Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

АМНАТ-ААР ТУШУУЛСАН УУЛ УУРХАЙН САЛБАР

Хөлд орж буй хүүхдээ хүмүүс бид дэмждэг. Үрсээ өхөөрдөн энхрийлэх эцэг эх, эмээ өвөөг харсаар бид бүгд өсөж томорсон. Унах шахахад нь очиж түшнэ үү гэхээс барагтай бол очихгүй. Хазайсан үед нь түшээд хөл дээрээ бат зогсохоор нь орхиод ажигладаг. Хэн нэгнээр дэмжүүлэхгүй өөрсдөө амьдралаа аваад явах арга ухааныг үггүйгээр заадаг Монгол заншил эндээс эхтэй...

Цар тахлын хүнд цаг үед бүхий л аж ахуйн нэгж хүндрэлийг давах гэж хэрээрээ мэрийв. Уул уурхайн салбар ч бусдын адил зүтгэлээ. Хил дээр нүүрс нь овоорч, дээрээс нь үйл ажиллагааны зардал нэмэгдсэн бэрх цаг үеийг тэд туулсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөж, нэг үеэ бодвол гэгээ татах мөчид тэднийг АМНАТ /ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/-аар дахин тушсан юм. Хөл дээрээ бат зогсоход нь дэмнэхийн оронд хүзүүнд нь буулга зүүж дахин сөхрүүлсэн нь тэр.

Ер нь үе үеийн Засгийн газар нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өссөн сургаар АМНАТ-аар оролддог буруу зантай. 2007 онд нүүрсний жишиг үнийг тогтоохдоо Хятадын www.coalworld.net дээрх үнийг баримтлахаар заасан байдаг бол 2010 онд жишиг үнэ тооцох аргачлалыг Татварын ерөнхий газраас батлан мөрдүүлэхээр тогтсон. 2012 онд Засгийн газрын тогтоол дахин гарч жишиг үнээр биш гэрээний үнээс АМНАТ тооцож эхэлжээ. 2013 онд дахин нэмэлт өөрчлөлт оруулж, АМНАТ-ыг жишиг үнээр тооцон, http://en.sxcoal.com/ дээрх үнээр тооцож эхэлсэн гээд уртаас урт жагсаалт хөвөрнө. Энэ мэтээр нийт 9 удаа өөрчлөгдсөн байна. Хамгийн сүүлд 2021 онд БНХАУ-д нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор зөвхөн жишиг үнэд суурилан АМНАТ-ийг тооцох тухай Засгийн газрын 174-р тогтоол гарчээ. Гэтэл аж ахуйн нэгжээ ийнхүү дарамтлах нь өнөөдрийн ашгаас илүүтэйгээр маргаашийн хөрөнгө оруулалтад халтайг засаг мэдэж байгаа болов уу? АМНАТ урт хугацаандаа тогтвортой байх нь хөрөнгө оруулагчдын хувьд ээлтэй орчин болно.

“Нүүрсээ 13 ам.доллараар борлуулчихаад, 15 ам.долларын АМНАТ төлнө гэдэг яаж ч бодсон авцалдаагүй зүйл. Энэ бол бизнес биш субботник болж байна”, “Давхар АМНАТ авч болохгүй. Жаахан учиртай байх хэрэгтэй. АМНАТ 10% зааж байгаа ч жишиг үнээр 34-37%-ийн татвар төлж байна.” Улс орныг “бульдозер” шиг чирч яваа уул уурхайнхны аргаа барсан яриа ийнхүү үргэлжлээд жил гаруй болж байна. “Монгол нүүрс” ассоциаци АМНАТ-ийн зохицуулалтын олон улсын туршлагыг судлахаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнд захиалга өгч судалгаа хийлгэжээ. Тус хүрээлэн Австрали, Индонез, ОХУ, БНХАУ дахь АМНАТ-ийн зохицуулалтыг судалсан байна. АМНАТ-ийг тооцоход хамгийн их маргаан дагуулдаг гол асуудал бол АМНАТ ногдох борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал юм.

