Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

МАРК МЕЛЕАРД: Ураны ордыг ашигласнаар эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

MongolianMiningJournal /March 2023. № 003 (172)./

“Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардтай Монгол Улсад хэрэгжиж буй Зөөвч-Овоо төслийн талаар Д.Оюунчимэг ярилцлаа.

“Бадрах Энержи” компани Дорноговь айм гийн Улаанбадрах суманд ураны олборлолт, боловсруулалтын үйлдвэрлэлийн туршилтаа явуулж дууслаа. Уран нь цацраг идэвхит бодис учраас хүн, амьтангүй хордож байна хэмээн танай компанитай холбоотой асуудал үүсдэг. Тэгэхээр төслийн талаар тодорхой мэдээлэл Та өгнө үү?

  Манай компани цаашид байгалийн уран олборлоно. Байгаль дээрх уранаас ялгардаг байгалийн цацраг идэвхийг эрчим хүч гаргахад ашигладаг цөмийн түлшний задралаас гардаг цацраг идэвхитэй харьцуулашгүй. Тэгэхээр байгалийн уран болоод баяжуулсан ураны задралаас гарч байгаа цацраг идэвхийн ялгаатай байдлыг ашиглан хүмүүсийг төөрөгдүүлсэн мэдээллийг санаатай, санамсаргүй байдлаар тарааж байна гэж хардаг. Зүй нь байгалийн уранаас гарч байгаа цацрагийг бичгийн цагаан цаасаар зогсоох боломжтой л доо. Тухайлбал, манай компанийн хээрийн анги дээр байрлаж ажилладаг ажилтнууд цацраг идэвхид илүү өртдөг гэж ойлгодог байх.

  Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацрагтай ажиллагсадын авч байгаа мэргэжлийн шарлагын тунг хэмжих зорилгоор тогтмол хяналтад хамруулдаг. Компанийн цацрагтай ажиллагсадын нэг жилийн хугацаанд авч байгаа цацрагийн дундаж хэмжээ Улаанбаатараас Парис хүртэл 6-7 удаа ирж, очих явцад хүн байгалиасаа авдаг цацрагийн хэмжээтэй ижил байна. Энэ нь маш бага хэмжээний цацраг авдаг гэсэн үг. Тэгвэл манай талбай дээр ажиллаж байгаа хүмүүс энэ хэмжээний л цацрагт өртдөг гэсэн үг л дээ. Тэгэхээр цацраг идэвхит бодисын талаарх ойлголт дутуу байгаагаас уран олборлох нь хүн, байгалийг аюултай байдалд хүргэж байна гэх мэдээллийн урсгалд автаж байна гэж болно. Тиймээс бид бодит мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллахыг зорьдог.

  Хуучнаар АРЕВА одоо бол Орано групп Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлээд 26 жил болж байна. Энэ хугацаанд 2010 болон 2021 онд хоёр удаа үйлдвэрлэлийн туршилт хийсэн. Бидний ажиллах хугацаанд манай компанид хайгуул мөн үйлдвэрлэлийн туршилттай холбоотой осол, аваар огт гарч байгаагүй. Тэр дундаа өнөөдрийн байдлаар ажлын зогсолттой осол гаргалгүй ажиллаад 1000 дахь өдөр болж байна. Эндээс манай хамт олны мэргэжлийн өндөр ур чадвар мөн газар доор уусган олборлох технологийн найдвартай байдлын баталгаа харагдах болов уу.

Хөрөнгө оруулалтын гэрээ ямар түвшинд явж байна вэ?

  Манай компани хөрөнгө оруулалтын гэрээний төслөө өнгөрсөн сарын 17-нд хуулийн дагуу хүргүүлсэн. Харин дараагийн шат бол Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын гэрээний талаар яриа хэлэлцээ хийх ажлын хэсгийг томилно.

