Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголбанкны удирдлагуудад экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулах чиглэл өглөө


 

А.Халиун

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын чуулганы завсарлага эхэлмэгц Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийхээр төлөвлөжээ. Тэрбээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын хамтаар лхагва гарагт /2023.01.24/ Монголбанкны удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарим чиглэл өгсөн байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал гэдгийг сануулаад эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө.
Экспортыг дэмжих замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, цаашлаад үнийн өсөлт, инфляцийг сааруулах боломжтойг дурдаад Монголбанкны 2023 оны бодлого, хөтөлбөрүүд экспортыг дэмжихэд чиглэх хэрэгтэйг сануулав.

Тэрбээр, дэлхийн эдийн засгийн төлөв байдалд зарим эерэг өөрчлөлтүүд гарч байна. БНХАУ цар тахлын хязгаарлалтын бодлогоо өөрчиллөө. Үүнтэй уялдаатайгаар Монголбанк энэ оны эдийн засгийн гол төсөөллүүдээ яаралтай шинэчилж танилцуулах хэрэгтэй хэмээв.

Мөн цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт туссан ажлын байрыг хадгалж, экспортыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн зарцуулалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө.