Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Вьетнам улс газрын ховор элементийн олборлолтоо арав дахин нэмэгдүүллээ

Ч.Сансар

Олон улсын томоохон компаниуд үйлдвэрлэлд нэн хэрэгцээтэй ховор металлуудын хувьд Хятадаас хараат байдлаа багасгахыг эрмэлзэж байгаа энэ цаг үед Вьетнамын олборлосон газрын ховор элэментийн хэмжээ өнгөрсөн онд арав дахин өссөнийг АНУ-ын тоо баримтаас харж болно.

Өмнө нь Вьетнамд ховор элементийн салбарыг байгуулах оролдлого гарч байсан ч үнийн уналт, хууль эрхзүйн зохицуулалт дутмаг байснаас  амжилтад хүрч байгаагүй. Харин цахилгаан автомашины борлуулалт нэмэгдэж, компаниуд нийлүүлэлтээ төрөлжүүлэх гэсэн хүчин чармайлт нь Вьетнамыг энэхүү эрдсийг  дахин сонирхоход хүргэж байна.

Australian Strategic Materials Ltd (ASM) компани энэ жил Vietnam Rare Earth Co компаниас 100 тонн газрын ховор элэментийн оксид худалдаж авах тохиролцоонд хүрсэн бөгөөд урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ байгуулах сонирхолтой байгаагаа даваа гарагт мэдэгдэв.

АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлснээр Вьетнамын газрын ховор элементийн олборлолт 400 тонноос (2021 онд) арав гаруй дахин нэмэгдэж, 4300 тонн хүрсэн (2022 он). Энэ нь өнгөрсөн оны дэлхийн хэмжээний  олборлогчидтой харьцуулахад бага дүн юм. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Хятад 2022 онд 210 мянган тонн, АНУ 43 мянган тонн, Австрали 18 мянган тонн олборлосон байна.

Гэхдээ Вьетнам судлагдсан нөөцөөрөө (22 сая тонн) Хятадын дараа ордог гэж USGS мэдээлэв. Өнгөрсөн жилийн олборлолтын өсөлтийн үр дүнд  Вьетнам 10 дугаар байраас дэлхийн зургаа дахь том үйлдвэрлэгч болж чадсан юм.
Мөн өнгөрсөн онд үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн Зүүн Өмнөд Азийн цорын ганц улс болсон.  Вьетнам дахь олборлолт нэмэгдсэнээр  дэлхийн автомашин, цахилгаан машины хамгийн том зах зээл, ухаалаг гар утас  үйлдвэрлэгч,  электрон барааны дэлхийн томоохон ханган нийлүүлэгч Хятад улс ихээхэн ашиг хүртээд байна.

Вьетнам улс мөн газрын ховор элементийг боловсруулах, дахин экспортлох зорилгоор импортолдог. “Вьетнамын газрын ховор элемент боловсруулах дэд бүтэц нь ихээхэн хөгжиж байна. Вьетнам зөвхөн дотоодоос нийлүүлдэг ховор элементийг боловсруулдаггүй" гэж Данийн Эрдэс баялаг, материалын төвийн судлаач Пер Калвиг мэдэгдэв. “Вьетнам 2021 онд газрын ховор элементийн нэгдлүүдийг (compounds) хамгийн их импортолсон орнуудын нэг  болсон” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Эх сурвалж: mining.com