнэхээр тийм төл гарч байгаа бол түүнээс урьтаад хүнд хор, уршигтай байна шүү дээ. Бүр тодруулбал, мал амьтнаас өмнө хүнд мэдрэгдэх учиртай гэдгийг л ойлгох ёстой.

Ер нь аль ч цаг үед улс оронд хэрэгтэй стратегийн ач холбогдол бүхий томоохон төслийг эсэргүүцдэг бүлэглэл байдаг. Түүнчлэн манай улсын өрсөлдөх чадварыг сулруулах сонирхолтой гадаад хүчин зүйл ч бий. Монголчууд жижиг 76 тойрогтой учраас дов жалгандаа “зодолддог” улстөрчдийн гар, хөл нь ард түмний хөдөлгөөн мэт харагддаг.

Үнэн хэрэгтээ хүн, малд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг шинжлэх ухаанаар нотлох ёстой. Ялангуяа, хэн дуртай нь оношлохгүй л дээ. Учир нь шинжлэх ухааны үндэслэлтэй оношлоно гэдэг бол малын эмчид хандаж, тэмдэглэл хөтлөн стандарт хангасан лабораторид шинжилж тогтоох ёстой. Хэрэв ийм процесс яваагүй бол бүгд худал мэдээлэл. Өнөөдөр цахим орчинд хүн бүр шинжээч, судлаач болчихсон байх юм. Бодит байдалд хэрхэн хандаж байгаа, тэр ч бүү хэл малынхаа талаар ч ойлголтгүй хүмүүс цээжээ дэлдээд яриад байх нь олон нийтийн анхаарлыг татах гэж оролдсон ядмаг арга.

Нөгөөтэйгүүр, “улаан малгайтай бол миний эхнэр” гэдэг шиг томоохон төсөл эхлэх гэхээр ямар нэг шалтаг, шалтгаан олж гаргаад хийрхэж байгаа нь харамсалтай. Энэ мэт хэн хожих нь тодорхой, ард түмэн хохирох нь ойлгомжтой зүйлийг дэвэргээд байх хэр зохистой вэ гэдгийг ч бодох учиртай. Яагаад гэвэл, монголчуудын эдийн засгийн 90 хувийг уул уурхайн салбарын орлого “үүрч” явна. Хамгийн гол нь стандартын дагуу хуулиа хэрхэн мөрдөн ажиллаж байгаад орон нутгийн иргэд болоод бусдын төлөө гэлцдэг иргэний нийгмийн байгууллагынхан хяналт тавих хэрэгтэй юм.

“Зөөвч-Овоо” орд ашиглалтад орсноор манай улсад эдийн засгийн болоод аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлэх вэ?

“Зөөвч-Овоо” бол хагас зуун жилд Ази номхон далайн бүсэд олдсон хамгийн том ордын нэг. Түүгээр ч тогтохгүй дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх орд. Нөөц болоод эдийн засгийн ач холбогдлоороо чухал байр суурь эзэлнэ. Өнөөдөр дэлхийд жилдээ 60-аад мянган тонныг ашиглаж байна. Цаашид дэлхий даяар хэрэглээ нэмэгдэх хэдий ч нийлүүлэлт нь гүйцэж чадахгүйд хүрнэ. Эрэлт өсөх хэрээр үнэ өсдөг нь бизнесийн зарчим. Тэгэхээр ураны одоогийн өртөг хоёр дахин нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Уран олборлосноор аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж шууд утгаар нь ойлгож болохгүй. Хэдийгээр цацрагийн хувьд эрсдэлтэй, хүнсний хэрэглээнд хоруу чанартай ч олон улсын болоод үндэсний стандартуудаа дагаж мөрдөх хэрэгтэй.

Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, Цөмийн энергийн тухай хууль, Цацрагийн аюулгүйн нормын үнэлгээг баримтлаад олборлоход бүрэн боломжтой.

Уул уурхайн төсөл хэрэгжүүлэх амар ажил биш. Урт хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардах атлаа ямар ч үр дүн гарахгүй үлдэх тохиолдол ч бий гэдгийг салбарын мэргэжилтнүүд, геологи хайгуулчид хэлдэг юм билээ?

Тийм шүү. Нэг уурхай нээхийн тулд хайгуул хийх гэж багадаа 10 жил зарцуулна. Хэрэв нөөц тогтоогдвол олборлохын тулд дахиад 10 жил. Үйлдвэрлэлийн ашиг хүртэтлээ дахин 10 жил. Үндсэндээ 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөр зарцуулсаны эцэст тухайн компани ашигтайгаа золгож байгаа юм. Харин улсын хувьд нөхцөл байдал өөр. Хайгуул хийж эхэлсэн өдрөөс эхлээд компани ашиг хүртэх 30 жилийн хугацаанд жил алгасахгүй даатгал, татвар, хураамжаар төсөвт төвлөрүүлэх мөнгөний урсгал нь тасрахгүй л дээ. Тэгэхээр аливаа нэг томоохон төслийг зогсоож байгаа хүн бол шууд болон шууд бусаар улсын төсөвт төвлөрөх орлогыг тасалдуулж байгаа гэдгийг ухаарах ёстой. Тиймээс үндэсний хэмжээний томоохон төслийг эсэргүүцэж байгаа этгээдүүдийн цаана ямар ашиг сонирхол байгааг шалган тогтоож, хариуцлага тооцох хэрэгтэй.

Гадны хөрөнгө оруулалт энэ жилээс “тэглэх” зам руугаа явж байгааг зарим судлаач, эдийн засагчид сануулж байна. Бид хөрөнгө оруулалтыг татах тухай ярихаас илүү хэрхэн хөгжүүлж, зөв жишиг тогтоох вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй юм шиг?

Гадаадын хөрөнгө оруулалт зогсвол “хөмөрсөн тогоо”-нд орж байгаатай адил. Бид ямар ч хөрөнгө оруулалтгүй болчихвол цаашид хэрхэх вэ гэдгийг цар тахалтай хоёр жилд ойлгосон байх. Мэдээж мөнхийн хоёр хөрш байна. Гэхдээ гуравдагч хөршийн бодлогыг анхаарч ажиллах ёстой. Тиймээс “Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ хийх ажлын хэсэгт улстөрчдийг оруулж болохгүй. Мэдээж бизнес учраас хоёр тал харилцан ашигтай байх ёстой. Мөн урьд өмнө гаргаж байсан алдаануудыг дахин давтахгүй байх учиртай. Үндсэндээ уул уурхайн төсөл хэрэгжүүлэх ямар ч гэрээ тооцоо судалгаа, шударга ёсонд суурилсан байх нь зүйтэй. Үүний тулд Засгийн газар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх компанид хандаж, гэрээ байгуулахад туслалцаа авах хэрэгтэй. Харин сонгуулийн мөчлөг тааруулж дан ганц улстөрчийн имижээр асуудлыг шийдвэрлэж болохгүй гэдгийг дахин хэлмээр байна.