Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Халзан Бүргэтэйн асуудалд Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна

www.khovdtimes.mn  сайтын Эрхлэгч, редактор Ж.Саруул 
 

Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан бүргэтэйн орд газарт газрын ховор элементийн хайгуул хийхээр ирсэн “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн  үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцсээр байгаа ч төрөөс дорвитой шийдвэр гараагүй байна.

ХУУЛЬ БУС ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ  

Учир нь 2012-2013 онд “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь Халзан бүргэтэйд өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэвч тус компанийн  үйл ажиллагаа  олон зөрчилтэй гэсэн  мэдээллүүд хэвлэлээр гарч, тухайн үеийн аймгийн удирдлага анхааралдаа авсан билээ. Улмаар хяналт шалгалт явуулахыг Мэргэжлийн хяналтын газарт даалгаснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгаад, анх  2001, 2004 онд “Монтем” компанид олгогдож, дараа нь /2011 онд/ “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанид шилжүүлсэн  ашиглалтын тусгай зөвшөөрөл  нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.6, 26 дугаар зүйлийн 26.2.3, 26.3.1, 26.7 дахь заалтуудыг тус тус зөрчиж олгосон, мөн хайгуул, ашиглалтын  үйл ажиллагаа явуулах хугацаандаа Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44  дүгээр  заалтуудыг бүрэн хэрэгжүүлээгүй байсан учраас 2012 оны 10 дугаар сарын 29-ны 21-05/003/675 дугаартай “ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга Г.Нямдаваа хууль бус тусгай зөвшөөрлийг цуцлуулахыг хүсэж Ашигт малтмалын газарт 2012 оны зургадугаар сарын 6-ны өдрийн 1/774 дугаар албан бичгээр, АМГ-ын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 1/1297 дугаар албан бичгээр тус тус хандсан. АМГ-аас ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахын тулд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт хэрэгтэй гэж хариу өгсөн тул баримт нотолгоог үндэслэн дүгнэлт гаргаж өгөхийг хүсэж тухайн үеийн Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1415 дугаартай албан бичгээр тус тус хандсан. Гэвч БОНХЯ-наас хариу ирүүлээгүй, дүгнэлт гаргаагүй орхигдсон байдаг” тухай “Ховдын толь” сонины сэтгүүлч Г.Төрмөнх нийтлэлдээ онцолжээ. 


ЦАЦРАГИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНД БАЙГААГ СУДЛААЧИД ТОГТООСОН  

Анх уг газарт 1971 оноос хойш тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын геологийн экспедицийн судалгааны үр дүнд бий болсон мэдээллүүдэд цацраг идэвхт бодисын идэвхжлийн түвшин байгалийн болон ахуйн, мөн үйлдвэрлэлийн аль аль нөхцлүүдэд хүлцэх буюу аюулгүйн стандарт хэмжээнээс харьцангуй илүү /болзошгүй аюулын түвшинд/ гэж гарсныг  энэ чиглэлээр судалгаа хийдэг судлаачид эш баримт болгосоор иржээ. 

Мөн МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн мэргэжилтнүүд баталгаат  хэм­жил­­тийн багажаар  2013 онд хэмжилт хийхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, аюултай түвшинд гэсэн дүгнэлт гарчээ. 

Халзан бүргэтэйн газрын ховор элементийн орд газар дахь тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг  анх хууль бусаар олгосон, мөн 2021 онд Мянгад сумын Засаг даргын баталсан байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө шаардлага хангахгүй байгаа тул цуцлах үндэслэлтэй, тухайн компани аймгийн БОАЖГ-тай байгуулсан ус ашиглах гэрээгээ мөрдөхгүй, зөрчил гаргасаар байгаа, Халзан бүрэгтэйд өрөмдлөг хийсний нөлөөгөөр ойр орчимд нь нутагладаг ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьд­рах Үндсэн хуулиар олгосон эрх зөрчигдөх болсон, тухайлбал ойр орчинд нь нутагладаг ард иргэдийн тухайд урагт аюултайгаар нөлөөлсөн байх болзошгүй гэж үзэхээр тохиолдлууд хэд хэд илэрсэн. Үүнд: мал амьтан өвчлөх, дотор эрхтнүүдэд нь хордлогын шинж илрэх зүйлүүд байсаар байгаа гэсэн  мэдээллүүд бий ч эрх бүхий газрууд энэ асуудлыг судалж нягталж, мөрөөр нь арга хэмжээ авахыг хүсэхгүй байгаа зэрэг асуудлын улмаас нутгийн ард иргэд Халзан бүргэтэй дэх ашиглалтын тус­гай зөвшөөрөлтэй талбайд явуулж буй хайгуул өрөмдлөгийн ажлыг эсэргүүцэх болсон. 

