Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

С.Бямбацогт: Тяньжин боомтод тээвэр логистикийн төв байуулах ажлыг эрчимжүүлнэ

А.Халиун


Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.02.07/ “Тяньжин Порт групп” ХК-ийн дэд ерөнхийлөгч Сюй Сюбо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг эхлүүлэх, хуурай боомт байгуулах талаар санал солилцлоо.
БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын импортын нийт ачааны 80 гаруй хувийг Тяньжин боомтоор тээвэрлэдэг.

Сайд С.Бямбацогт, “Ковид-19 цар тахлын үед тээврийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээ хамгийн чухал гэдгийг ойлгосон” хэмээгээд тээвэрлэлттэй холбоотой хүндрэлийг шийдвэрлэхэд онцгой анхаарч, туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Тэрбээр, Монгол Улс далайд гарцтай болох бодлогыг дэмжин, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төсөл нь 2004 оноос хойш урагшлаагүй.

Тиймээс төслийг нэн шуурхай эхлүүлэх шаардлагатай. Үүний тулд “Монголиан порт групп" ХХК-ийн дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулахыг 2023 оны эхний хагаст багтаан шийдвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтанд өгсөн. Цаашид уг төслийг хэрэгжүүлэхэд сайдын хувьд бүх талаар дэмжин ажиллах болно. Хамгийн чухал нь төслөө бодит, үр дүнтэй ажил болгох ёстой” гэлээ.

Тус төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын экспорт, импортын ачааны тээвэрлэлтийн хугацаа, зардал багасах ач холбогдолтой юм. Иймд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд харилцан ашигтай далайн болон хуурай боомт, тээвэр логистикийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой буйгаа салбарын сайд илэрхийлэв. 

Нөгөө талаас Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг хоёр улсын эдийн засаг, худалдаа, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаад талархсанаа илэрхийлж, дээрх төсөл хөтөлбөрүүдэд бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.