Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Өнгөрсөн долоо хоногт 1.5 сая тонн нүүрс экспортолжээ

Д.Оюун

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого оны эхний гурван сарын байдлаар таван их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 их наядаар өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.6 их наяд төгрөг. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 896.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин өссөн үзүүлэлт аж. Төсвийн орлогын бүрдүүлэлтэд эрдэс баялгийн салбарын орлого 32.2 хувийг эзэлсэн байна. Тухайлбал, улсын төсөвт 1.6 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Ийнхүү төвлөрүүлсэн орлогод нүүрс 875.4 тэрбум, зэс 542.5 тэрбум, алт 50.4 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. 

Түүнчлэн энэ сарын 14-20-ны өдрүүдэд нүүрс экспортын 11.145 автомашин, 1.326 чингэлэг тээвэр, 981 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1.5 сая тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлт юм. Оны эхнээс 17.9 сая тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 14.6 мян.тн-оор буюу 4.5 дахин өссөн байна.

Харин зэсийн баяжмалыг 136 автомашин, 209 чингэлэг тээврээр экспортолсон байна. Оны эхнээс нийт 439.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс таван хувиар өсчээ. 

Мөн төмрийн хүдэр, баяжмалыг экспортод гаргахаар дөрвөн автомашин, 1.375 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн аж. Оны эхнээс нийт 1.6 сая тонныг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 77 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг салбарын яамны цахим хуудаст тэмдэглэсэн байна. 

Дашрамд дурдахад, Төвбанк оны эхнээс энэ сарын 20-ны өдрийн байдлаар 3.16 тонн алт худалдан авчээ.