Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

АНУ руу шууд нислэг хийх бэлтгэл ажил нэг алхам урагшиллаа 

А.Халиун

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг бизнесийн хэргийг хамаарсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Т.Ёнеока нар 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, Зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурлаа.  

АНУ-ын олон улсын нисэхийн “Агаарын нээлттэй орон зай” бодлоготой нийцсэн орчин үеийн харилцааны суурийг энэхүү хэлэлцээрээр хоёр орны иргэний нисэхийн салбар хооронд байгуулж буй юм. Ингэснээр нислэгийн багтаамж болон давтамж хязгаарлалтгүй болж, чиглэл сонгох, аяллын дугаар хамтран эзэмших зэрэг боломжууд нээгдэнэ.  

Хоёр тал өөрсдийн дотоод зохицуулалтуудыг гүйцэтгэж дууссанаар хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.

Хэлэлцээрийн төслийн талаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, 2023 оны тавдугаар сард хэлэлцээний төслийг эцэслэн байгуулна хэмээн тооцоолж байна. Хэлэлцээрийг эцэслэн байгуулснаар хоёр орны хооронд шууд нислэг явахгүй. АНУ-ын агаарын тээврийн аюулгүй байдлын албанаас тодорхой шаардлагууд тавигдана. Монголын талаас ойрын үед урьдчилсан аудит оруулах хүсэлтээ тавина. Ингэснээр аюулгүй байдлын шалгалтууд эхэлнэ. Шалгалтын урьдчилсан дүнгээр засаж сайжруулах зүйлсийг бидэнд хэлж өгөх болов уу. 

Үүний дагуу засах сайжруулах ажлыг хангасан гэж үзвэл АНУ-ын талд  тус улс руу шууд нислэг хийх тухай саналаа тавьж, эцсийн аудит хийлгэнэ. 

-Шууд нислэгийг хэзээнээс эхлэх боломжтой гэж үзэж байна вэ? 
-Эцсийн аудитын дүнгээр АНУ-ын талын шаардлагыг хангасан гэж үзвэл шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ гэлээ. 

Монгол Улс АНУ-ын 4-5 хот руу шууд нислэг үйлдэнэ хэмээн тооцоолж буй бөгөөд шууд нислэгийг 2024 онд эхлэхээр зорин ажиллаж байна. 

Монгол Улстай байгуулж буй энэ хэлэлцээр нь хоёр улсын эдийн засаг, худалдааны нягт хамтын ажиллагааг богино хугацаанд тэлж, хоёр орны иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэн, агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын компаниуд болон иргэдэд шинэ боломжуудыг бий болгоно. Мөн агаарын тээвэрлэгчдийн хувьд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг илүү ая тухтай, богино хугацаанд, хямд үнээр хүргэх боломжийг бүрдүүлнэ. Хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны Засгийн газар нисэхийн салбарт өндөр стандартыг мөрдөн нисэхийн найдвартай, аюулгүй үйл ажиллагааг хангах үүргийг хүлээх  юм хэмээн Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас энэхүү хэлэлцээрийн ач холбогдлыг дүгнэн мэдээлэв. 

АНУ-ын “Агаарын нээлттэй орон зай” хэлэлцээр нь АНУ-ын агаарын тээвэрлэгчдэд АНУ-ын хил хязгаараас гаран нислэг үйлдэж, Америкийн эдийн засгийг дэлхийн бусад улс орнуудын зах зээлтэй холбох боломжийг олгодог бөгөөд энэхүү хэлэцээрийг 130 гаруй оронтой байгуулсны нэг нь Монгол улс болох юм.