Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинтогийн хувьцаа даваа гарагийн өглөө Нью-Йоркийн биржид 1%-иар өссөн  байна

Ч.Сансар


"Рио Тинто" компани даваа гарагт Монгол дахь Оюутолгойн зэсийн гүний уурхайн олборлолтоо эхлүүлснээ мэдэгдлээ.
 
2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" компани харилцаагаа сэргээж, Оюутолгойн гүний уурхайн төслийг урагшлуулах тухай гэрээ байгуулснаас хойш  гүний уурхайд 30 удаа тэсэлгээ хийж, уурхайгаас зэсийн хүдэр олборлож эхэллээ.  Оюу Толгой нь 2030 он гэхэд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх  зэсийн уурхай болох төлөвтэй байна.
 


"Оюутолгой" төсөл нь говь нутагт газар доор 1.3 км-ийн гүнд орших хүдрийг олборлож байна гэж Риогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм талбайд цугларсан сэтгүүлчдэд мэдэгдэв. "Рио Тинто" гүний уурхайн төсөлд долоон тэрбум ам.доллар зарцуулж байна.

Уурхайн урт бөгөөд амаргүй замыг дурдаж, "Оюутолгой төслийн өнөөдрийг хүртэлх зам саад бэрхшээлгүй дардан байгаагүй нь үнэн." гэж Стаусхолм хэлэв.

Гүний уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлох төлөвтэй байна. Харин Оюутолгойн ил уурхайн үйл ажиллагаа 2011 оноос хойш үргэлжилж байгаа.

Өнгөрсөн жил "Рио Тинто" Turquoise Hill Resources компанийн 49%-ийн үлдэгдэл хувьцааг худалдан авсан. Үр дүнд нь "Рио Тинто" дэлхийн хамгийн том хайгуулаар тогтоогдсон зэс, алтны нөөцтэй тус уурхайн 66%-ийг эзэмших болсон юм. Үлдсэн 34%-ийг Монголын Засгийн газар эзэмшиж байна.

Рио Тинтогийн хувьцаа даваа гарагийн өглөө Нью-Йоркийн биржид 1%-иар өссөн. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 173.1 тэрбум ам. доллар байна.

Эх үүсвэр: Mining.com