Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Байден цэвэр эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх 450 сая ам.доллар амлаж байна

Ч.Сансар

АНУ-ын засгийн газар одоо ашиглаж буй болон ашиглахаа больсон уурхайн талбайд хэрэгжүүлэх цэвэр эрчим хүчний төслүүдэд зориулж 450 сая долларын санхүүжилт бэлэн байгааг мягмар гарагт зарлалаа.

Эрчим хүчний яам нь нүүрсний үнс, хүчиллэг ус зайлуулах суваг болон уурхайн бусад хог хаягдлаас газрын ховор элемент болон бусад чухал ашигт малтмалыг олборлох үйлдвэрийн зураг төслийг боловсруулахад зориулж Хойд Дакота, Баруун Виржиниагийн их сургуульд 16 сая ам.долларын санхүүжилт олгоно гэж Цагаан ордон мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Жо Байден 2021 онд засгийн газрын хөрөнгө оруулалтаар нүүрсний уурхайн орчим оршин суудаг иргэдийн амьжиргааг сайжруулахыг чиглэсэн агентлаг хоорондын ажлын хэсэг байгуулсан. Хожим нь тус ажлын хэсэг Баруун Виржиниа мужаас Вайоминг хүртэлх зайд 25 зорилтот бүс сонгон авсан.

"АНУ-д 17,750 орчим уурхайн талбай байдаг. Тэдгээр уурхай нь орон нутгийн иргэдийг бохирдуулагч бодисоор хордуулж, агаар, газар, усны чанарыг доройтуулдаг" гэж Цагаан ордон мэдэгдэв. “Энэ талбайг цэвэр эрчим хүчний төслүүдэд зориулж дахин төлөвлөлт хийснээр 90 ГВт хүртэл цэвэр эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж тооцоолсон. Энэ нь Америкийн 30 сая орчим байшинг эрчим хүчээр хангахад хүрэлцээтэй.”

Цагаан ордон мөн цэвэр эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчдэд олон тэрбум долларын урамшуулалд хамрагдах боломж олгоно гэж мэдэгдэв. Энэ нь 2022 оны Инфляцийг бууруулах тухай хуулиар олгох хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн татварын хөнгөлөлтөөс гадна нэмэлт урамшуулал юм байна.

Эдгээр урамшуулал нь "эрчим хүчний салбар, ялангуяа нүүрсний салбараас хамааралтай иргэдэд цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлнэ" гэж АНУ-ын засгийн газар мэдэгдэв.

11 төрийн агентлагууд хамтран хуучин нүүрсний уурхайн хотхон гэх мэт эрчим хүчний салбартай холбоотой иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ хөрөнгө оруулалт дээр ажиллана гэж Байдены засгийн газар мэдэгдлээ.

Байден 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг хоёр дахин бууруулж, 2050 он гэхэд хорт хий ялгаруулдаггүй эдийн засагтай болох зорилт тавьсан.