Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Д.Тэгшбаяр: Төрийн өмчит компанийн тендер, худалдан авалтад Сангийн яамны оролцоо хэт өндөр байна

The Mongolian Mining Journal. Oct.2022 

Ерөнхий сайдын захирамжаар 2021 онд авлигын индексийг бууруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэгт “Трансперенси интернэшнл” олон улсын байгууллагын Монгол дахь салбар нь зөвлөхөөр ажиллаж байна. Авлига гэх асуудлын хүрээнд ТӨК-ийн засаглалыг дурдахгүй өнгөрөх аргагүй. ТӨК, тэр тундаа эрдэс баялгийн салбарын ТӨК-ийн засаглалын талаар “Трансперенси интернэшнл-Монгол” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяртай ярилцсанаа уншигч Танд хүргэе. Тэрээр СЭЗИС-д комплаенс, засаглалын чиглэлээр багшилж байна.

 

Ж.Мөнхцэцэг


Сүүлийн жилүүдэд төрөөр овоглосон компанийн тоо улам нэмэгдэж байна. Эрдэс баялгийн салбарын ТӨК-ийн засаглалыг сайжруулна гэж ярих боллоо? Яагаад энэ салбарын ТӨК-уудаас эхэлж байгаа вэ?

Өнгөрсөн хугацаанд төрөөс төрийн өмчит компанийн /ТӨК/ тоог нэлээд нэмэгдүүлсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын тоо баримтаас харахад 102 /ТӨК/ төрийн өмчийн оролцоотой компани байна. Гэтэл эдгээр компаниас ашигтай ажиллаж, төрд өгөөжөө өгч байгаа нь эрдэс баялгийн салбараас “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хоёр л байна. Энэ хоёр компанийн улсын төсөвт оруулж байгаа хувь нэмэр өндөр, жил бүр шилдэг 100 аж ахуйн нэгжийн  топ аравт багтаж байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчид, судлаачдын анхаарлын төвд байнга байдаг, тодорхой хэмжээнд ил тод болсон учраас ашигтай байна. Гэхдээ үүнээс цааш ашигтай ажиллуулах боломж бий. Бусад  ТӨК-ийн хувьд бүгд өндөр өр төлбөртэй, ашиггүй, хяналт ч сул атал ажиллуулаад байгаа нь сонирхлын зөрчлийн хүрээнд, компанийн засаглал мууг далимдуулж өнөөдрийг хүртэл хэсэг бүлэг хүмүүсийн давуу байдал үүсгэхэд ашиглагддаг талбар л болсон. Уул уурхайн салбарын эдийн засаг, цаашлаад  нийгэмд үзүүлэх үр өгөөжийг сайжруулахын тулд ТӨК-ийн засаглалыг сайжруулах ажлууд  Засгийн газраас төлөвлөгдөөд явж байх шиг байна. Бүх компанийн гэхээсээ энэ салбарын ТӨК-ийн засаглалыг сайжруулах нь монополчлол, авлигатай тэмцэх өргөн хүрээний  үзэл баримтлалын хамгийн гол хэсэг. Олон улсын байгууллагууд ч ингэж зөвлөдөг. Эрдэс баялгийн салбар тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, улс төрд нөлөө бүхий этгээдийн оролцоо аль ч улсад өндөр байдаг. Ний нуугүй хэлэхэд ТӨК-ийн тендер, худалдан авалттай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчил Монгол Улсад хамгийн өндөр байна, юун шүүх, цагдаа. ТӨК-ийн засаглал, удирдлага, томилгоог төрөөс салгахгүйгээр авлигаас ч салахгүй, ашиг ч нэмэгдэхгүй. Өнөөдөр бид нэг талаас энэ салбараа цааш хөгжүүлэх хэрэгцээтэй тулгарсан бол, нөгөө талаас салбарын засаглалыг сайжруулахгүй бол төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хийж байгаа бүхий л ажил хий хоосон, үргүй зүйл болох гээд байна.
 
