Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Монголын өдөр”-өөр хайгуул, алтны төслүүдээ түлхүү танилцуулна

З.Цэлмэг

Хэдийгээр цар тахлын хугацаанд нэг жил өнжиж, 2022 онд цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан ч энэ жилийн хувьд PDAC- 2023 дэлхийн 130 гаруй орны шийдвэр гаргагч, хөрөнгө оруулагчид, төсөл хэрэгжүүлэгчид нэг дор цуглаж буй хамгийн том арга хэмжээ болно. 

PDAC 2023 арга хэмжээний салбар хуралдаанд буюу 3 дугаар сарын 5-нд хагас өдрийн турш Монгол Улс хөрөнгө оруулагчдад зориулан “Монголын өдөр”-өөр мэдээллээ хүргэнэ. Ингэхдээ УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар салбарын эрх зүйн орчны талаар мэдээлэл өгөх бол үлдсэн хугацаанд хувийн хэвшлийн оролцогчид хайгуулын болон ашиглалтын төслүүдийн талаар танилцуулна.   “Монголын өдөр”-өөс гадна УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Канадын Парламентын дарга, эрдэс баялаг, уул уурхайн салбар хариуцсан сайд нартай дээд хэмжээний уулзалт хийхийн зэрэгцээ бусад салбар хуралдаануудад оролцохоор төлөвлөжээ. 

Мөн Xanadu Mines, Apro компани Хармагтай, баруун бүс дэх алтны хайгуулын төслүүдээ танилцуулах бол газрын ховор элементийн хайгуулын төслүүдийг “Цогш”, Asian Battery Mineral компанийн зүгээс танилцуулах аж. УУХҮЯ-ны мэдээлж буйгаар цахилгаан автомашин, генератор, салхин сэнс зэрэг бүтээгдэхүүний 10 гаруй төрлийн эд ангид шаардлагатай дөрвөн төрлийн газрын ховор элементийн орд тогтоогдоод байгаа юм. 

Харин хэрэгжиж буй томоохон төслүүдийг төлөөлж “Оюутолгой”, “Хан-Алтай ресурс”, “Эрдэнэ ресурс девелопмент” компани мэдээлэл өгөх аж. Мөн Алт-2 хөтөлбөрийн үр дүн, тогтвортой уул уурхайн шилжилт, төсөл хэрэгжүүлэгч, орон нутгийн иргэд хоорондын ойлголцлыг сайжруулахад уул уурхайн нээлттэй өгөгдөл хэрхэн ашиглагдаж байгаа талаар хөрөнгө оруулагчдын сонорыг мялаахаар бэлтгэжээ.