Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда: Газрын ховор элементийг хайх, судалгаа, олборлолт хийхээр сонирхож байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамтаар манай улсад энэ сарын 24-26-ны өдөр төрийн айлчлал хийж байна.  

Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан талаараа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нь “Сэтгэл хангалуун байна. Халуун дотноор хүлээн авсанд баярлалаа. Хэдэн жилийн өмнө би Монголд ирж байсан. Бид олон салбарт ирээдүйд хамтран ажиллана. Тухайлбал, уул уурхай олборлолтын салбарт хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэж бодож байна. Монгол ашигт малтмалаар баян орон. Тиймээс манай зүгээс ховор элементийг хайх, судалгаа, олборлолт хийхээр сонирхож байна” гэв.

Тэрбээр "Ноёд хатагтай нар аа, энэхүү айлчлал нь маш өндөр ач холбогдолтой. Манай улсын парламентын дээд орлогч дарга, Засгийн газрын зарим гишүүн ирсэн. 

Айлчлалын бүрэлдэхүүнд мөн Хөрөнгө оруулалтын агентлагийн дэд орлогч дарга хүрэлцэн ирлээ. Өнөөдөр бид дөрвөн гэрээнд гарын үсэг зурсан. Ирээдүйд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ. 

Ялангуяа манай сонирхлыг татаж буй салбаруудад хамтран ажиллана. Тэр дундаа уул уурхай, ашигт малтмал олборлох салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэж найдаж байна. Гарын үсэг зурсан гэрээнүүд нь хоёр улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх төсөл юм. 
Өнөөдөр бизнес форум болж байгаа бөгөөд түүнд зэс олборлох компанийн төлөөлөл ирсэн. Тэд зэс хайлуулах үйлдвэртэй учир энэ чиглэлээр монголчуудтай хамтран ажиллах боломжтой гэж найдаж байна” гэсэн юм.