Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Индонез олон арван жил түүхий эдийн экспортод түшиглэж ирсэн эдийн засгийн бодлогоо өөрчилнө

Ч.Сансар

Никель металл худалдан авагчдын шаардлагаар Индонезид боловсруулах үйлдвэр байгуулахаар болсны  дараа никелийн экспорт таван жилийн дотор арав дахин өссөн байна. 

Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай тус улс зэсийн баяжмалаас  загас агнуур  хүртэл бүх төрлийн түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулж, өндөр хөгжилтэй улсуудтай эн зэрэгцэхийн тулд эдийн засгийн хөгжлийн энэхүү загварыг сонгож байна.

Индонези улс 2045 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлж 10,000 ам.долларт хүргэхийг зорьж байна. Үүнээс гадна хамгийн их хөрөнгөтэй,  хүн ам ихтэй Жава арлаас гадна бусад арлуудад хөгжлийн шинэ төвүүд байгуулна.

“Бид никелийг анхны туршилт болгон ашиглаж байна" гэж Хөрөнгө оруулалтын сайд Бахлил Лахадалиа хэлэв. “Бид түүхий эдээ гадаадад боловсруулаад буцаагаад импортолдог.” Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Тайвань, Өмнөд Солонгосын жишээг ярих дуртай. Эдгээр хоёр улс үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлснээр “дундаж орлогын хавх”-наас  мултарч чадсан. Олон арван жил Индонезийн эдийн засаг түүхий эдийн экспортод түшиглэж ирсэн юм.

Дотооддоо боловсруулах салбарыг хөгжүүлэх эхний алхам энэ жил газрын тос, байгалийн хийгээс эхэлж, дараа нь загас агнуур руу аажмаар шилжинэ. Эдгээр шинэ арга хэмжээ нь 545 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжтой гэж Засгийн газар тооцоолж байна. Энэ нь Индонезийн одоогийн нэрлэсэн ДНБ-ий тал орчим хувийг эзэлж байна.

“Бид Индонезийг 280 сая хүн амтай, олон мянган аралтай гэх мэт тоогоор сурталчилж байсан. Энэ бол хөрөнгө оруулалтыг татах биш, түүх сурталчлах явдал байлаа" гэж Лахадалиа хэлэв. "Одоо бид  “Та ямар салбарт хөрөнгө оруулах вэ? Та ийм их өгөөжтэй ажиллана, та энэ байршилд ажиллах боломжтой” гэж хэлдэг болсон” гэв.
Хөрөнгө оруулалтын яамнаас хөрөнгө оруулах боломжтой төслүүдийн жагсаалтыг боловсруулж ил тод нийтэлдэг. Мөн тухайн төслийн   өгөөж, улсаас үзүүлэх урамшуулал гэх мэт мэдээлэл хөрөнгө оруулагчдад бас очно. Тухайлбал, Төв Сулавеси дахь 3.3 сая ам.долларын үнэ бүхий какао буурцагны үйлдвэр 22%-ийн өгөөжтэй, эсвэл Зүүн Жава арал дахь 1.13 тэрбум ам.долларын зэс боловсруулах үйлдвэр 16%-ийн өгөөжтэй гэх мэдээллийг хөрөнгө оруулагчид дамжуулна.

Энэ бодлого амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн онд Индонезийн гадаад худалдаа хамгийн их ашигтай гарч, хөрөнгө оруулалт 44%-иар нэмэгдэж, 80 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоожээ.

Хойд Малуку мужид никель боловсруулах салбарт хөрөнгө оруулсаны үр дүнд өнгөрсөн онд тус мужийн эдийн засаг 29%-иар өссөн.

Индонезийн хамгийн ядуу мужуудын нэг Баруун Папуад байгалийн хийгээр метанол, мочевин, аммиак үйлдвэрлэж, цаашид бордоо болгон ашиглаж байна. Өмнө нь туна загас, сам хорхойг Тайланд эсвэл Вьетнамд боловсруулах гэж ачуулдаг байсан бол одоо хэрэглэгчдэд   зориулсан далайн хоол боловсруулж савладаг үйлдвэрүүд баригдаж байна.

Индонез улс одоохондоо экспортын хориг тавих замаар бизнесүүдийг орон нутагт боловсруулах үйлдвэр барихыг шаарддаг. Засгийн газар нь цаашид илүү зөөлөн бодлого баримталж, бага боловсруулсан бүтээгдэхүүний урамшууллыг аажмаар багасгахыг хүсч байгаагаа мэдэгдсэн. Никелийн хувьд 40%-иас бага никель агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хайлуулах үйлдвэрүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн үг. Засгийн газар 70%-80%-ийн никелийн агууламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг шаардаж байгаа.

1970-аад оноос хойш дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэгийг олборлодог зэсийн аварга корпораци Freeport-McMoRan Inc-ийн хувьд хайлуулах шинэ үйлдвэрээ барихаар  ажиллаж байгаа бөгөөд энэ оны сүүлээр баяжмалын экспорт зогсох юм байна. 

Лахадалиа ирэх оны хоёрдугаар сард болох сонгууль энэхүү шинэ бодлогод сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хайлуулах болон боловсруулах үйлдвэрүүд аль хэдийн баригдаад эхэлчихсэн, эдгээр өөрчлөлтүүд эдийн засгийн  хөгжлийн салшгүй нэг хэсэг болсон гэдгийг тэрбээр онцлов.