Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн “ногоон” ирээдүй

Ц.Элбэгсайхан


“Оюутолгой” төслийн гүний уурхай нээлтээ хийж баялгийнхаа охь ундаргад хүрлээ. Хөрөнгө оруулалтын гэрээг анх үзэглэснээс хойш 10 гаруй жил хүлээсний эцэст, олон ч саад бэрхшээлийг ардаа үлдээн ашиглалтад орж буй энэ үед зах зээлийн шинжийг тандвал ихээхэн таатай ирээдүй харагдаж байна.


Хэтийн эерэг хүлээлт  

Улс үндэстнүүдийн “ногоон” амбицын төлөөх  өрсөлдөөн улам ширүүсэх  төлөвтэй. Хүрээлэн буй орчинд ээлтэй, хөгжлийн чиглэлд хэн нь илүү том зорилго тавьж, хэр их хөрөнгө хүч хаях вэ гэдэгт сүүлийн жилүүдэд Хятад улс илүүрхэж байна. Харин Европын холбоо санаачилгыг гартаа авахыг хүсэж байгаагаа дэлхий дахинаа зарлан тунхаглалаа. 

Европын Комисс энэ сарын 16-нд цэвэр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбараа эрчимжүүлж,  АНУ, БНХАУ-тай өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх, ногоон шилжилтэд шаардлагатай түүхий эдийн хангамж стратегийнхаа гол хэсгүүдийг танилцуулав. 

Европын холбооны удирдах албан тушаалтнуудын санаачилсан Ногоон хэлэлцээрийн нэг хэсэг болох Аж үйлдвэрийн цэвэр ялгаруулалтыг тэглэх тухай хууль, Критикал түүхий эдийн тухай хууль (Net-Zero Industry Act and Critical Raw Materials Act) нь зөвхөн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад шаардлагатай хязгааруудыг тогтоохоос гадна технологийн салбарт ихээхэн хамааралтай юм. 

Лити, зэс, никель зэрэг стратегийн чухал түүхий эдийнхээ 10%-ийг дотооддоо олборлож, дахин боловсруулалтыг  15%-д хүргэх зорилтыг Европын холбоо анх удаа тавьсан. 2030 он гэхэд нийт хэрэглээнийхээ 40%-ийг дотооддоо боловсруулдаг болохоор зорьж байна. 

Товчхондоо бол, европчууд сүүлийн 5 жилд авсан сургамжаа дахин давтахаас зайлсхийж байна. Худалдааны дайнаас эхэлж, Ковид-19 цар тахлаар үргэлжилж, Украины зөрчилдөөн  удаалсан давшгүй хүчин зүйлс сүүлийн хэдэн жилд таваарын зах зээлийг тааварлахын аргагүйгээр савлуулж, Монгол шиг түүхий эдэд суурилсан эдийн засагтай улс орнуудыг туйлдахад хүргэв. Цаашлаад Хятад-Тайвань, Хятад-Австрали болон өрнөх ч магадлал ойрхон байна. 

Европчууд эрэлтийнхээ ихээхэн хэсгийг дотоодоос хангахыг хүсэж байгаа нь нэг талаас экспортлогчдод таагүй мэдээ. Гэвч урт хугацаандаа цахилгаан автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг асар их дэмжих нөлөөтэй. Харин цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний станцуудын гол түүхий эд нь “улаан” зэс. 

Мөс зүсэгч Хятад

Нүүрсхүчлийн цэвэр ялгаруулалт гэх ойлголтыг анх БНХАУ дэвшүүлсэн. Энэ нь  байгальд ялгаруулж буй бохирдлоо бууруулахын зэрэгцээ ялгаруулж буйг нь шингээж, хор нөлөөг нь саармагжуулах чадавхаа нэмэгдүүлэх тухай ойлголт юм. Энэ хүрээнд тус улс эрчим хүчний салбарт асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа нь зэсийн эрэлтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх нөлөөтэй. Харин цар тахлын хөл хорионы улмаас Хятадын эдийн засаг зогсонги байдалд орсон ба саяхан зах зээлээ “чөлөөлөөд” буй тус улсын эдийн засгийн идэвхжилийг дэлхий нийтээрээ хүлээж байна. 

Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн дотоод руу өнгийж харахад аж үйлдвэржилт, жижиглэнгийн борлуулалт, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт сэргэж байгаа таатай шинж тэмдгүүд ажиглагдаж байна. Энэ оны эхний хоёр сард аж үйлдвэрийн гарц өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар, жижиглэнгийн борлуулалт 3.5 хувиар, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 5.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Мөн түүхий эдийн эрэлтийн гол хүчин зүйл болдог дэд бүтцийн хөрөнгө оруулалт эхний хоёр сард 9%-иар өссөн боловч үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 5.7%-иар буурч  эрэлт  тодорхой хэмжээгээр унажээ. Гэсэн ч өнгөрсөн  онд 10%-иар буурсантай харьцуулахад энэ нь ахиц юм. 

Дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт нь зэс, ган, гангийн түүхий эд төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлтийн гол хөдөлгөгч хүч болдог.


Ойрын үеийн өөрчлөлтүүд ба нөлөөлөл

Goldman Sachs -ийн үзэж буйгаар Хятадын эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор таваарын супер цикл эхэлж  буй бөгөөд энэ сард банкны салбарт хурцадмал асуудлууд гарсны дараа  эрчим хүчний салбар дахь хөрөнгийн урсгал болон хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэдгийг тус банкны таваарын газрын захирал ярьжээ. 

“Хөрөнгийн захын алдагдал нь ерөнхийдөө таваарын зах зээлийн өсөлт болсон” гэж Goldman Sachs -ийн таваарын газрын захирал Jeff Currie  “Financial Times Commodities Global Summit” дээр мэдэгджээ. 

Тэрбээр зэсийн ханшийг цаашид ч өснө гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд глобал асуудлууд нь эрэлт гэхээсээ нийлүүлэлт талд цохилт болж байгааг онцолсон байна. “Зэсийн тухайд бид маш эерэг хүлээлттэй байгаа. Агуулахын нөөц буурч   ирэх он гартал нийлүүлэлт өсөхөөргүй дүр зураг харагдаж байна. Тиймд богино хугацаанд зэсийн ханшийг 10.500 ам.доллар, урт хугацаанд тонн зэс 15 мянган ам.доллар хүрнэ гэж таамаглаж байна” хэмээн Jeff итгэлтэй ярьсан байна. 

Үүнээс гадна, томоохон арилжааны пүүсүүдийн нэг Trafigura түүнтэй санал нэгдэж, зэсийн ханш 12 мянган ам.доллар хүртэл өсөх магадлалтай гэж харж буйгаа хуваалцжээ. Зэсийн ханш өнгөрсөн оны гуравдугаар сард 10.845 ам.доллар хүрсэн нь түүхэн дээд түвшин юм. Түүнээс хойш богино хугацаанд ханш 30 орчим хувь суларч өнгөрсөн оны долдугаар сарын дундуур 7.100 ам.доллараас доош орж унаснаас хойш эргэн 20 гаруй хувийн өсөлт үзүүлээд байгаа билээ. 

Монголд “Рио Тинто”- группийн хөрөнгө оруулалттай Оюутолгойн  гүний уурхайн олборлолтыг энэ сарын 13-нд эхлүүлэх ёслолын арга хэмжээний үеэр “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд ойрын хугацаанд зэсийн ханш тогтвортой байх төлөвтэй байгааг тодотгоод “Дэлхий дээрх зэсийн агуулахын нөөц шавхагдаж, олон жилийн доод түвшинд хүрсэн байна. Тиймээс суурь нөхцөл их таатай байна гэж бид харж байна” гэжээ. Лондонгийн Металын биржийн статистикаас үзэхэд дэлхий даяар агуулах дахь зэсийн нөөц сүүлийн 17 жилийн доод түвшинд хүрчээ. 

“Ерөнхийдөө, Перу зэрэг улс оронд тохиолдож буй тасалдал зэрэг Латин Америкаас гарч буй нийлүүлэлтийн бууралт нь зах зээл дээр зэсийн хомсдол бий болгож байна. Харин ойрын хугацаанд эрэлт хэвийн байх дүр зураг харагдаж байна” гэж Б.Болд  захирал ярьжээ. 

Дашрамд дурдахад, Перу, Чили улсад өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид замуудыг хааснаас болж уурхайнууд хүдрийн баяжмалаа тээврийн хөлөг онгоцуудад хүргэж  чадахгүйд хүрээд байна.