Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Teck Resources Ltd компанийг худалдан авах саналыг маш нарийн хянана гэж  Канадын Ерөнхий сайд хэллээ

Ч.Сансар

Teck Resources Ltd. бол Канадын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг  томоохон компани  бөгөөд  уул уурхайн тус компанийг худалдаж авах аливаа санал нь Засгийн газрын зөвшөөрлийг авахын тулд эхлээд "хатуу хяналт шалгалтыг давах ёстой” гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хэлэв.

“Тус компанийн Glencore Plc-тэй хийж буй ширүүн тэмцэл нь мэдээж бидний анхааралд байгаа. Учир нь эдгээр  томоохон компаниудыг  Канадад үйл ажиллагаагаа тогтмол явуулахыг хүсэж байна” гэж Трюдо баасан гарагт Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэв.

Хэрвээ Канадын Засгийн газарт компани худалдаж авах хэлэлцээрийг батлан даах хүсэлт тавих юм бол Канадын хууль, дүрэм журмын дагуу ажиллана гэж гэж тэрбээр амлав.

Teck Resources компани Glencore Plc-ийн дайралтыг зогсоохыг хичээж байгаа ч металл болон нүүрсний салбаруудаа тусгаарлах төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчид нь дэмжээгүй юм.

"Манайд үйл ажиллагаа явуулдаг аливаа дотоодын эсвэл гадаадын компани байгаль орчинд хэрхэн хандаж байгаа нь миний хувьд хамгийн чухал зүйл юм" гэж Трюдо хэлэв. “Бид байгаль орчны асуудлаар төдийгүй нутгийн уугуул иргэдтэй хамтран ажиллахыг шаарддаг.

Канадын хамгийн том төрөлжсөн үндсэн металлын үйлдвэрлэгч болох Teck-ийг Glencore компани худалдан авахад  улс төрийн нөлөө их байна.

Энэ долоо хоногт Ванкуверын худалдааны зөвлөлд илгээсэн захидалдаа Канадын Шадар сайд Кристиа Фриланд цэвэр эрчим хүч рүү шилжих стратегийн хүрээнд Теск шиг компаниуд Канадад ажиллах нь чухал гэж мэдэгджээ.

"Чухал ашигт малтмалын олборлолт нь бидний ирээдүй бөгөөд зөвхөн байгаль орчин, нийгэм, компанийн засаглалыг сайжруулж, уугуул иргэдтэй хамтран ажилладаг компаниуд л амжилтад хүрнэ" гэж Фриланд бичжээ. 

15 гаруй жилийн өмнө никель олборлогч Inco Ltd., хөнгөн цагаан үйлдвэрлэгч Alcan Inc зэрэг уул уурхайн салбарын томоохон тоглогчдыг бусад олон улсын томоохон компаниуд хяналтандаа оруулсны улмаас Канадын  уул уурхайн компаниудыг худалдан авах нь эмзэг асуудал болсон.

2010 онд BHP групп Саскачеван мужийн  Potash Corp компанийг худалдан авах санал тавихад тухайн үеийн Ерөнхий сайд Стивен Харперын Засгийн газар энэхүү хэлцэл тус улсад ашиггүй гэсэн үндэслэлээр зөвшөөрөл өгөөгүй юм.

Эх сурвалж:  Mining.com