Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Э.Лхагвасүрэн: Он гарсаар эрдэс бүтээгдэхүүний экспорт 2.2 тэрбум ам.доллар буюу 95.1 хувиар өслөө

А.Халиун

Гаалийн ерөнхий газраас өнөөдөр 2023 оны эхний дөрвөн сарын экспорт, импортын мэдээллийг хийлээ.

ГЕГ-ын Статистик дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн, Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллараар өссөн. Энэ нь экспорт 2.3 тэрбум ам.доллараар, импорт 0.3 тэрбум ам.доллараар өсөхөд нөлөөлжээ. Экспортын дүн импортоос 2.3 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.  

Он гарсаар Монгол Улс дэлхийн 125 улстай гадаад худалдаа хийснээс 54 улс руу бараа бүтээгдэхүүнээс экспортолсон. 121 улсын бараа бүтээгдэхүүнийг импортолсон байна.

Монгол Улс 5.4 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллар буюу 81.6 хувиар өссөн байна. Үүнд эрдэс бүтээгдэхүүний экспорт 2.2 тэрбум ам.доллараар буюу 95.1 хувиар өссөн нь нийт экспорт өсөхөд нөлөөлсөн  байна.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 88.7 хувийг дангаараа эзэлж байна. Үүн дотор чулуун нүүрс нь эрдэс бүтээгдэхүүний 67.9 хувийг, нийт экспортын 60.4 хувийг дангаараа эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8.4 функтээр өссөн үзүүлэлт юм.

2023 оны эхний 4 сард 19 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар буюу 5 дахин өссөн. Тухайлбал, Гашуунсухайт боомтоор 10.4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 8.3 сая тонноор өссөн үзүүлэлт юм.

Шивээхүрэнгийн боомтоор 4.8 сая тонн, Ханги боомтоор 1.6, Ховдын Булган боомтоор 809 мянган тонн чулуун нүүрс экспортолжээ.

Эрдэс бүтээгдэхүүний хоёр дахь гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал 483.3 мянган тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.1 мянган тонн буюу 3 хувиар өссөн байна.