Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Чили литийн үйлдвэрлэлээ төрийн эзэмшилд авах шийдвэр гаргалаа

Ч.Сансар


Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борик пүрэв гарагийн орой Засгийн газар литийн үйлдвэрийг төрийн эзэмшилд авч, улмаар  хувийн  хэвшлийн компаниудтай хамтран орон нутгийг хөгжүүлэх загварыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв. 
 
Энэхүү шинэ бодлого нь үндэсний литийн компани байгуулахад чиглэгдэнэ гэж Борик үндэсний телевизээр мэдэгдэв. Эхний ээлжинд дэлхийн тэргүүлэгч лити үйлдвэрлэгч зэсийн аварга компани “Коделко” шинэ түншүүдийг татан оролцуулах ажлыг хариуцна. Дараа нь энэ үүргийг шинээр байгуулагдсан Лити үйлдвэрлэгч үндэсний компани хариуцах болно.

"Энэ бол эдийн засгийн өсөлтийг хангах сайхан боломж. Бид энэ боломжийг алдаж болохгүй" гэж Борик хэлэв. Чилид үйл ажиллагаа явуулдаг лити олборлогч хоёр  компани гэрээний хугацаа дуусах хүртэл ажиллана. Чилид ажилладаг литийн олборлогчид гэрээ  дуусахаас өмнө төрийн оролцооны талаар хэлэлцэхэд бэлэн байна гэдэгт найдаж байгаагаа Борик илэрхийлэв.

Дэлхийн тэргүүлэгч лити үйлдвэрлэгч Альбемарле компанийн гэрээ 2043 онд дуусч, хоёр дахь том үйлдвэрлэгч болох SQM-ийн гэрээ 2030 онд дуусна. Цаашид лити олборлох лицензийг зөвхөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр төрийн хяналт дор олгох болно гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглэв.

Нийлүүлэлтийн хомсдол

Чилийн энэ алхам нь цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд нэмэлт дарамт болох төлөвтэй. Учир нь литийг цахилгаан батарей үйлдвэрлэхэд хэрэглэдэг.

Энэ шийдвэр нь Мексик улс өнгөрсөн жил литийн салбараа улсын өмч болгох шийдвэр гаргасны дараа болж байгаа үйл явдал юм. Мексик одоо Аргентин, Боливи, Чилитэй бүс нутгийн литийн холбоо байгуулахыг эрмэлзэж байна. Дээрх гурван улс (Аргентин, Боливи, Чили) нь "Литийн гурвалжин" гэгддэг бөгөөд дэлхийн нийт лити металлын нөөцийн 65 орчим хувийг эзэмшиж, 2020 онд дэлхийн үйлдвэрлэлийн 29.5%-ийг бүрдүүлж байжээ.

Нөгөө талаас, Аргентин, Чили, Боливи, Бразил улсууд Өмнөд Америкийн лити боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, олборлосон литийн ихэнх хэсгийг батарей болгох, цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт нэвтрэх зорилготой литийн картель байгуулахаар судалж байна.

Чили одоогоор дэлхийн нийлүүлэлтийн 30% орчим бүрдүүлж байгаа ч 2025 он гэхэд олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлж, 250 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэхийг зорьж байна.

2030 он гэхэд литийн дэлхийн эрэлт дөрөв дахин нэмэгдэж, 1.8 сая тоннд хүрнэ. Гэхдээ тэр үед нийлүүлэлт нь дөнгөж 1.5 сая тоннд байх төлөвтэй байна.

Лити карбонатын экспорт бараг 7.8 тэрбум ам.долларт хүрч, 2021 онтой харьцуулахад 777%-иар өссөн гэж Чилийн Төв банк мэдээлэв. Энэ нь литийн карбонат Чилийн хулд загас, жимс жимсгэний экспортоос давсан гэсэн үг юм.

Эх сурвалж:  mining.com