Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Автоматжуулалт, инновациар тоноглогдсон дижитал гүний уурхай 

Улаанбаатар. Шангри-Ла зочид буудал, “Ball room” танхим

 

Д.Оюунчимэг

Оюутолгойн далд уурхай эргэлтэд орсноор дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэнэ. Энэ бол монголчуудын хүсч буй хүлээлт. Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 13. Түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж буй өдөр. Өнөөдөр “Оюутолгой” төсөл гүний уурхайн олборлолтоо эхлүүлэн 18 дугаар цооногоос олон улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх зэсийн баяжмал олборлон экспортлож буй юм. Эл өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн гүний уурхайн нээлтийг Улаанбаатар хотын төв цэгийн урд талд байрлах Шангри-Ла зочид буудлын “Ball room” танхимд цугларсан зочид нэг цаг хугацаанд хамтдаа үзэж түүхэн гэрч болсон юм. Тус компани сүүлийн 12 жилийн хугацаанд дөрвөн тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг татвар хураамж хэлбэрээр Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тиймээс түүхэн үйл явц хэмээн нэрлэж буй. 

ДЭЛХИЙД АНХДАГЧ СИСТЕМ МОНГОЛД

Газрын гадаргуугаас доош 1300 метрийн гүнд автоматжуулалт, инновациар тоноглогдсон дижитал гүний уурхай үйл ажиллагаагаа эхлүүллээ. Уурхайд ажилладаг техникийг инженер, техникийн ажилтнууд ухаалаг системээр удирдан мэдээлэл солилцон аюулгүй ажиллагаагаа эрхэмлэн ажилладаг тухай оюутолгойчууд ам бардам ярьж байна. Энэ систем нь дэлхийд анхлан хэрэгжиж буй бөгөөд монгол инженер дэлхийд гайхагдах түшинд ажиллаж буйг мэргэжилтнүүд онцолж байв. Тус уурхайд блоклон олборлох аргыг хэрэглэж буй талаар мэргэжилтнүүд хэлж байна. Уул уурхайн салбарынханд тэр дундаа ил уурхайнханд тулгамддаг асуудал нь байгаль орчны нөхөн сэргээлт. Харин гүний уурхайд блоклон олборлох аргыг хэрэглэснээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага гэдгийг ШУТИС-ийн багш, QMC группийн Ерөнхий захирал М.Дагва хэлж байв. Далд уурхайн барилга бүтээн байгуулалтын ажил 10 гаруй жил үргэлжилсэн. Өнөөдрөөс хойшхи хугацаанд хийж байгаа ажил олборлолтын ажилд тооцогдоно. Оюутолгой гүний уурхайн олборлолтоо эхлүүлснээр мега төсөл зах зээл дээрх ямар ч савалгааг тэсч гарах чадвартай болно гэдгийг тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн байв. Дэлхийд анхдагч системийг Монголд бодит ажил болгон монгол инженерүүдийн ур чадварыг олон улсад дархалсан бас нэг түүхэн үйл явдлын гэрч болсон энэ өдрийг хэвлэлийн хуудаснаа тэмдэглэн үлдээх нь зүйн хэрэг. 

БЛОКЛОН ОЛБОРЛОХ АРГА БА ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ ПРОЦЕСС

“Оюутолгой” төсөл урт хугацаанд тасралтгүй үргэлжлэх процессоо баталгаажууллаа. Ингэснээр зөвхөн тухайн төслийг хэрэгжүүлэгч компани, албан тушаалтнуудад хамааралтай гэж өрөөсгөл харж болохгүй. Гүний уурхай ашиглалтад орж зэсийн баяжмалаа тасралтгүй экспортлосноор Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх гол хөшүүрэг болно. Түүнчлэн тус төслийг даган хөгжиж буй жижиг, дунд үйлдвэрлэл олноор нэмэгдэх “шалтгаан” байх болно. Тэр ч бүү хэл татвар хураамжаар төсөвт төвлөрүүлэх орлогыг зөв зарцуулбал ард түмэн хүртэж буй үр өгөөж нь байх болно. 