“МОРЬТОН МЯНГАДУУД” ЭСЭРГҮҮЦЛИЙН ЦУГЛААН БОЛОВ 

2022 оны арваннэгдүгээр  сарын 4-ний өдөр албан ёсны эсэргүүцлийн цуглааныг Халзан бүргэтэйд байрлаж буй “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК болон туслан гүйцэтгэгч “Ти ар эм эксплорэйшн” ХХК-ийн буурилсан газрын /кэмп/ дэргэд зохион байгуулав. Цуглаанд Мянгад болон ойр орчмын зарим сумдын 300 гаруй иргэд цуглажээ. Цуглаанд оролцогч морьтон Мянгадууд угсаатныхаа эртний түүхийн бэлгэдэл болгон цагаан алчуураар толгойгоо ороож, “Ард иргэдийн үндсэн хуулиар олгосон эрхэнд бүү халд!”, “Халзан бүрэгтэй дэх ашиглалтын хууль бус лицензийг цуцлуул”, “Хариуцлагагүй уул уурхайг эсэргүүцэж байна”  уриа лоозонгууд барьж, тухайн компанид болон Мянгад сум хийгээд Ховд аймгийн ИТХ, Засаг дарга, Тамгын газарт шаадлага хүргүүлсэн юм. Шаардлагад дээрх асуудлуудыг онцлоод дараах шаардлагуудыг хүргүүлжээ. 

1.    Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн батлуулсан байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь шаардлага хангахгүй байгаад дүгнэлт хийж, уг төлөвлөгөөг баталсан шийдвэрийг цуцлах. Мянгад сумын бүх багийн ард иргэд болон сумын ИТХ-аас хэлэлцэн тогтсоны дагуу олон талын оролцоотой хараат бус Ажлын хэсэг байгуулан, Халзан бүргэтэй дэх уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүдийг хянан шалгах ажлыг зохион байгуулах. 
2.    Дээрх Ажлын хэсгээс тодорхой дүгнэлт гаргах хүртэл Халзан бүргэтэйд явуулж буй хайгуул өрөмдлөгийн ажлыг зогсоох тухай мэдэгдлийг “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК болон “Аурум металс” ХХК-д хүргүүлэх. 

3.    “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ний анхнаасаа хууль бусаар авсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах шаардлагыг холбогдох газруудад хүргүүлж шийдвэрлүүлэх. 
4.    2013 онд Мянгад сумын ИТХ-аас гаргаж байсан шийдвэр болон холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн саналыг сэргээж, Алтан Хөхий уулын байгалийн нөөц газрын хилийг өргөтгөх замаар Халзан бүрэгтэй уул болон түүний орчим газрыг тусгай хамгаалалтад авах  тухай санал боловсруулж шийдүүлэх асуудлыг судлаж хэрэгжүүлэх. 
5.    Халзан бүргэтэй ууланд уул уурхайн үйл ажиллагаа явуулсантай холбоотой хүрээлэн байгаа орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд сөрөг хүчин зүйлс үүсэж, ойр орчинд нутагладаг ард иргэдийн тухайд урагт аюултай нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэх тохиолдлууд илэрсэн, мал амьтан өвчлөх, дотор эрхтнүүдэд нь хордлогын шинж илрэх зүйлүүд байсаар байгаа тухай ард иргэдийн мэдээллийн мөрөөр судлан шинжлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулж, нөхцөл байдлыг тогтоон, шаардлагатай тохиолдолд хохирлыг арилгах арга хэмжээ авах. 

