Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Эрдэнэс Монгол” компанийн “Монгол нүүрс” брэнд

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газар дэмжсэн учраас гишүүдийн нэг их эсэргүүцэлгүйгээр батлах байх гэсэн хүлээлт байна. Гол нь хуулийн төсөлд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц бүрэлдэхүүн, удирдлага, гүйцэтгэх удирдлага, ТУЗ, үйл ажиллагааны стратеги, чиглэлийг маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл, хууль батлагдвал “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болно. Нөгөөтэйгүүр, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийг “Эрдэнэс Монгол” компанийн харъяанд оруулснаар эдгээр аж ахуйн нэгжийн нэгдэл бүхий холдинг” компанийн хэлбэрт орно. Энэ оны дөрөвдүгээр сард гаргасан Засгийн газрын тогтоол нь ч ийм. Тогтоол гарснаар компанийн дүрмийг шинэчилэх болсон. Дүрэм олон асуудлыг тодорхой болгож байна. Бизнесийн орчинг нээлттэй, ил тод болгох, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх, нэгдлийн аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн удирдлагаар хангах, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай ажиллах гээд дориун ажлууд хийгдэх нь.

“Эрдэнэс Монгол” компанийн харъяа компаниудыг Зэс, метал болон Нүүрс, Эрчим хүчний групп гэж хоёр үндсэн бүлэгт хуваасан. Зэс, металын групп “Эрдэнэт үйлдвэр”-т, нүүрс-эрчим хүчний групп “Эрдэнэс Тавантолгой” ХК-д түшиглэнэ. Энэ хоёр группийн дээвэр дор нийт 27 компани бий. Нүүрсний уурхайнуудыг нэг, зэс, металын компаниудыг нэг ТУЗ удирдана. Энэ нь зардал хэмнэж, үйл ажиллагааны уялдааг бий болгох юм. Тус компанийн “малгай”-н дор байгаа аж ахуйн нэгжүүд 2012-2022 онд 2,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Улс, орон нутгийн төсөвт 3,2 их наяд төгрөгийн төсөв, хөрөнгө бүрдүүлж.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 65,2%, Багануур ХК-ийн 75%, Шивээ-Овоо ХК-ийн 90%-ийг “Эрдэнэс Монгол” эзэмшдэг. Нэгэнт холдинг компани болж байгаа учраас нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг нэгдсэн журмаар боловсруулж гаргах шаардлага тулгарч байна. Орлогоо нэгдсэн байдлаар төлөвлөх, хүний нөөцийн бодлогоо мөн нэг системээр явуулах гээд шийдэх ажлууд олон. Гэхдээ Багануур, Шивээ-Овоо, Тавантолгой түлш компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сөрөг. Удаан хугацаанд техникийн шинэчлэл хийгдээгүй, их хэмжээний өр төлбөртэй. Бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, экспортод гаргах боломжгүй гээд асуудлууд бий. Ирээдүйд Шивээ-Овоогийн уурхайд түшиглэсэн, 200 мегаваттын цахилгаан станц байгуулагдана. Багануур ХК-д Нүүрс-химийн цогцолбор байгуулахаар ТЭЗҮ-ийг батлах шатандаа явна. 280 сая ам.доллар шаардлагатай. Ийм төслүүд хэд хэд бий.

Ямартаа ч “Эрдэнэс Монгол” компанийн “Нүүрсний групп”-т багтаж байгаа компаниудын төслүүд бүгд холдинг компанийн менежментээр урагшилна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн түвшинд 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөө, 2022-2031 оны хооронд хэрэгжүүлэх хөгжлийн бодлого хөтөлбөр, 2035 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэ хүрээнд, “Эрдэнэс Тавантолгой” компани дээр байгаа 12 төсөл, түүн дотроо Нүүрс баяжуулах үйлдвэрийн асуудал чухлаар тавигдаж байна. Нүүрсний гарцаас хамааран нүүрс тээвэрлэлтийн 20-30 орчим хувийг хаягдал давхар эзэлдэг. Үүнээс шалтгаалан экспортолж буй нүүрсний үнэ буурдаг. Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулснаар ялгасан хаягдлын хэмжээгээр тээврийн зардал бууран, сайн муу бүх нүүрсээ ашиглах боломж бүрдэнэ. Үйлдвэр ашиглалтад орвол жилд дунджаар 185,8 сая долларыг улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлэх боломжтой гэж “Эрдэнэс Монгол” компани үзэж байна.