Нөгөөтэйгүүр ирэх 30 жилд “Оюутолгой” үйлдвэрлэл, үйлчилгээг хэрхэн кластераар хөгжүүлж болох жишгийг тогтоож бодит ажил болгон харуулах кейс болно гэдгийг судлаачид, эдийн засагчид онцолж байна. Энгийнээр тайлбарлавал, “Оюутолгой” төслийн оршиж буй нутаг орон Монгол Улсдаа хамгийн олон жижиг, дунд үйлдвэртэй, томоохон компаниудтай хөгжлийн түвшингээрээ нийслэлтэй дүйцэхүйц хэмжээнд очих боломж ч бүрдэж буй. Ямартай ч “Оюутолгой” гэх мега төслийн хүрд зогсолтгүй эргэлдэж эхэллээ. 

Дэлхийн хүндийн хүчний нөлөөгөөр бутарч, нурж байгаа чулуу хөдөлгөөнгүй 1-2 жил болоход л буцаад хэвийн түвшинд хүрч нягтаршдаг. Тиймээс байнгын хөдөлгөөнтэй байлгахын тулд блоклон олборлох аргыг хэрэглэж байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. 

Нөгөөтэйгүүр гүний уурхайн олборлолтыг аюулгүй, дэвшилтэт блоклон олборлох аргачлалаар хийж буй. Энэ аргыг “Рио Тинто” групп сүүлийн 25 жилийн турш хөгжүүлж ирсэн технологи юм. ШУТИС-ийн багш М.Дагва “Блоклон олборлох арга 1970-аад оноос эхлэн хөгжсөн. Энэ нь ил уурхайтай өрсөлдөхүйц хямд, мөн их хүчин чадлаар олборлолт явуулж болно. Блоклон олборлох аргын давуу тал нь дэлхийн татах хүчийг ашиглан чулууг суллаж авдаг” хэмээн тайлбарлав. Тэрбээр “Оюутолгойн баяжуулах үйлдвэр хоногт 100 мянган тонн хүдэр гаргаж авах хүчин чадалтай” хэмээн онцолсон. Блоклон олборлолт нь бүтээн байгуулалт хийсний дараа зардал багатай, бүтээмж өндөртэй байдаг аж. Оюутолгой 20 гаруй цооног өрөмдөн тэсэлгээний ажил хийсэн. Тиймээс дэлхийн хүндийн хүчний нөлөөгөөр чулуулаг өөрийгөө эвдэх процесс эргэлт буцалтгүйгээр эхэлсэн. Нэгэнт бууж ирж байгаа хүдрийг баяжуулах үйлдвэрт өгөх ажил тасралтгүй үргэлжилж байгаа хэрэг. Учир нь ил уурхайгаас ажилбарын хувьд өөр. Далд уурхайд тэсэлгээний ажлыг байнга хийдэггүй. Зайлшгүй хийх шаардлагатай зарим тохиолдлыг эс тооцвол. Дээр дурдсан дэлхийн хүндийн хүчний нөлөөгөөр бутарч, нурж байгаа чулуу хөдөлгөөнгүй 1-2 жил болоход л буцаад хэвийн түвшинд хүрч нягтаршдаг. Тиймээс байнгын хөдөлгөөнтэй байлгахын тулд блоклон олборлох аргыг хэрэглэж байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. 

Харин “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд “Гүнийн уурхайн олборлолт эхэлснээр монголчууд дэлхийн уул уурхайн экспертүүдтэй эн зэрэгцэх түвшинд хүрлээ” гэж байв. 

Дэлхийд анхдагч системийг нутагшуулж монгол инженерийн ур чадварыг гайхуулан гүний уурхайн олборлолт зогсолтгүй үргэлжилнэ. Үүнийг дагаад Монгол Улсын эдийн засагт валютын урсгал жил ирэх бүрт нэмэгдсээр байна. Сайн жишиг, эерэг үр нөлөөг Оюутолгой ирэх жилүүдэд илүү өнгөлөнө гэдэгт итгэлтэй байна.