Ийнхүү ард иргэд болон эсэргүүцлийн хөдөлгөөнийхний шаардлагын дагуу Мянгад сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар байгуулагдсан хараат бус Ажлын хэсгийнхэн болон МУИС-ийн Ховд аймаг салбарын шинжээчдийн баг, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, сумын ИТХ-ын зарим төлөөлөгчдийн хамт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэмжилт хийхээр очтол компанийхан болон өрөмдлөг явуулж байсан нөхөд тэнд хэмжилт хийх ажлыг нь эсэргүүцэж хориглов. Угтаа дурын аж ахуйн нэгж ийнхүү Засаг даргын Захирамжаар томилогдсон Ажлын хэсгийн ажлыг хийлгэхгүй байх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77.1, 77.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд тэнд очсон Ажлын хэсгийнхэн хэмжилт хийлгүй буцжээ. 


ЗАСГИЙН ГАЗРААС ИРСЭН АЖЛЫН ХЭСЭГ ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЗОГСООВ 

Ийнхүү нөхцөл байдал асуудалтай болсон тул тал талаасаа анхаарч уг асуудлыг эсэргүүцэгчдийн оролцоо хүчин чармайлтаар УИХ, Засгийн газарт санал хүргүүлж Засгийн газраас Ажлын хэсэг томилогдон, 2022 оны 11 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд Ховд аймгийн Мянгад сумын Халзан бүргэтэйд ажиллав. 

Засгийн газраас томилогдсон Ажлын хэсгийн гишүүд өрөмдлөг хийж буй компани болон захиалагч компанийн үйл ажиллагаатай танилцаж, баримт материалуудыг үзэж судлахын зэрэгцээ Монгол Улсын Цөмийн энергийн газрын Цөмийн аюулгүй байдлын албаны дарга, мэргэжилтэн, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн Байгалийн шинжлэлийн сургууль, физик, хими технологийн тэнхимийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан, мөн “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн  мэргэжилтнүүд тус тусын цацрагийн идэвхийг хэмждэг мэргэжлийн багажуудтай  тусгай зөвшөөрөл бүхий талбайд орж, Ажлын хэсэг болон оролцогчдын хяналтын дор цацраг идэвхт бодисын идэвхийг хэмжих хэмжилт явуулав. Хэмжилтийн үр дүнд Халзан бүргэтэй дэх тусгай зөвшөөрөл бүхий талбайд цацраг идэвхт бодисын идэвхийн нөлөө нь байгалийн нөхцөлдөө буюу хөрсөн дээрээ Монгол орны ердийн дундажаас 4-8 дахин их (энэ нь өрөмдлөг явуулан газрын хүйсийг цоолж хэвлийг нээсэнтэй холбоотой), (Цөмийн энергийн газрын шинжээч, албаны дарга Нямдаваагийн танилцуулснаар ердийн дундажаас 7-8 дахин) их байгаа нь тодорхой болов. Хэмжилт болон баримт материалуудтай танилцах ажлын дараа газар дээр нь хүрэлцэн ирсэн нутгийн иргэдтэй уулзалт хийж, тэднээс мэдээлэл, санал бодлыг нь сонсох харилцан ярилцах үйл явдал өрнөсөн бөгөөд тэнд цугласан нутгийн   иргэд “компаний үйл ажиллагааг яг одоо зогсоогоод, эндээс явуул!” хэмээн шаардсан юм.  

Ингээд Ажлын хэсгийнхэн Ховд  аймгийн төвд ирмэгц  аймгийн Онцгой комисс  хуралдаж, Ажлын хэсгийн дүгнэлт гарах хүртэл Халзан бүрэгтэй дэх хайгуул өрөмдлөгийн ажлыг зогсоох шийдвэр гаргав. 2022 оны 11 дүгээр сарын 15-нд аймгийн Онцгой комиссын тогтоол болон сумын Засаг даргын захирамжийн дагуу албаны хүмүүс Халзан бүргэтэйд өрөмдлөг явуулж байсан ажлын багийн өрөмдлөгийн машин техникүүдийг лацдаж, акт үйлджээ. Гэтэл мэргэжлийн байгууллагын эцсийн дүгнэлт бүрэн гараагүй байхад аймгийн Онцгой байдлын газрын дарга Х.Алтанбадралт “Халзан бүргэтэй дэх үйл ажиллагаа шинжилгээний дүнгээр ямар ч хор нөлөөгүй байгаа” тухай дэгсдүүлсэн мэдэгдэл хийгээд амжсан нь цахим орчинд олон нийтийн дургүйцлийг хүргэв. 