Засгийн газраас тодорхой алхмуу­дыг хийж “Эрдэнэс Монгол” ХХК-ийг группийн зохион байгуулалтад оруулж байна. Энэ нь ТӨК-ийн засаглалыг сайжруу­лахад хангалттай биш гэж үү? 
Хангалтгүй. Засгийн газар ТӨК-иудыг нэгтгэн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дор зэс металын групп, нүүрс эрчим хүч зам тээврийн групп гэж хоёр хуваасан. Одоо засаглалыг нь сайжруулахаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад удирдлагыг нь томилох гэж байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын томилгоонд төр оролцох ёсгүй юм. Гэтэл ЗГХЭГ-ын дарга нь өөрөө нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаа мэдэгдлээ. Зүй нь ТӨК-ийн  Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/  нээлт­тэй сонгон шалгаруулалт явуулах ёстой. Нөгөө талаас ТӨК-ийн томилгоо, зохион байгуулалт менежмент, хөрөнгө санхүү, тендер гээд бүхий л асуудал руу  төр хутгалдан орж байгаа учраас ТӨК-ууд олон улсын жишгээр зөв хөгжиж, хувь нэмэртэй байж чадахгүй байна.  

ТӨК-ийн засаглалыг сайжруу­ла­хын тулд ямар алхам хийх ёстой вэ? 
Бид чөлөөт зах зээлийн нийгэм хөгжүүлэх гэж байгаа бол зах зээлийн зарчмаараа л явмаар байна. ТӨК-ийн хувьд төрийн оролцоо хоёрхон зүйл дээр байх ёстой. Нэгд, хувьцааны эзэмшлээр буюу түүнд тохирох ногдол ашгаар хоёрт, төрийн мэдлийн хараат ТУЗ-ын гишүүдийг томилох томилгоо. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь мэдээлэл авах, хувьцаа эзэмшигчдийнхээ хуралд суух, ногдол ашиг тараах эсэхийг шийдээд үүрэг, оролцоо нь дуусах ёстой. Бусад бүх асуудал хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй яг адилаар явагдаж, эрх тэгш өрсөлдөх зарчимтай. Энэ хэлбэр нь зах зээлээ дэмжих юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд компани нь төрийн өмчийн оролцоотой л бол тухайн аж ахуйн нэгжийн хувь эзэмшил, эд хөрөнгийг “төрийн өөрийн өмч” гэж ангилдаг. 
Тиймээс төр, ТӨК-ийн толгой, охин компани гэдгээс үл хамаарч бүх асуудал руу нь оролцож байна. 

“Эрдэнэс Монгол” ХХК- ийн ТУЗ-ын хараат бус гишүүний томилгоог хэн хийх вэ?
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ын хараат гишүүний томилгоонд төр оролцож болно. Гэхдээ зөвхөн нэр дэвшүүлнэ. Хараат, хараат бус ТУЗ-ын гишүүний томилгоог компани л хийнэ. Зарчим нь ийм юм. ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хорооны баталсан зохицуулалт, журам, шалгуурт үндэслэн олон нийтэд нээлттэй зарлан, нэр дэвшигчдийг шалгуурт нийцсэн эсэхийг нээлттэйгээр хэлэлцээд ТУЗ-ийн гишүүнд сонгож томилох ёстой. Гүйцэтгэх удирдлагыг ч мөн адил. Гүйцэтгэх удирдлагатай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/ гэрээ хийх ёсгүй. ТУЗ гүйцэтгэх удирдлагатай хариуцлагын болон үр дүнгийн гэрээ хийх ёстой. Бүхэлдээ будлиан болсон, засаглалын ямар ч ойлголтгүй энэ байдал эцэстээ гаднаас хөрөнгө оруулалт босгоход сөргөөр нөлөөлнө гэдгийг тооцоолох хэрэгтэй.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниудын засаглал арай дээр байж чадаж байна уу?
“Эрдэнэс Тавантолгой” ХК  дээр  жишээ  авъя. Нээлттэй компани боло­хоор ТУЗ-тай байх ёстой. Засаглалын зарчмаар бол төр биш, толгой компани нь ТУЗ-ын хараат гишүүний томилгоо руу оролцох боломж байх юм. Дахиад хэлэхэд ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирлын томилгоонд Засгийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК оролцох ёсгүй, зөвхөн зохих шаардлага хангасан хүнийг 81.5%-ийн эзэмшигч төр ба үлдсэн хувийн эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн гишүүнийг, харин ТУЗ нь гүйцэтгэх захирлын томилгоог хийж үр дүнгийн гэрээ байгуулна. Гэтэл өнөөгийн будлианы үр дагавар нь худалдан авалт ханган нийлүүлэлтийн үед гарч ирж, ашигт ажиллагаанд нөлөөлдөг. Компани өөрөө бие даасан хуулийн этгээд, гүйцэтгэх удирдлагатай нь үр дүнгийн гэрээ байгуулчихсан атлаа худалдан авалт ханган нийлүүлэлт хийх болохоор Гүйцэтгэх удирдлага нь эрхээ эдэлж чаддаггүй. Тендерийн хуульд хамааралтай болно. Төрийн өмчийн компани худалдан авалт ханган нийлүүлэлт хийх жагсаалт батлаад шийдэх бас л боломжгүй. Учир нь энэ жагсаалт руу улс төрд нөлөө бүхий этгээдийн оролцоо, шахалт ил, далд аргаар орж ирдэг. Жагсаалтаа компани батлаад түүнийхээ дагуу нэг хадаас худалдан авахын тулд Сангийн яамны зөвшөөрлийг авах хэрэгтэй болж байна. Нүүрс олборлож байгаа компани том техник хэрэгсэлдээ дугуй худалдан авахаар болж тендер зарлалаа. Нэг компани өрсөлдөөд шударгаар шалгаран гарав. Гэтэл өрсөлдсөн өөр  компани Сангийн яаманд гомдол гаргадаг. Үүнээс болж үйл ажиллагаа тэр чигээрээ зогсдог учраас тухайн компани дугуйгаа солиод нүүрсээ олборлох чадамжгүй, тасралтгүй байнгын үйл ажиллагааны доголдлоос  Сангийн яам, эсвэл хэн нэгэн улс төрд нөлөө бүхий этгээдийн шахсан зүйлийг авч, хэрүүл хэл амгүй ажлаа зогсоохгүй байх шаардлага үүсэж байна. Нөгөө талаас шударгаар өрсөлдөж ялсан компани гомдол гаргалаа гэхэд Сангийн яаманд очоод цааш явахгүй гацна. Нөлөө бүхий улс төрчтэй холбоотой гомдол  Сангийн яаманд очоод ажлыг тэр чигээр нь зогсоож чаддаг. Том дүнтэй мөнгө, өндөр түвшний ашиг сонирхлын зөрчил байнга харагдаж байна. ТӨК-иуд өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд Сангийн яамны хамааралд ороод олон жил боллоо. Нэг хуульдаа хэний өмч вэ гэдгийг буруу гаргаснаас болж Тендерийн тухай хуульд  зохицуулалт нь ингэж хийгдэж байгаа юм.  Шийдвэр гаргаж байгаа хүмүүс төрийн оролцоог буруу ойлгосноос  засаглалын зарчим алдагдаж, ТӨК-ийн үр ашиг, өгөөж улам асуудалтай болж байна. Нөгөө талаас компани өөрөө бие даасан хуулийн этгээд. Бид бие даасан хуулийн этгээдээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй ижил хэмжээний хариуцлага, ёс зүй нэхэх гэхээр ажлаа хийх боломжийг нь ингэж хязгаарлаад яаж хариуцлага нэхэх вэ? ТӨК-ийн засаглалыг сайжруулна гэж ярьж байгаа энэ үед засаглалын зарчмаа эхлээд өөрсдөө сайн ойлгох л хэрэгтэй.

