Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австралид нүүрснээс татгалзаж эхэлсэн нь батарей үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц өгч байна

Ч.Сансар


Австрали нүүрсний цахилгаан станцуудаас татгалзаж, цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү хурдацтай шилжиж байгаа нь нар, салхины эрчим хүчийг хуримтлуулах боломжтой хураагуур (батарей) үйлдвэрлэх төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлэхэд хүргэж байна.

Австрали 130,000 мегаватт-цаг хүчин чадалтай батарей үйлдвэрлэх 250-иас доошгүй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн тоогоор Хятад улсын дараа ордог гэж BloombergNEF-ээс мэдээлэв. Австралийн нийт эрчим хүчний талаас илүү хувийг нүүрсний цахилгаан станцууд хангадаг ч ойрын арван жилд  томоохон нүүрсний станцууд хаагдах гэж байна.
 
"Нүүрстөрөгч бага ялгаруулдаг, найдвартай эрчим хүчний системийг ажиллуулна гэдэг нь эрчим хүчийг хуримтлуулах зайлшгүй хэрэгцээ гарч байна. Нүүрсний станцуудыг хаах саналууд нэмэгдэж байгаа бөгөөд батарейны төсөлд яаралтай хөрөнгө оруулах хэрэгцээ улам ихэснэ” гэж Австралийн Эрчим хүчний зах зээлийн комиссын дарга, Засгийн газрын эрчим хүчний бодлогын зөвлөх Тим Жордан хэлэв.

Австрали улс 2050 он хүртэл хангалттай тооны батарейны үйлдвэр барихад ойролцоогоор 64 тэрбум австрали доллар (43 тэрбум ам.доллар)-ын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж тэрбээр мягмар гарагт Сидней хотод болсон бага хурлын үеэр мэдэгдэв. Энэ нь 242 тэрбум австрали долларын өртөгтэй цэвэр эрчим хүчний системийн өргөтгөлийн нэг хэсэг бөгөөд уг өргөтгөлд нарны болон салхины цахилгаан станцуудыг нэмж байгуулах, олон мянган км урт цахилгаан дамжуулах шугам барих зэрэг ажлууд орно.
Хүлэмжийн хийг бууруулах зорилтыг биелүүлэхийн тулд нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагууд нүүрсний хуучирсан станцуудыг хаах ажлыг яаравчилж  байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний өртөг  буурч,  нүүрсний үйлдвэрүүдийг ашиггүй ажиллахад хүргэж байна. 

Квинсланд мужийн батарейны үйлдвэр зэрэг төслүүдийг хэрэгжүүлдэг Genex Power Ltd компанийн гүйцэтгэх захирал Жеймс Хардинг лхагва гарагт өгсөн ярилцлагадаа "Сонирхол үнэхээр  маш их байна, зах зээл сүүлийн 12 сарын хугацаанд маш их эрчимтэй өссөн. Уул уурхайн компаниуд, мэдээллийн технологийн компаниуд болон бусад томоохон салбарууд эрчим хүч хуримтлуулах бизнесүүдийг судалж байна” гэж тэрбээр хэллээ.

Tesla Inc 2017 онд Өмнөд Австралийн Хорнсдейлд тухайн үеийн дэлхийн хамгийн том хүчин чадалтай батарейг суурилуулснаар Австралийн болон дэлхийн эрчим хүч хуримтлуулах салбарын хөгжилд нөлөөлсөн юм. Tesla-гийн батарейны хүчин чадал 2022 онд 64%-иар өссөн бөгөөд одоо Tesla Megapack батерейны борлуулалтад анхаарлаа хандуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр тус компанийн ахлах дэд ерөнхийлөгч Дрю Баглино "Энэ бол чулуужсан түлшээр ажилладаг цахилгаан станцуудыг нэг нэгээр нь зогсоох чадвартай бүтээгдэхүүн" гэж мэдэгджээ. Чулуужсан түлш ашигладаггүй дэлхийн эрчим хүчний системд ойролцоогоор 240 тераватт-цаг зайны багтаамж шаардлагатай гэж Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск уг арга хэмжээний үеэр хэллээ.

Австралид батарей үйлдвэрлэх олон тооны төслүүд төлөвлөлтийн эхний үе шатанд явж байгаа бөгөөд санхүүжилт, зөвшөөрлөө хугацаанд нь авч чадахгүй байж магадгүй ч тус улс энэ жил болон 2024 онд шинээр байгуулах үйлдвэрийн  тоог нэмэгдүүлэх төлөвтэй байна гэж BNEF мэдэгдэв.

Австралийн Засгийн газар 12 дугаар сард нийтдээ 3 тэрбум австрали долларын өртөг бүхий  томоохон 8 төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 176 сая австрали долларын санхүүжилт олгохоор боллоо. Мөн уг санхүүжилт нь цахилгаан шугамын тогтвортой байдлыг хангахад чиглэгдэнэ.

Австралийн батарей үйлдвэрлэгчид  орлогоо нэмэгдүүлсэн бөгөөд 2022 онд тус улсын эрчим хүчний зах зээл дэх тогтворгүй байдлаас ашиг олж чадсан  гэж BNEF энэ сарын тайланд дурджээ. Австралийн Үндэсний Цахилгаан Эрчим Хүчний Системд холбогдсон батарейнууд нь зах зээлд эрчим хүч нийлүүлснээр 85 сая австрали долларын орлого олжээ. Энэ нь өмнөх онд олсон 12 сая австрали доллартай харьцуулахад маш том өсөлт юм. Цахилгаан давтамжийн хяналт болон туслах үйлчилгээнээс 80 сая австрали доллар нэмж олсон байна.