Харин Ажлын хэсгийн болон мэргэжлийн байгууллагуудын эцсийн дүгнэлт одоо ч гараагүй байгаа юм. Уг Ажлын хэсгийн эцсийн дүгнэлтийг МХЕГ-аас гаргах юм байна. Харин МУИС-ийн Ховд дахь салбар буюу хараат бус хөндлөнгийн шинжээчийн өөрсдийн багаж хэрэгслээр хийсэн дүгнэлтээр “7-15 дахин их байгаа” гэж гарчээ. Тэгэхээр энэ хоёр газрын дүгнэлт хоорондоо таарах эсэх асуудлыг олон нийт анхааралтай ажиглаж байна. Тодруулбал, хэмжилтийн багаж нь тори 232, калий 40, ради 226  зэрэг цацраг идэвхит үүсгүүр байгааг бүртгэсэн.

Тухайн шинжилгээний баг зам гаргасан газраар явж хэмжилт хийхийн хажуугаар замын хажуу талын шинээр эрэг үүссэн газар хэмжихэд арай өндөр зааж байжээ. Энэ нь хөрс хуулалт хийхэд цацрагийн хэмжээ нэмэгдэх магадлал маш өндөр байгааг илтгэж байна. 
Мянгад сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Хараат бус Ажлын хэсэг” болон тухайн асуудлаар анхааран ажиллаж буй Ховд аймаг дахь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд дараах шаардлагуудыг Ховд аймгийн Засаг дарга хийгээд Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэгт тавиад байгаа юм. Үүнд:  

1.    “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн 2021 онд Мянгад сумын Засаг даргын баталсан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөө нь БОАЖ-ын сайдын 2019 оны А/618 дугаар  тушаалаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, 
тайлагнах журмын 2.1, 3.1, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10 дахь заалтууд, мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж батлагдсан.
 
2.    Энэхүү төлөвлөгөөний дагуу тус компанийн явуулж байгаа үйл ажиллагааны улмаас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.3-т заасан нийтийн эрх ашигт харшилсан нөхцөл байдлууд илэрснийг онцгойлон анхаарах зайлшгүй шаардлага үүссэн.
  
3.    Батлагдсан 2022 оны хайгуулын ажлын үед мөрдөх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн  төлөвлөгөөнд юуны өмнө газрын хүйсийг цоолж, хэвлийг хөндсөн нөхцөлд цацраг идэвхт туяаны дэгдэлт, тархац бий болох болзошгүй нөхцөл шалтгааныг тооцож, түүнээс хэрхэн сэргийлэн хамгаалах, нөлөөллийг бууруулах арилгах талаар тусгаагүй. 

4.    Дээр дурдсан цацрагийн үүсэл дэгдэлтээс гадна нутгийн ард олны шийдвэртэй эсэргүүцсээр ирсэн нөхцөл шалтгааныг анхаарч, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 1.5 -д заасны дагуу орон нутгийн захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын байгууллага, Ажлын хэсгээр дүгнэлт гаргуулан, түүний дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгахаар байсан боловч хэрэгжүүлээгүй. Энэ үүднээс уг төлөвлөгөө нь шаардлага хангахгүй байгаа бөгөөд дээр дурдсанчлан нийтийн эрх ашигт харшилсан, тулгамдсан нөхцөл байдлууд үүссэн тул төлөвлөгөөг хүчингүй болгох, цуцлуулах үндэслэл байна гэж үзэж байгаа юм” гэх шаардлагуудыг онцлон дурдсан байв. 