  Бидний хэрэгжүүлж байгаа төсөл Монгол Улсад стратегийн ач холбогдолтой гэдгийг дурдмаар байна. Тодруулбал, компанийн зүгээс хийхээр эрмэлзэж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгой төслөөс хойш буюу сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа хийгдэх гэж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ юм. Нөгөөтэйгүүр, энэ төсөл хоёр улсын Засгийн газрын түншлэлийн хүрээнд хийж байна. Монгол болоод Францын талаас төрийн өмчит компаниуд хамтран хэрэгжүүлж байгаа учраас ингэж хэлж байгаа юм. Мөн Зөөвч-Овоо төсөл 50 гаруй жил үргэлжлэх урт хугацааны түншлэлийн илэрхийлэл бөгөөд Европын холбооноос хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл юм.

Стратегийн ач холбогдол бүхий төсөл гэдгийг та бүхэн онцолж байна. Тэгвэл цаашид нийгэмд байгаа салбарын талаарх ойлголтыг зөв болгох зайлшгүй шаардлага тулгарчээ. Өөрөөр хэлбэл, олон нийтэд уран болоод цацраг идэвхит бодисын талаарх үнэн, бодит ойлголтыг өгөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

  Манай төслийн хувьд ураны олборлолтын чиглэлээр хийж байгаа төслүүдийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэнэ. Түүнчлэн Зөөвч-Овоо төсөл Монголд газар доор уусган олборлох технологийг ашиглаж байгаа анхны төсөл хэдий ч энэ технологи дэлхийд 1950-аад оноос эхлэн хэрэглэсэн. Тэр дундаа Орано групп энэ технологийг ашиглаж ирсэн олон жилийн туршлагатай. Өнөөдөр дэлхий дахинд ураны олборлолтод ашигладаг үндсэн технологи нь газрын доор уусган олборлох арга юм. Тухайлбал, Казахстан улс энэ аргаар уран олборлож дэлхийн ураны нийлүүлэлтийн 40%-ийг дангаараа эзэлдэг. Нөгөөтэйгүүр удаан хугацаанд хэрэглэж, ашиглаж ирсэн туршлагадаа тулгуурлаж энэ төслийг хэрэгжүүлэхээр эрмэлзэж байна. Зөөвч-Овоо төсөлд ашиглаж байгаа технологи, олон улсын стандартыг Монгол Улсад нутагшуулна.

  Хамгийн гол нь газар доор уусган олборлож байгаа учраас энгийн хүн газар доор юу болж байгааг харах боломжгүй. Тиймээс уран, цацраг идэвхит бодис, гидрогеологийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, танин мэдэхүйн мэдээллийг олон нийтэд хүргэх шаардлага бий.

  Энэ жил манай компанийн үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлэх судалгааны ажлууд хийгдэнэ. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн бие даасан шинжээчдийн багаас үйлдвэрлэлийн туршилт эхлэхийн өмнө манай компанийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Одоо үйлдвэрлэлийн туршилт дууссаны дараа яг ижил үнэлгээний ажлыг дахин хийх гэж байна. Эндээс манай туршилтын олборлолт, боловсруулалт хийгдэх хугацаанд байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд нөлөө үзүүлсэн эсэх талаар дүгнэнэ. Энэ төрлийн судалгааг сүүлийн жилүүдэд гурван удаа хийсэн. Дүгнэлтээр тухайн орон нутгийн малын эрүүл мэнд бусад аймгуудтай харьцуулахад өвчлөл, зүй бус хорогдлоороо улсын дунджаас доогуур түвшинд байсан нь судалгааны дүгнэлтээр нотлогддог. Тиймээс салбар салбарын эрдэмтдийн уран олборлолт, боловсруулалтын нөлөө байгаа эсэх талаар бодит дүгнэлт гарна гэсэн хүлээлттэй байна.

Зөөвч-Овоо орд жилийн 2500 тонн байгалийн уран олборлох, боловсруулах хүчин чадалтай уурхай, үйлдвэр байгуулна гэж ойлгож байна. Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед эдийн засаг, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг хэрхэн харж байна вэ. Тэр дундаа орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийн талаар?

