Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Б.Ганзориг: Уул уурхайн компаниудын бүтээгдэхүүн экспортлохтой холбоотой бүх гэрээг цахимаар хийж байна

А.Халиун

Гаалийн ерөнхий газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шинэчлэл, ил тод нээлттэй бодлогын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулж www.gaali.mn системийг нэвтрүүлж, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа тодорхойлолт, гадаад худалдааны статистик мэдээлэл, барааны ангилал, тарифын мэдээлэл болон тусгай зөвшөөрөл зэрэг 30 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлжээ.

Мөн “Гэрээ бүртгэлийн нэгдсэн систем”-ийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэвтрүүлснээр  гааль, татварын давхардсан цаасан хяналтыг халж, бүрэн цахимжсан байна.

Гаалийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга Б.Ганзоригоос гаалийн байгууллагын цахимжилт уул уурхайн салбарын үйлдвэрлэгч, экспортлогчдын үйл ажиллагаанд хэрхэн биеллээ олсон талаар тодрууллаа.

Тэрбээр, Нүүрс, зэсийн баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход маш олон төрлийн гэрээ байгуулах шаардлага гардаг бөгөөд энэ нь багагүй шүүмжлэл дагуулдаг. Энэ гэрээг Гааль, Татварын байгууллагынхан хамтарч нэгдсэн нэг бүртгэлд оруулсан.

Засгийн газрын 362-р тогтоолын хүрээнд хийсэн энэхүү цахимжилтын давуу тал нь гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт, бүртгэлтэй холбоотой бүх төрлийн гэрээ болон холбогдох материалыг холбогдох байгууллагууд татан авч, хянах боломж бүрдэж байна. Энэ нь ААН-үүдэд ч хялбар юм. Жишээ нь, АМНАТ-ыг төлөхийн тулд Гаальд ийм гэрээ ашигласан, гаалийн мэдүүлэг нь энэ гэх мэтээр маш олон гэрээг, материалыг дахин бүрдүүлдэг. Нэгдсэн сүлжээнд холбогдсоноор Татварын байгууллага ААН-ээс материал шаардах бус цахимаас бүх мэдээллээ харах тогтолцоог бүрдүүлсэн.

Харин гэрээний хугацаа болон экспортын тоо хэмжээ дуусвал дахин шинэчилж, нэмэлт өөрчлөлт хийнэ гэсэн үг.

-Он гарсаар уул уурхайн хэчнээн компани цахимаар гэрээ байгуулсан бэ?
-280 аж ахуйн нэгжийн 890 орчим үндсэн гэрээ, нэмэлт 1200 орчим гэрээг цахимаар байгуулсан. Энэ гэрээнүүдэд үндэслэн Гаалийн лабораторийн 2500 дүгнэлт гарсан, 186 мянга гаруй гаалийн бүрдүүлэлтийг цахимаар хийсэн. Цаасаар материал бүрдүүлдэг уламжлалт зохицуулалтыг бүрэн халсан гэв.