2020 онд Австрали 172 сая тонн. коксжих нүүрс экспортолсон нь дэлхийн экспортын 55% хувийг эзэлж байна. ААНОАТ Австралийн бүх мужид адил 30%, бүтээгдэхүүн үйлчилгээний татвар (НӨАТ) 10% байдаг. Харин АМНАТ муж бүрд ялгаатай. Борлуулалтын өртгийн 1-15%, ашгийн 20% хүртэл байна. Жишиг үнэ тооцохгүй. Борлуулалтын үнэлгээг үндэслэх үнийг тогтоохдоо тээврийн зардлыг хассан борлуулалтын гэрээний үнийг үндэслэн тооцдог байна. Эрчим хүчний нүүрсний экспортын гол тоглогчдын нэг болох Индонези улс 2020 онд 400 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолжээ. Энэ нь дэлхийн нийт экспортын 37%-ийг эзэлж байна. Энэ улсын хувьд 2014 онд боловсруулаагүй ашигт малтмалын экспортыг хориглож, экспортын татвар ноогдуулж эхэлсэн боловч 2017 оноос цуцалсан байна. Тусгай зөвшөөрлийн төрлөөс хамаарч АМНАТ-ыг ялгаатай авдаг. ААНОАТ- ын хувьд 25% байна. Индонезийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бол 5%-ийн хөнгөлөлт эдэлнэ. НӨАТ 11%.

Нүүрсний нөөцөөрөө дэлхийд 2-т, олборлолтоороо 6-д ордог ОХУ[1]ын хувьд БНХАУ, БНСУ, Япон, Турк, Тайвань гол зах зээл нь юм. “Монгол ялна” гээд ялагдаж байх зуур гарч ирсэн гол өрсөлдөгч маань 2020 онд БНХАУ-д 29.4 сая тонн буюу 1.9 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон. Энэ нь нүүрсний нийт экспортын 3.7%- ийг эзэлж байна. ОХУ нүүрсний экспортын татвар 4% байсныг 2011 онд халжээ. 2012 оноос олборлосон тонн тутамд АМНАТ ногдуулдаг болсон юм. Манай гол зах зээл БНХАУ[1]ын нүүрсний нөөц 162.3 тэрбум тонн. Үүний ойролцоогоор~30% нь Шинжаан-Уйгурын нутагт бий. Эрчим хүчний хэрэглээний нүүрс 56.8%-ийг эзэлдэг. 2021 онд 4.0 тэрбум тонн нүүрс олборложээ. Газрын тос, байгалийн хий, газрын ховор элемент зэрэг ашигт малтмалын зохицуулалтыг Байгалийн нөөцийн яам хариуцна. Нүүрс гэх мэт бусад ашигт малтмалын зохицуулалтыг мужууд хариуцдаг тогтолцоотой.

Рояалти (mineral royalties). Төрөөс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл (хайгуул, олборлолт) олгох үед өргөдөл гаргагч нэг удаа энэ төлбөрийг төлнө.

Хайгуулын эрхийн хураамж. Эхний 3 жилд зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр км2 тутамд 100 юань төлнө, 4 дэх жилээс эхлэн жил бүр 100 юаниар нэмэгдэнэ. Жилийн төлбөрийн дээд хэмжээ км2 тутамд 500 юань.

Олборлох эрхийн төлбөр. Жилд км2 тутамд 1000 юань. НӨАТ. Ашигт малтмалын төрлөөс хамаарч 10% -16%. Нүүрс 10%.

Хот байгуулалт, барилгын татвар. Хотод байрладаг бүх аж ахуйн нэгжийн татвар ногдох орлогын 7%, бусад суурин газар 5%, хөдөөд 1%.

ААНОАТ. Татвар ногдох орлогын 25%, гадаадын ААН бол 20%. Нөөцийн татвар (Resource tax ~ АМНАТ).

Газрын тос, байгалийн хий: Нийт борлуулалтын 6%

Коксжих нүүрс, бусад нүүрс: Нийт борлуулалтын 2-10%

Төмөр (баяжмал): Нийт борлуулалтын 1-9%

Алт (гулдмай): Нийт борлуулалтын 2-6%

Зэс, никель (баяжмал): Нийт борлуулалтын 2-10%

2023 оны 8 дугаар сарын 31 хүртэл уурхайн газрыг нөхөн сэргээсэн бол нүүрсний нөөцийн татварыг 50 хувиар бууруулахаар болжээ.

АМНАТ гэдэг аж ахуйн нэгждээ дарамт болохгүй харилцан ашигтай байх шийдэл эрэлхийлдэг нь бусад орны жишээнээс бэлхнээ харагдаж байна.

                                                                                            Ж.Мөнхцэцэг    / September 2022. № 009 (166). /

Сэтгэгдэл (1)

  • ? (103.212.118.128)
    Borluulaltaas ni av geed bga yum uu tegeed?
    2022 оны 11 сарын 11 | Хариулах