Зах зээлийн үндсэн зарчмаар явбал төрийн оролцоог заавал хязгаарлах ёстой болох уу?
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Төмөр замын хувьд “Монголросцветмет” ТӨҮГ-ын  жоншийг түрүүлж  ачих гэх мэтээр Монгол Улсын  эдийн засагт илүү ач холбогдолтой төслүүдийн ачааг түрүүлж ачна” гэж саяхан мэдэгдсэн. Төр өөрөө ТӨК-ийн монополчлолыг ингэж өөгшүүлж, өөгшүүлсэн хүмүүс нь Төрийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, батална гэж байгаа. Ийм байж яаж зах зээлийн зарчмаар хөгжих вэ? Найдвар надад харагдахгүй байна. 

ТӨК-ийн талаар олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмж олон  бий. Эдгээр зөвлөмжид  энэ талаар хэрхэн тусгасан байдаг бол?
Олон улсын байгууллагуудын алдаа ч бас энд бий. 2014 оноос эхлэн эрдэс баялгийн   салбарын ТӨК-иудын үнэлгээг жил болгон бараг бүхий л олон улсын байгууллага хийж, зөвлөмж гаргасан. Үнэлгээг хийхдээ толгой компани, охин  компани гэж ялгалгүйгээр бүгдийг зэрэг жагсаан, санхүүг ч, ил тод байдлыг ч үнэлж харуулдаг. Ил тод байдлын хувьд ижил зарчимтай тул бүгдийг зэрэгцүүлэн жагсааж үнэлж болно. Бусад зарчмын хувьд бид ялгаатай хандсанаар шийдвэр гаргаж байгаа хүмүүс үүнийг олж харах ёстой байсан. Ялангуяа санхүүгийн тайлагналын зарчим дээр. Тэд хараад төрийн оролцоо толгой компанийн томилгооны зарим хэсэгт байна, бусад аль ч хэсэгт төрийн оролцоо байх ёсгүйг ойлгох байдлаар харуулах, зөвлөх ёстой. Гэтэл аль ч тайлангаар үүнийг ойлгуулах бүү хэл охин компанийнх нь охин компанийг толгой компанитай нь зэрэгцүүлж үнэлчихдэг. Жишээ нь:  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүү, засаглалыг үнэлэхдээ түүний охин компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг, түүний  охин компани, “Багануур” ХК-ийг ч зэрэгцүүлээд үнэлдэг.  Төрийн эрх барьж байгаа хүмүүс олон улсын байгууллагын үнэлгээг хараад төрийн оролцоо “Багануур” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХК гээд бүх ТӨК-иудад яг ижил байх ёстой гэсэн ойлголтыг авч байна. 

Олон улсын зөвлөхүүд засаглалын зарчмыг алдагдуулж байна гэж Та хэллээ. Тэдний хувьд энэ зарчмын талаарх ойлголт дутуу байна гэсэн үг үү?
Гадны зөвлөх  энэ байдлыг яаж ойлгох юм бэ. Яагаад охин компанийнх нь охин компанийг толгой компанитай нь зэрэгцүүлэн санхүү, засаглалыг нь үнэлж  байгаа юм гэхээр монгол зөвлөх нэртэй хүмүүс нь хэлж өгч байгаа шүү дээ. Засаглалын зарчмын талаар ялангуяа шийдвэр гаргагчдын зөвлөхүүд, ТӨК удирдаж байгаа хүмүүст сайн ойлголт алга. Би чадна гээд л яваад байгаад айдас хүрч байна. 

Тайлан бүртгэлээс авхуулаад бүгд хоорондоо уялдаа холбоотойг ойлгогдохоор харуулж, зөвлөх хэрэгтэй байна. 2007 онд баталсан Компанийн тухай хуулийн 6.4-т зааснаар компани өөрийн охин компанитай нэгдсэн санхүүгийн тайлан гаргах заалт огт хэрэгжихгүй өнөөг хүрсэн. Толгой компани охин компанийнхаа хувьцаа эзэмшигчийн хувьд эзэмшсэн хувьцааны хэмжээндээ хариуцлага хүлээдэг болгох гэж анх оруулж ирсэн хуулийн заалт юм. Гэтэл одоо санхүү бүртгэлийн асуудал хүртэл будилаантай болоод байна.

