Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Оюу Толгойн хэрэгцээг хангах Тавантолгой ДЦС-ыг барина

А.Халиун

Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн /2023.04.12/ хуралдаанаар Тавантолгойг дулааны цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, Өмнөд бүсийн уул уурхайн болон Оюу Толгой төслийн  эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн байгуулах Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг 300MBт+150MBт гэсэн хоёр үе шатад хуваан, эхний ээлжинд 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулна. Хэрэглээ тогтворжоод эхлэхэд 150МВт-ын станцыг барихаар шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт, Тавантолгой ДЦС-ын төслийг санхүүжүүлэх бүхий л хэлбэрийн санхүүгийн арга механизмыг хэрэглэх, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн барилга угсралт болон санхүүжилтийг хамтатгасан (EPC+F) хэлбэрээр тендер зарлахаар шийдвэрлэсэн.

Монголын хөрөнгө оруулагч, захиалагчийн талын хөрөнгө оруулалтыг Эрчим хүчний яамны өмнөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК 100 хувь санхүүжүүлнэ. Энэ төслийн  Тавантолгой ДЦС-ын ТЭЗҮ-ийг боловсруулах зорилгоор Хөгжлийн банкнаас зээл авсан байсан. Энэ зээлийг мөн ЭТТ компани барагдуулах үүрэг хүлээсэн.


300 MBт хүчин чадалтай цахилгаан станц барихад 600 орчим сая ам.доллар шаардлагатай ба үүний 70 хувийг EPC+F гэрээгээр хөрөнгө босгох юм. 30 хувь буюу 180 сая ам.долларыг ЭТТ компаниас гурван жилийн хугацаанд  санхүүжүүлэхээр тогтлоо.

Төслийг гэрээ байгуулснаас хойш гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Төслийн санхүүжилтийн зээлийг төсөл хэрэгжиж, ашиглалтад орсноос хойш таван жилийн хугацаанд төлөх техник, эдийн засгийн тооцоолол гарсан байна гэлээ.