Түүнчлэн дэлхийн ус намгархаг газрыг хамгаалах “Рамсар”-ын конвенцид бүртгэгдсэн байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад орсон, Алтайн ар говийн цэвэр усны нөөцийг агуулсан Хар ус нуур орчмын бүс нутаг нь эмзэг эко системтэй бөгөөд тус уурхайн үйл ажиллагааны улмаас цацраг идэвх бодисоор бохирдох аюул учирч болзошгүй гэж олон нийт үзэж буй юм. Мөн Буянт голын сав газрын дагуух тариалангийн хөрс усанд сөрөг нөлөө үүсч, бүс нутгийн хүнсний аюулгүй байдалд аюул нүүрлэж болзошгүй гэдгийг онцгойлон анхаарах шаардлага бий. 

Мөн “Халзан бүргэтэй”  төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсэн “Ашид ананд” ХХК болон захиалагч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК хамтран Мянгад сумын Гахайт багийн иргэдэд хүчээр эд зүйл тараах, мөнгө төгрөг болон бусад бусармаг аргаар ард иргэдийг хуурах оролдлогыг байнга гаргасаар ирсэнийг ч эх сурвалжууд онцлоод буй. Түүнчлэн тус компани нь уг хайгуулын тусгай зөвшөөрлөөс гадна тухайн газарт ашиглалт хийх тусгай зөвшөөрлөө мөн авсан байгаад нутгийн иргэд ихэд болгоомжилж, эсэргүүцэж буй юм. Учир нь нэгэнт ашиглалтын зөвшөөрөл авчихсан байгууллага тун удалгүй өмнө нь явж ирсэн башир аргуудаа ашиглан хэзээ мөдгүй ашиглалт явуулна гээд ороод ирж мэдэхээр байгаа эрсдэлийг тооцоолон болгоомжилж байгаа аж. Тиймээс Халзан бүргэтэйн асуудалд хайнга хандаж болохгүйг ийнхүү эсэргүүцэн Засгийн газраас гарах шийдвэрт олон нийт чих тавин хүлээж буй юм. 

Сэтгэгдэл (7)

  • МОНГОЛ (202.179.2.114)
    ухах,авах идхээ л бодхоос биш нөхөн сэргээлт,байгаль орчиноо хайрлах,хамгаалах иргэд ард түмний аюулгүй байдлыг юман чинээ боддоггүй уурхай нэртэй ухагчид их байгаа үед Манай улсад уул уурхай мөнхөд ийм хэрүүл тэмцэлтэй л байна, яг үнэндээ энэ уурхай ашиглалтанд орсны дараа тэнд сайн сайхан хөгжил ирнэ гэх гялтайх ч юм харагдахгүй л байгаа зөвхөн хэдхэн хүн л баяжаад гарна гэхдээ тэр хүмүүс нь энэ уурхайлуугаа ганц ч ирэхгүй амь насандаа дэндүү хайртай хүмүүс тэдэнд нутгийн иргэд байтугай энэ уурхайд нь ажиллаж байгаа хүн нь хордно уу үхнэ үү түй ч хамаагүй
    2023 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.183.162)
    Саруул сэтгүүлч буруу газраа ажиллаад байна даа өөрөө. Шар сонинд очиж ажиллахаар юм даа. Эсвэл уул уурхайн салбараас танай сэтгүүл холдож үз!!!!
    2023 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.22.121)
    Уул уурхайн салбараа ингээд орон нутгынхантай нийлээд балбаад байвал та нар өөрсдөө л хийх ажилгүй болох байх даа
    2023 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (192.82.82.174)
    Mergejliin setguul suuliin ued oron nutgiin irgediin eserguutsel ene ter l bichdeg boljdee huurhii
    2023 оны 01 сарын 05 | Хариулах
  • Zochin (64.119.19.247)
    Mongolian Mining Journal eniig yagaad tavisniig oilgosongui… Khovdiin Setguulch busgui baina. Neg taliig Barisan bichilttei yum uul ni… MMJ medekhgui ee
    2023 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.38)
    Saruul setguuclhee, huuli shuuhtei uls shuu. eren survaljlah setguulzui hiih gj oroldoj bga bol bas goyor hiisen n der shu
    2023 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.121.236)
    Tanaih ulsdaa ner hundtei uul uurhain setguul baij iim hachin neg taliig buruutgasan surgaar sonsson yum bichihee bolioch, Huvi hunii uzel bodloo ingej bichij bolohgui bizdee.
    2023 оны 01 сарын 05 | Хариулах