  Хамтарсан төслөөс Монгол Улсад ирэх эерэг нөлөөг олон талаас нь харж болно. Тодруулбал, энэ төсөл бүрэн хүчин чадлаараа хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх талаар хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой тусгасан. Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээ баталгаажих тэр үед илүү тодорхой мэдээлэл өгөх боломжтой болно. Гэхдээ уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах нийт хугацаанд Монгол Улсад үлдэх эдийн засгийн үр ашиг нь нэг тэрбум ам.доллар байна гэж тооцоолсон.

  Нөгөөтэйгүүр, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд жилдээ нэг сая ам.доллар зарцуулна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх ажил хийгдэж байна. Хуульд АМНАТ-ын төлбөрийн тодорхой хэсэг орон нутгийн хөгжилд зарцуулах зохицуулалт орж байгаа гэж ойлгосон. Хуулийн нэмэлт өөрчлөлтөд АМНАТ-ын талаар хэрхэн тусгаснаас хамаарна.

  Компанийн зүгээс төслийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний ажиллах хүч шаардагдах вэ гэдгийг ТЭЗҮ-ийн нэмэлт тодотголд тусгасан. “Бадрах Энержи” компани 800 шууд ажлын байр, туслан гүйцэтгэх, гэрээлэгч аж ахуйн нэгжээр дамжуулан мөн 800 шууд бус ажлын байр бий болгохоор төлөвлөж байна. Тэгвэл ойролцоогоор 1600 орчим ажлын байрыг төсөл хэрэгжих хугацаанд тогтвортой байлгах боломжтой гэж ойлгож болно.

Уул уурхайн компаниуд олборлолт, үйлдвэрлэл явуулахтай зэрэгцэн байгалийн нөхөн сэргээлтийг хамтад нь хийх ёстой. Энэ тал дээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ? Мөн танай компани “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд таван сая мод тарина гэж байсан?

  Манай компани “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт нэгдэн үндсэн үйлдвэрлэлийн хугацаанд таван сая мод тарих амлалт авсан. Одоогоор 17 мянган мод тарьсан байна. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа энэ ажлыг чин сэтгэлээсээ хийж байгааг мод тариалж буй талбайгаас харж болно. Мод тарихдаа нутгийн ургамлыг үрслүүлж тарьж, арчилж байна. Ингэснээр тухайн модны байгальд дасан зохицож ургах чадвар илүү байдаг тухай мэргэжилтнүүд зөвлөсөн.

  Газар доор уусган олборлох арга ашиглахад хүдрээ ухаж гаргадаггүй, хаягдал чулуулаг үүсгэдэггүй тул бусад уламжлалт уурхайтай харьцуулахад нөхөн сэргээлтийг хийхэд илүү хялбар байдаг. Уурхайн амьдралын мөчлөг дэх чухал үе болох нөхөн сэргээлтийн үе шат эхлэхэд барилга байгууламж, цооногоо буулгаж, байгалийн аясаар нөхөн сэргэх явцыг компанийн мэргэжилтнүүд хянах бөгөөд уст үеийн үзүүлэлтийг олборлолтын өмнөх үетэй ойр үзүүлэлтэд хүргэнэ.

Уурхай дагасан хот байх ёстой гэдэг ойл[1]голт нийгэмд бий. Тэгэхээр Зөөвч-Овоо төсөл уурхай дагасан суурин байгуулах уу?

  Манай компанийн хээрийн анги мөн орд маань Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 50 км[1]ын зайд оршдог. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар уурхайд 14 хоногийн хугацаатай ээлжээр ажиллах ёстой. Хэрэв бид суурин хөгжүүлэх шаардлагатай гэж үзвэл хамгийн ойр байгаа сум нь Улаанбадрах. Тэгэхээр тухайн суманд суурьшин амьдарч байгаа хүн ажилдаа явахын тулд ирж очихдоо өдөрт 100 км замыг туулна. Энэ бол ажилчдад таатай нөхцөл биш. Тэгээд ч аж үйлдвэрийн үйл ажиллагааны зохион байгуулалттай нийцэхгүй л дээ.