Шийдвэр гаргаж байгаа хүмүүс тухайн салбараа мэддэг зөвлөх  ажиллуулдаг байх. Зөвлөхүүдийн ажлыг хэрхэн үнэлэх вэ?
Манай улсын хувьд яг өнөөгийн нөхцөлд дотоодын зөвлөхөө зөв хөгжүүлж, зөв ашиглах ёстой. Зөвлөхийн хувьд бүх салбарыг, бүх асуудлыг ганцаараа мэднэ гэж байхгүй. Салбар, чиглэлээр дагнан мэргэших хэрэгтэй байна. Гадаад зөвлөх хүрч ирээд манай нөхцөлд тохирсон зөвлөмж өгнө гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Олон улсын сайн туршлага их ч, манай хөрсөнд буудаггүй. Сайн туршлагыг Монголын нөхцөлд хэрхэн тохируулах вэ гэдгийг үе шаттайгаар, гүүр болох зөвлөмжийг өгөх хүн хэрэгтэй. Түүнээс биш олон улсын сайн туршлагыг гадаад, дотоодын аль ч зөвлөх хэлнэ. Бид 32 жил гэдэг ч  үнэн хэрэгтээ сүүлийн 25 жилд зах зээлийн эдийн засаг руу шилжилт хийж байна. Шилжихэд тодорхой хэмжээний үе шат байх ёстой.  Төрийн бүх яам, агентлагт үеийн үед зөвлөх гээд байнгын албан тушаалтан, хажуугаар нь төслүүдийн зөвлөхийг байнга авч байна. Одоо эдгээр зөвлөхийн өгсөн зөвлөмж үр дүнд   хүрсэн үгүйг бодлого боловсруулж байгаа яамд өөрөө үнэлээд эргэж харах хэрэгтэй. Энэ салбарт аж ахуйн нэгж, иргэд хоёроо зодолдуулчхаад л хараад сууж байна шүү дээ.  Төсөвт оруулж байгаа хувь хэмжээний дийлэнхийг энэ салбарын аравхан компани бүрдүүлж байна. Тэдгээр компанийн гурав нь ТӨК.  Тэгэхээр энэ үр дүн мөн үү? Өнгөрсөн хугацаанд өгсөн зөвлөмжүүд сайн байсан хэрэг үү? Одоо эдгээр зөвлөхүүдээ үргэлжлүүлэн  ажиллуулах нь зөв үү гэдгээ өөрсдөөсөө асуумаар байна.  Бид баримтлах ёстой үндсэн зарчмаа алдаад удсан. Одоо хүртэл тогтвортой хөгжлийг уул уурхайн салбарт орхигдуулан, зөвхөн эдийн засгийн үр өгөөж харлаа. Гэтэл мэргэжлийн хөрөнгө оруулагч энэ салбарт орон нутагтай ойлголцол, нийгэм, байгаль орчны нөлөөллийг тооцож санхүүжилт хийдэг. Зөвхөн эдийн засгийн үр өгөөжийг харсаар байвал ирээдүйд том төсөл хэрэгжүүлэхэд мэргэшээгүй, гэнэтийн эсхүл луйврын аргаар их ашиг хөөсөн хүмүүсийн санхүүжилт л орж ирэх нөхцөл үүсээд байна.   

