Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнуудыг авах сонгон шалгаруулалт үргэлжилж байна


А.Халиун

Төрийн өмчит уул уурхайн үйлдвэрийн газруудын нэгдсэн бодлого, удирдлага менежментээр ханган ажиллах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх  үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдаад 15 жил болсон ч үндсэн үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй гэсэн дүгнэлтийг Засгийн газар хийсэн. 

Тиймээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, менежментийн баг байгуулан олон улсад болон дотооддоо хөрөнгө босгох чиглэлүүдэд анхаарал хандуулж, Монгол Улсын баялгийн санг бүрдүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон компани болгох зорилтоо ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Үүний тулд  “Эрдэнэс Монгол”-д өндөр ур чадвартай мэргэжилтэн ажиллаж, цалин хангамжийн хувьд ч Монголдоо толгой цохих хэмжээний компани байх учиртай гэж мэдэгдээд, тус компанийн Гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан билээ. 

Засгийн газраас тус компанийн орон тоог  89-өөр баталж, 88 орон тоон дээр олон нийтийн дунд сонгон шалгаруулалт зарласан ба тус компанийн одоогийн ажилтнууд ч мөн сонгон шалгаруулалтад оролцож, тэнцвэл үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэсэн юм. 

Нээлттэй сонгон шалгаруулалтад нийт 71 ажлын байранд давхардалгүй тоогоор 2955 иргэн анкетаа ирүүлжээ. Ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг 14 хоногийн турш цахимаар бүртгэсний дараа өчигдөр буюу нэгдүгээр сарын 26-наас эхлэн тухайн ажилд тавигдах шаардлага хангасан 2407 иргэн сорилын шалгалт өгч байна. 

Шалгалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, ажлын байр тус бүрд тестийн шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав хүртэлх хүнээс ярилцлага авах юм.

Тестийн шалгалтаас өндөр оноо авсан иргэд ярилцлагын шалгалтаа өгөх ба гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ярилцлага авна. Тест болон ярилцлагын шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчдыг “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтод танилцуулна. 

Эрдэнэс Монгол ХХК нь Монголынхоо төрийн өмчит компаниуд дунд хамгийн өндөр цалинтай байгууллага байх ба цалинг дөрвөн үе шаттай олгоно.

•    Ахлах менежер буюу хуучнаар газрын дарга- 9-12 сая төгрөг 
•    Менежер- 6.5-8.5 сая төгрөг
•    Ахлах мэргэжилтэн- 4-6 сая төгрөг
•    Мэргэжилтэн- 2-4 сая төгрөгийн цалинтай байх тухай компанийн ТУЗ-ийн шийдвэр гарсан байна. 

Нээлттэй сонгон шалгаруулалтын дараа ирэх хоёрдугаар сараас тус компани шинэ бүтэц,  бүрэлдэхүүнээр ажиллаж эхлэх юм байна. 


 

Сэтгэгдэл (1)

  • Пүрэвсүрэн (134.195.198.201)
    Ажилд бүртэгүүлий
    2023 оны 06 сарын 05 | Хариулах