Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Перугийн иргэд нэн чухал “уул уурхайн коридор”-ыг дахин хаана

Ч.Сансар

Перугийн Андын нурууны уугуул иргэд зэсийн томоохон үйлдвэрлэгчдийн ашигладаг гол хурдны замыг ирэх долоо хоногт дахин хаах болно гэж орон нутгийн иргэдийн хоёр удирдагч өнгөрсөн бямба гарагт мэдэгдэв. Өмнө нь нутгийн иргэд уул уурхайн компаниудтай түр эвлэрч, уул уурхайн үйлдвэрлэлийг дахин сэргээх боломж олгож байсан билээ.
 
Дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч Перу улс өнгөрсөн 12 дугаар сарын 7-нд Ерөнхийлөгч асан Педро Кастиллог огцруулснаас хойш уул уурхайн компаниудын ашигладаг замуудыг хаах зэрэг эсэргүүцэлтэй тулгарч байна.

Перугийн уурхайнуудыг тойрон амьдардаг иргэд олон жилийн турш компаниудтай зөрчилдөж, газрын баялгаас олсон ашгаас илүү их хувийг хуваарилахыг шаардаж ирсэн. Харин одоо олон арван хүн амиа алдсан эсэргүүцлийн жагсаалын дараа иргэд Ерөнхийлөгч Дина Болуартег огцрохыг шаардаж байгаа юм байна.

Эспинар, Чумбивилкас мужуудын оршин суугчид даваа гарагт Куско мужид ажил хаялт зохион байгуулж, мягмар гарагаас эхлэн Хятадын MMG Ltd-ийн Лас Бамбас, Гленкорын Антапаккай, Хуббей Минералсын Констансиа уурхайнуудын ашигладаг "уул уурхайн коридор"-ыг хаах ажиллагааг сэргээхээр тохиролцсон.

"Бид Засгийн газрыг эсэргүүцэх арга хэмжээг дэмжиж байна" гэж Эспинар муж дахь Антапаккай нутгийн  иргэдийн зохицуулагч Флавио Хуанке хэллээ.

Ройтерс агентлагийн үзсэн Эспинарын гэрээний баримт бичгийн дагуу ард иргэд Антапаккай, Лас Бамбас, Констансиа дахь уул уурхайн үйл ажиллагааг даваа гарагаас эхлэн зогсоохыг шаардахаар тохиролцсон байна..
Чумбивилкас мужийн иргэдийн удирдагчдын нэг Карлос Куиспегийн хэлснээр даваа гарагаас эхлэн бүс нутгийн ажил хаялт эхэлж, хурдны замыг хаана гэж тохиролцсон.

Энэ долоо хоногт Ройтерс агентлаг Перугийн Андын нурууны уул уурхайн томоохон компаниуд тодорхойгүй байдал, үймээн самууны уур амьсгалыг үл харгалзан коридорыг нээсний дараа үйлдвэрлэлээ аажмаар сэргээхийг эрмэлзэж байна гэж мэдээлэв.

Дэлхийн зэсийн 2%-ийг үйлдвэрлэдэг, 2016 онд нээгдсэн Лас Бамбас уурхай байнгын зогсолттой тулгарч байсан ч  үүнийг даван туулж чадсан. Харин Антапаккай орд руу  нэгдүгээр сард жагсагчид халдаж, нэг хэсгийг шатаасан. Уг орд одоогоор дахин нээхээр бэлтгэж байна.