Нүүрс урьдчилан зарах гэрээний хувьд нэлээд асуудал дагуулж байна. Төрийн бүтээн байгуулалтын том төслүүд дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг барьцаалж санхүүжилтийг хийх гэрээнүүдийг Засгийн газар хийлээ. Үүнийг  зөв гэж үзэж байна уу?
Дулааны цахилгаан станц-5, Газрын тосны хийн хоолойн төсөл, төмөр замын хоёр ч төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг барьцаалах буюу нүүрс борлуулсан орло­гоор санхүүжүүлэх  Засгийн газрын  тогтоол гарсан юм байна. Бусад төсөл нууцлалтай учраас мэдэх ч аргагүй. Саяхан Засгийн газрын  тогтоолоор дахин оффтэйк (offtake)  гэрээ хийхийг зогсоохоор шийдвэрлэсэн. Магадгүй олон улсын байгууллагуудын өгсөн зөвлөмжтэй холбоотой хийгдэж байгаа ажлын нэг болов уу. Анхнаасаа хийсэн шалтгаан, нөхцөл, санхүүгийн боломж, төслийн хэрэгцээ зэргийн талаар юм хэлмээргүй байна. Харин засаглалын зарчим, шийдвэр гаргах эрх хэмжээний хувьд том алдаа гаргасан гэдгийг л хэлье. Нэг өдөр сөхөгдөнө. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулаад олсон орлогын 81,5% нь төрийн мэдлийнх боловч төрийн шууд мэдлийнх биш, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдлийнх. “Эрдэнэс Тавантолгой”  нь ТУЗ-тэй. Өөрөөр хэлбэл их хэмжээний хэлцэл бол зохих зөвшөөрлөө аваад эсхүл ТУЗ-өөр шийдүүлээд явах хуулийн   засаглалын   зарчимтай. 

Хэдэн тэрбумаар хэмжигдэх нүүрс худалдан авах гэрээг ТӨК хийх нь  хэр зөв бэ?
Тухайн компанийн өөрийн үнэлгээ өндөр байвал болно. Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” компани шиг компанийн хувьд хуулиараа байж болох асуудал. Гэтэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийг даваад Засгийн газар  энэ асуудалд шийдвэр гаргачихлаа. 81,5% нь “Эрдэнэс Монгол” компанийн  мэдэлд байгаа ч, үлдсэн хувь нь иргэд та бидний мэдлийнх. Түүнчлэн, энэ том бүтээн байгуулалтыг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлсэн бол тухайн санхүүжилт хийсэн төсөлд  “Эрдэнэс Тавантолгой”-н хувь оролцоо, эзэмшил хэд вэ гэдгийг заавал тооцон баталгаажуулах ёстой.  Төр өөрийн эзэмшлийн ашгаар төлнө гэж тайлбарлаад байгаа нь дахиад л засаглал ба санхүүгийн тайлан тооцоог уялдуулж ойлгох чадвар муу байгаагийн илрэл. 
Энгийн жижиг хувьцаа эзэмшигчийн эрх тэр чигээрээ зөрчигдөж, харилцан уялдаатай бий болгодог хувьцаа эзэмшигчдийн хувьцаанаас хүртэх үр өгөөж гэдэг хөрөнгө оруулалтын ойлголт нь хаана байна гэдгийг тайлбарлаж чадахгүй байна. 


