Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Тяньжин боомтоор Монгол Улс руу жилдээ 90 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэдэг

А.Халиун

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод энэ сарын 10, 11-ний өдөр албан томилолтоор ажиллажээ. Хотын дарга Хятадын Хойд бүсийн усан тээвэр, логистикийн төв болон орчин үеийн үйлдвэрлэлийн бааз статустай  хөгжиж буй Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай танилцсан байна.

XIX зууны дунд үеэс үйлдвэр, худалдааны боомт хот болж хөгжсөнөөр Хятадын хойд бүсийн санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв болсон Тяньжин хотын боомт 500 сая чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай, хүчин чадлаараа Хятаддаа гуравдугаарт эрэмбэлэгддэг. Хотынхоо зүүн хэсэгт 170 км талбайг эзэлдэг уг боомт дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог тээврийн маршруттай бөгөөд тус боомтоор Монгол Улс руу жилдээ 90 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэдэг юм.  

Хотын дарга Д.Сумъяабазарыг Тяньжин боомтын удирдлага угтан авч, үйл ажиллагаа, хүчин чадал, технологийн дэвшлээ талаар танилцуулжээ.  

Тус боомтын үйл ажиллагааг хариуцдаг “Тяньжин порт” группийн гүйцэтгэх захирал Чү Бинь, Тяньжиний боомтод технологийн дэвшил, автомат системийг нутагшуулсан бөгөөд хүний оролцоо маш бага, бүтээмж өндөр, 1200 хүний хийх ажлыг 200 ажилчин гүйцэтгэдэг. Тухайлбал, хөлөг онгоцонд чингэлэг ачсаны дараа бэхэлгээг роботоор гүйцэтгэдэг нь зөвхөн манайд ашиглаж байгаа технологийн шийдэл юм гэжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар Тяньжинтай Ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээрт 1992 онд гарын үсэг зурж, хамтын ажиллагаа  эхэлсэн. Энэ хүрээнд хоёр хот соёл, боловсрол болон эдийн засгийн салбарт хамтран ажилласаар ирсэн.

Монгол Улсын хувьд далайд хамгийн ойр гарц нь Тяньжин хотын боомт. Ачаа тээврийн эргэлтийг саадгүй болгох, нэмэгдүүлэх чиглэлд цаашид онцгой анхаарч ажиллана. Үүний тулд боомт, гаалийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах вэ, ачаа тээврийг удаашруулж буй саад бэрхшээлийг арилгах нь чухал байна. Бидний зүгээс энэ тал дээр Тяньжиний боомттой хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэнэ гэв.

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Тяньжин хотын дарга Жан Гун, мөн тус хотын намын хорооны дарга Чэн Минь-Ар нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.  Тяньжин хотын боомтыг түшиглэн Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн сүлжээг бий болгох, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах нь чухал болохыг талууд онцолжээ.

2009 онд БНХАУ-ын Тяньжин хотын Ардын Засгийн газар болон Монгол Улсын Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яам хооронд Санамж бичиг байгуулж, Тяньжин хотын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр-логистикийн төв” байгуулахаар шийдвэрлэж байжээ. Сүүлийн 16 жилийн турш тодорхой шийдэлд хүрээгүй энэ төслийг урагшлуулах, хамтран ажиллах боломжуудын талаар мөн хоёр тал хэлэлцсэн байна.