Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Пакистантай  холбогдох төмөр зам барууны орнуудын хараат байдлыг бууруулна


Ч.Сансар

Пакистаныг Хятадын баруун хэсэгтэй холбосон 58 тэрбум ам. долларын өртөгтэй төмөр замыг Хятад улс "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд барих санал дэвшүүлсэн гэж пүрэв гарагт мэдээлжээ. Энэ нь барууны орнуудын  худалдааны хараат байдлыг багасгахыг зорьсон "Бүс ба Зам" санаачилгын хамгийн өндөр өртөгтэй бүтээн байгуулалт юм.

Уг бүтээн байгуулалтын төлөвлөгөөг Хятадын төрийн өмчит China Railway First Survey and Design Institute Group Co Ltd-ийн шинжээчдийн зүгээс хөрөнгө оруулалт нь өндөр үнэтэй хэдий ч цаашид үр өгөөжөө өгнө гэж дүгнэсэн гэж South China Morning Post сэтгүүл мэдээлэв.

1860 миль төмөр замын систем нь Пакистаны Гвадар боомтыг Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Кашгар хоттой холбох бөгөөд худалдаа төдийгүй геополитикийг өөрчлөх боломжтой гэж уг төслийг хянан шалгах зөвлөл мэдэгдэв.

"Засгийн газар болон санхүүгийн байгууллагууд хүчтэй дэмжлэг үзүүлж, дотоодын холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, гаднаас  хөрөнгө оруулалтыг дэмжиж, энэ төслийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж, баталгаа гаргах чиглэлээр ажиллах хэрэгтэй" гэж энэ сарын эхээр Хятадын "Төмөр замын тээвэр ба эдийн засаг" сэтгүүлд нийтлэгдсэн тайланд Хятадын шинжээчдийн баг мэдэгдэв.

Хятадыг Пакистантай холбосон төмөр зам нь Хятадын хамгийн том тээврийн төсөл юм. Харин China Railway First Survey and Design Institute Group Co Ltd компанийн хувьд  бол    олон улсын төмөр замын том төсөл биш. Өмнө нь тус компани Азийн анхны өндөр хурдны төмөр замын систем буюу Индонезийн Жакарта-Бандунг хурдны галт тэрэгний шугам дээр ажиллаж байсан.
Одоо барих гэж байгаа энэхүү төмөр замын сүлжээ нь дэлхийн тэргүүн үйлдвэрлэгч улсыг Арабын тэнгистэй холбож, илүү олон худалдааны зам нээгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Түүнчлэн Хятадыг Турк, Ирантай холбосон нэмэлт төмөр зам барих болон бусад бүс нутаг руу нэвтрэх боломжуудыг нээж өгнө гэж South China Morning Post мэдээлэв.

Худалдааны замууд нь Хятадыг дэлхийн их гүрэн болгох, худалдааны салбарт дэлхийд ноёрхлоо тогтоохыг зорьсон "Бүс ба зам" санаачилгын зөвхөн нэг хэсэг юм.

Хятадын энэхүү санаачилга нь эдийн засгийн зорилгодоо хүрэх, барууны орнуудын олон жил давамгайлж байсан худалдааны замуудтай өрсөлдөх,  хүчийг сулруулж, "олон туйлт ертөнц" байгуулахад дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.