Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Илүүдэл нүүрс хүчил ялгаруулахгүй байх ирэх цагийн шаардлагад бизнесээ бэлтгэе”

 

2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр "Шангри Ла" зочид буудалд ийм нэгэн уулзалтыг  Монголын бизнесийн зөвлөл  (МБЗ) бүх гишүүддээ зориулан уур амьсгалын технологийн компани болох  URECA-тай хамтран хийлээ.  

Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийг түгшээх болсон энэ цаг үед илүү тогтвортой, хариуцлагатай бизнесийн загварт шилжихийг хүсэж буй компаниудад мэдээлэл өгөх, туршлага хуваалцах, шинэлэг санаа болон инновац технологийн боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, тогтвортой байдлын тайлан гэгдэх  ESG тайлагналын ач холбогдол, хөрөнгө босгох  шинэ боломжуудын талаар мэдээлэл өгөх зорилготойгоор уг уулзалтыг  зохион байгуулжээ. Энэ уулзалтад 150 гаруй хүн оролцлоо.

ESG нь байгаль орчин, нийгэм, компанийн засаглал гэсэн гурван чиглэлээр компанийн үйл ажиллагааг хамарсан өгөгдлийг ил болгосон тайлан юм. Уг тайлан нь хөрөнгө оруулагчид болон бусад оролцогч талуудад тухайн бизнесийн эдгээр гурван чиглэлд үзүүлэх нөлөөллийн талаарх тойм мэдээллийг өгдөг. Мөн  хөрөнгө оруулагчдад байгаль орчны эсвэл нийгэм, засаглалын үйл ажиллагаанаас үүдэлтэй санхүүгийн эрсдэл өндөртэй компаниудаас зайлсхийхэд тусалдаг.

Нүүрс хүчлээс ангид санхүүгийн бүртгэл урт хугацааны санхүүжилт татахад хэрхэн тусалж чадах вэ? мөн нүүрс хүчил ялгаруулдаггүй компани болох арга замууд гэх мэт бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй мэдээллийг ч энэ үеэр өгсөн юм.

 “Уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцлийг компаниуд хэрхэн манлайлж болох вэ” Сэдвээр хэлэлцүүлэг өрнөлөө. Уг хэлэлцүүлэгт URECA Компанийн үүсгэн байгуулагч, Үйл ажиллагаа хариуцсан захирал  Б. Амар, Рио Тинто компанийн Эрчим хүч, Байгаль орчны асуудал хариуцсан ахлах зөвлөх Б.Ананд, Говь корпорацийн өсөлт стратеги хариуцсан захирал Б.Амарсайхан,  Эрдэнэ Ресурс Девелопмент корпорацийн дэд ерөнхийлөгч Жон Леонс, Азийн Сангийн төлөөлөгч Марк Коэн, URECA компанийн үүсгэн байгуулагч, технологи Хариуцсан захирал Э.Өнөрбат нар оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр Рио Тинто компанийн Эрчим хүч, Байгаль орчны асуудал хариуцсан ахлах зөвлөх Б. Ананд “Манай компани төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан олборлодог. Ашиглаж буй эрчим хүчээ, сэргээгдэх эрчим хүч болгох зорилготой. Дизель шатахуун бус нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг шатахууныг ашигладаг. Бид 2030 он гэхэд  нүүрс төрөгчийн ялгаруулалтыг 30 хувиар бууруулах амлалтыг Австралийн Засгийн газарт өгсөн. Манай зэсийн групп 2022 оны байдлаар 50 хувиар эрчим хүч хэмнэсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг их хэмжээний хөрөнгө оруулалтыг манайх хийсэн” гэж танилцуулсан юм. Ногоон хөгжлийг дэмжигч компаниуд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах амлалтыг энэ мэтээр Засгийн газартаа өгдөг аж. Эдгээр компаниуд өөр улс оронд хэрэгжсэн төсөл хөтөлбөрөөс бий болсон нүүрстөрөгчийн кредит гэгчийг худалдан авч уг амлалтаа биелүүлдэг байна. Нэг кредитийн үнэлгээ  хамгийн багадаа 50 доллар, дунжаар 70-80 доллар хүрдэг гэнэ. “Уур амьсгалын өөрчлөлт өнөөдөр  танай компанийн үйл ажиллагаанд чухал бус, ач холбогдолгүй  юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт таныг сорих болно” гэж Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүн, Бизнес хөгжүүлэлтийн менежер Рой Пэн хэллээ.

Харин Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт, “Дэлхий нийтээрээ цаг алдалгүй, зайлшгүй хийх үйл ажиллагааны нэг нь энэ. Австрали болон хөрш БНХАУ-аас эхлээд 2060 он гэхэд нүүрс хүчлийн хийг ялгаруулахгүй байх амлалт авч байна. Карбон кредит буюу нэг тонн СО2-г бууралтыг дэлхий нийтээрээ худалдан авах зах зээл болон хувирч байна” гэлээ. 

URECA бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  хөдөлгөөнд нэгдсэн технологийн компани ажээ. Бизнесийн байгууллагуудын хүлэмжийн хийн тооцооллыг гаргадаг. Хэмжилт, тооцоо хийснээр ногоон хөгжил, нүүрстөрөгчийн зах зээлийг өргөжүүлнэ. Гэхдээ одоохондоо манай улсад энэ зах зээл хөгжөөгүй байгааг онцоллоо. Энэ зах зээлийг тэлж, олон улсад нүүрстөрөгчийн кредит зарах шаардлагатайг тэд дурдлаа. Агаарын бохирдлоос болж амьсгаа дээртэй байгаа манай улсын хувьд мөн ч хэрэгтэй зах зээл бололтой. “АНУ-ын хөрөнгө оруулалтын сангуудад бүртгэлтэй компаниуд тогтвортой байдлын тайлан буюу ESG гаргадаг болсон. Өнөөдөр нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах төсөлд хөрөнгө оруулсан компаниудыг илүү найдвартай, ашигтай гэж үзэх болсон. Манай улс хийн ялгарлаа бууруулахын тулд хуучин техник технологио шинэчилж, утаа гаргадаг үйлдвэрүүдэд шүүлтүүр тавих, эрчим хүчээ хэмнэх зэргээр бүхий л арга, шинэ туршлага, технологийг ашиглах хэрэгтэй” байгааг URECA компанийн Тогтвортой байдал хариуцсан захирал  Б.Онон бизнес эрхлэгч нарт танилцуулсан юм.