Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын газрын тосны зах зээлийн төлөө  Саудын Араб, Орос өрсөлдөж байна


Ч.Сансар

Бараг гурван жил үргэлжилсэн Ковидийн хатуу хязгаарлалтыг Хятад цуцалж, эдийн засгаа дахин нээснээр, Хятадын газрын тосны эрэлт хэрэгцээ өсөж эхэллээ. Энэ оны дэлхийн нефтийн эрэлтийн өсөлтийн тал хувийг Хятад бүрдүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна. 

“ОПЕК+” бүлэг, Саудын Араб, Орос улс зэрэг дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэгчид дэлхийн хамгийн том түүхий нефтийн импортлогч улсын эрэлт хэрэгцээг хангахын тулд өрсөлдөх гэж байна.

Саудын Араб нь түүхий нефтээ урт хугацааны гэрээгээр борлуулдаг тул Хятадын зах зээлийн тодорхой хувийг баталгаатай эзэмшдэг. 

Барууны орнууд Оросын нефтийн борлуулалтад хориг арга хэмжээ тогтоосны дараа Орос Азид түүхий нефть, түлшээ хөнгөлөлттэй үнээр борлуулж эхэлсэн билээ. Энэ үйл явдал Хятадын худалдан авагчдыг олноор татах боломжтой.

Саудын арабчууд Азид борлуулдаг нефтийн үнээ гэнэт өсгөж, Хятадын эрэлт хүчтэй өснө гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлж байна. Гэсэн хэдий ч Саудын Арабын нефть Оросын хямд газрын тостой өрсөлдөх боломжгүй юм. Тиймээс Хятадууд Саудын Арабаас урт хугацааны гэрээний дагуу зөвшөөрөгдсөн хамгийн бага хэмжээгээр нефть авч магадгүй гэж Reuters-ийн Азийн түүхий эд, эрчим хүчний тоймч Клайд Рассел үзэж байна.

Энэ долоо хоногт Саудын Араб гуравдугаар сард Азид нийлүүлэх түүхий нефтийнхээ албан ёсны үнийг (OSP) гэнэт өсгөж, нефтийн зах зээлийг гайхшрууллаа. Saudi Aramco компани гуравдугаар сард Азид нийлүүлэх тэргүүлэх зэрэглэлийн Arab Light grade нефтийн үнийг баррель тутамдаа 0.20 ам.доллараар өсгөж, Дубай/Оманы жишиг үнээс 2.00 ам. доллараар илүү тогтоолоо.

Хятад улс дахин нээгдсэнээр Саудын Араб “ОПЕК+” бүлэг, Оростой дэлхийн түүхий нефтийн тэргүүлэгч импортлогчийн зах зээлийн төлөө өрсөлдөж байна.

Хятадын газрын тосны эрэлт сэргэнэ гэж өөдрөгөөр харж байгаа нь зөвхөн Саудын Араб биш юм.

Хятад дахин нээгдэж байгаа нь дэлхийн нефтийн зах зээлд хүчтэй нөлөөлж, энэ оны эрэлтийн өсөлтийн тал хувийг Хятадын хэрэглээний өсөлт бүрдүүлнэ хэмээн Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА) мэдэгдэв.

Reuters-ын тоймч Расселын иш татсан Refinitiv Oil Research-ийн мэдээлснээр, ОХУ-аас Хятад руу экспортлох нефтийн хэмжээ маш эрчимтэй өсөж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард өдөрт 1.52 сая баррель Оросоо экспортолж байсан бол энэ оны нэгдүгээр сард өдөрт 2.03 сая баррель хүрч өссөн байна. Харьцуулахад, Хятад руу өнгөрсөн сард дунджаар 1.77 сая баррель түүхий нефть Саудын Арабаас импортолж байсан.

PetroChina болон CNOOC зэрэг Хятадын төрийн нефтийн томоохон компаниуд саяхан Оросын түүхий нефтийг их хэмжээгээр худалдан авсан бөгөөд цаашид ч газрын тосны хэрэгцээгээ хангахын тулд Оросын хямд нефтийн импортоо нэмэгдүүлэх магадлалтай гэж “Energy Aspects” мэдээлэв.

Хятад улс дахин нээгдсэнээр Саудын Араб “ОПЕК+” бүлэг, Оростой дэлхийн түүхий нефтийн тэргүүлэгч импортлогчийн зах зээлийн төлөө өрсөлдөж байна.