  Нөгөөтэйгүүр, нэгэнт орон нутагт үйл ажиллагаа явж байгаа учраас сум, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь зүйн хэрэг, олон жилийн өмнөөс сум орон нутгийн хөгжлийг дэмжсээр ирлээ. Энэ амлалт үүргээ ч бид ТЭЗҮ-дээ тусгасан. Уурхайн талбай дээр байнга байх шаардлагагүй, жишээ нь зарим ажлын байр, ажил үйлчилгээг сумын төв рүү нүүлгэн байршуулж эдийн засгийн хөгжлийг дэмжих боломжийг эрэлхийлсэн судалгаанууд хийж байна. Өөрөөр хэлбэл, суурин газрыг уурхайн бүсэд ойрхон хөгжүүлэх шаардлагагүй. Харин ойролцоох сумыг хөгжүүлэх нь зүйтэй гэж харж байна. Үүний зэрэгцээ компанийн зарим гэрээлэгч байгууллагууд уурхайн талбайд биш харин Улаанбадрах сумын төвд төвлөрөх боломжтой. Энэ нь аж үйлдвэрийн үйл ажиллагааны зохион байгуулалттай уялдуулан сум орон нутгийг хөгжүүлэх нэг боломж юм.

Шар нунтаг цөмийн эрчим хүчний түлш болдог тухай мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл танай үйлдвэрлэл бүрэн хэмжээгээр ашиглалтад орсноор Монгол Улс цөмийн станцтай болох боломж бий юу?

  Дэлхий дээр 30 гаруй улс цөмийн эрчим хүчийг ашиглаж байна. Монгол Улс цөмийн эрчим хүчний станцтай болох эсэх шийдвэрийг Монгол Улсын төр, засаг гаргана. Харин Франц улс 70 гаруй жил цөмийн эрчим хүчийг хөгжүүлж ирсэн туршлагатай тул Монгол Улс цөмийн эрчим хүчний станцтай болно гэдэг шийдвэр гаргавал тухайн төслийг техник технологи, туршлагаараа дэмжихэд бэлэн. Нөгөөтэйгүүр, цөмийн салбарт хөгжүүлэлт судалгаанууд хийгдэн хөгжсөөр байгаа бөгөөд Монгол Улсад ашиглахад тохиромжтой сүүлийн үеийн реакторуудын судалгаа шинжилгээ хийгдэж байна. Тухайлбал, жижиг оврын буюу нэг Small Modular Reactor Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүч, дулааны хэрэгцээг 100 хувь хангах боломжтой. Хэдийгээр дулааны улирал ирж байгаа ч нийслэлчүүдэд хамгийн ихээр тулгамддаг асуудал нь агаарын бохирдол. Хэрэв цөмийн эрчим хүчний станцтай болчихвол агаарын бохирдлыг бүрэн шийдвэрлээд зогсохгүй нийслэлд амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа асуудлууд ч шийдвэрлэгдэх болно.

  Цөмийн эрчим хүчийг тасралтгүй үйлд[1]вэрлэх боломжтой. Тиймээс хамгийн найд[1]вартай эрчим хүчний эх үүсвэр гэж тооцдог. Сэргээгдэх болон цөмийн эрчим хүчийг хамтад нь хөгжүүлж байгаа туршлага олон улсад бий. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл хангалтгүй үед цөмийн эрчим хүчийг ашигласаар байна. Эрчим хүчний энэ хоёр эх үүсвэр дэлхийн дулаарал, нүүрстөрөгчийн ялгарлын эсрэг тэмцэж байна.

  Манай хамтарсан компанийн орд ашиглалтад шилжих нь Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх сайхан боломж болно. Хэдийгээр Монгол Улсад дулааны станцууд байгаа ч тэдгээрийн насжилтыг зайлшгүй анхаарах шаардлагатай. Мөн цахилгаан, эрчим хүчний хэрэгцээнийхээ 20%-ийг импортоор авч байна. Мэдээж ураны ордуудыг нээн илрүүлж, ашиглалтад оруулснаар эрчим хүчний бие даасан байдлыг бий болгоход нэг алхам урагшилж байна гэсэн үг.