Эрдэс баялгийн өгөөжөөр цөөн хэдхэн хүн баяжиж байна гэж нийтээрээ шүүмжилдэг. Энэ талаар Таны бодол?
Гучин гэр бүл, гурван зуун хүн эрдэс баялгийн салбарыг тэр чигээр нь атгасан гэсэн таамаг байдаг.  Үүнийг баталгаажуулах гэхээр эх сурвалж байдаггүй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхлээд таван сар болсон ба эцсийн өмчлөгчийн мэдээлэл ил тод байна гэж заасан ч хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын хуультай холбоотой зарим нэг хязгаарлалтууд орж ирсэн. УБЕГ-ын дата мэдээллийг шүүгээд харахад хувьцаа эзэмшигчийн л нэр харагддаг.  Цаана нь ялангуяа улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан хаагчид эцсийн өмчлөгч байх магадлал энэ салбарт хамгийн өндөр. Эрдэс баялгийн энэ салбараас эцэст нь хэн хамгийн их өгөөж хүртэж байна, давуу байдлаар олж авсан уу, шударга уу гэдгийг хэлж мэдэхгүй болохоор иргэдийн хардалт, эсэргүүцэл нэмэгдээд байна. Эцсийн өмчлөгчийн дата бааз сэтгүүлч, судлаач, иргэд, мөрдөн шалгалтад ч чухал, бүх талууд тодорхой хэмжээнд чадавхжиж, мэдээлэл илүү чанартай, нотолгоо баримттай болдог. Ийм мэдээлэл олон нийтэд хүрэхээр иргэд нь үүнийгээ дагаад чадавхиждаг. Нэгхэн газар дутуу дулимаг зохицуулснаас болж дагаад олон улсын үнэлгээнд ч сөрөг үр дагавартай. Хамгийн чухал нь иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон мэдэх эрх нь байна. Төр иргэдийн өмнөөс байгалийн баялгийг захиран зарцуулж байгаа этгээдийн хувьд үүргээ мэдэж, биелүүлэх хэрэгтэй.

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл явж байгаа. Эцсийн өмчлөгчийг ил болгох боломж бүрдсэн үү?
Батлагдвал бүрдэнэ. Нээлттэй өгөгдлийн стандартаар ашиглаж болох байдлаар боловсруулсан.

Ашигт малтмалын тухай хуулиас авхуулаад эрдэс баялгийн салбарын олон хууль тогтоомж өөрчлөгдөж байгааг тодорхой өөрчлөлт гарна гэж харж болохоор байна уу?
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхойгүй зүйлүүд олон хэвээр байна. Ер нь шинэчлэхдээ хүндрэлээ зохицуулсан гэж огт харагдаагүй. 2012-2022 онд 18 их наяд төгрөгийг олборлох үйлдвэрлэлийн салбар улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Үүнийг юунд зарцуулсан бэ гээд эргээд харъя. Төв аймгийн Заамар сум хамгийн олон буюу 125, Дорноговийн Даланжаргалан сум 98 тусгай зөвшөөрөлтэй. Энэ хоёр сум уул уурхайн салбараас ямар өгөөж хүртэв? Хамгийн их хайгуул олборлолт хийгдсэн Даланжаргалан суманд 10 жилийн хугацаанд Хаан банкны нэг ширхэг байшин, 120 хүүхдийн нэг цэцэрлэгийг хувийн компани барьжээ. Төр эдгээр суманд хийсэн юм үнэхээр алга. Тэгэхээр иргэд бухимдах нь аргагүй. Шинэчилсэн найруулгадаа орон нутгийн хөгжлийн санг яах юм, компани хэзээ газрын доорх баялгийн өмчлөгч болох вэ, олборлосны дараа компанийн өмч үү, эсвэл иргэдийн өмч үү, иргэд ба аж ахуйн нэгж хоорондын зөрчлийг зогсоох, салбараа дэмжих гэхдээ нөгөө талдаа тогтвортой хөгжлийн чиг баримжаагаа хадгалах зүйлс орхигдсон хэвээр. Тэгэхээр ирээдүйн хөрөнгө оруулалтад эрсдэл буурахгүй. Сонгон шалгаруулалтаар талбай олгох журам гээд мундаг юм баталлаа гэсэн хэдхэн хоногийн өмнө Усны тухай хууль зөрчсө­нөөр шүүхээс хүчингүй болгосон. Хаанаас эхлээд иргэдийн асуудал ноц­той болоод, төр юун дээр алдаад байна гэдгээ одоо тогтож хармаар байна.

Ярилцсан Танд баярлалаа. 


 

Сэтгэгдэл (1)

  • Болд (103.161.242.150)
    Мэддэггүй юмаа мэддэг юмшиг ярьж байгааг нь хархаар өмнөөс нь ичээд байх юм. Багш хүн бололтой, асуудлаа эхнээс нь дуустал нь судалсан л гэж найдая…
    2022 оны 12 сарын 10 | Хариулах