Тавантолгойн нүүрсний 70 орчим хувийг уурхайн аман дээр, 20-40 орчим хувийг хил дээр борлуулдаг. Борлуулж байгаа нүүрсний чанар хэлбэлзэлтэй байна. Олон улсын нүүрсний чанарыг хангадаггүй. Энэ бүхэн дээр “Эрдэнэс Монгол” компанийн менежментийн баг тодорхой дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм. Нүүрс тээврийн хувьд тус компанийн тулгамдсан асуудал. Уртын болон богинын тээврийг дотоодын компаниудаар хийлгэх бодлогыг “Эрдэнэс Монгол” компани баримтлана. Дотоодын тээврийн компаниуд нэгдлийн системээр үйл ажиллагаа явуулахыг бодлогоор дэмжих, нүүрс борлуулалтын гэрээг зөвхөн уурхайн амнаас бус хилийн нөхцөлтэй Эрээн, Ганц мод, Гашуунсухайт боомтын чиглэлд хүргэж өгөхөөр хийх зэрэг валютын гадагш урсгалыг бууруулж төгрөгийн ханшийг сайжруулахад анхаарч ажиллах аж. Нүүрсний группт багтсан, хамгийн том төрийн өмчит компани “Эрдэнэс Тавантолгой” 2019-2021 оны хооронд олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй санал болгох зорилгоор олон улсын санхүүгийн шинжээчидтэй нэлээд ойр ажилласан гэдгийг тус компанийн захирал Б.Ганхуяг тодотгосон. Нүүрс-эрчим хүчний компаниуд нь нүүрсний, эрчим хүчний болон тээвэр-логистикийн компаниуд байгаа юм.

Үйл ажиллагаа явуулж буй 16, төслийн шатанд яваа 4 компани бий. Эдгээр компанийн хувьцааг шилжүүлэх ажил дуусаагүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК 14 их наяд төгрөгийн өмч, үнэ цэнтэй ба Монголын хамгийн өндөр үнэлгээтэй компани. Төр тус компанийн нийт хувьцааны 81%-ийг, үлдсэн 19%-ийг 400 орчим компани, 2,8 сая иргэн эзэмшдэг, хаалттай компанийн ангилалтай. Нүүрс-эрчим хүчний группийн компаниуд наймдугаар сарын байдлаар ДНБ-ий 6%-ийг бүрдүүлж, 5725 хүнийг ажлын байраар хангаж байна. Балансын алдагдал 363 тэрбум төгрөг, татвар төлбөр хураамжид 269 тэрбум төгрөг төлдөг. Эцсийн бүтээгдэхүүний борлуулалтын орлого ердөө 23 сая ам.доллар. Тус групп 2025 он гэхэд дараах үр дүнд хүрнэ гэж тооцжээ.

  • ДНБ-ий 16%-ийг бүрдүүлж,
  • 10088 хүнийг ажлын байраар хангаж,
  • Балансын алдагдлаа 0 болгон,
  • Иргэн бүрд 680 мянган төгрөгийн ногдол ашиг олгоно.
  • Татвар хураамжид 1.501.1 сая ам.доллар төлнө.
  • Эцсийн бүтээгдэхүүний борлуулалтын орлого 2.113.2 сая ам.долларт хүргэнэ.

ГРУППИЙН КОМПАНИУДЫН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ:

  • Эрчим хүчний нүүрс: 4.4 тэрбум тонн
  • Коксжих нүүрс: 3.3 тэрбум тонн
  • Төмөр замын хүчин чадал: 45 сая тонн
  • Төмөр замын урт: 678 км
  • Төмөр замд оруулсан санхүүжилт: 1.780.02 сая ам.доллар
  • Авто замын хүчин чадал: 50 сая тонн
  • Авто замын урт: 730 км
  • Авто замын санхүүжилт: 913 сая ам.доллар
  • Терминалын хүчин чадал: 90 сая тонн
  • Терминалын хэмжээ: 9686 га
  • Терминалын санхүүжилт: 190 сая ам.доллар
  • Газар доорх ус хангамжийн хүчин чадал: 283.5 л/cек
  • Газар доорх ус хангамжийн хэмжээ: 351 км
  • Шаардлагатай санхүүжилт: 262 сая ам.доллар
  • Гадаргын ус хангамжийн хүчин чадал: 1700 л/сек
  • Гадаргын ус хангамжийн хэмжээ: 965 км
  • Шаардлагатай санхүүжилт: 1.022 сая ам.доллар

“Эрдэнэс Монгол” компани нь нүүрс олборлолтыг 2021-2025 онд 171,8 сая тоннд, 2026-2030 онд 370,8 сая тонн гэх мэтээр өсгөөд явах зорилготой. Харин борлуулалтын тухайд 2021-2025 онд 48,2 их наяд төгрөг, 2026-2030 онд 139,2 их наяд төгрөг зэргээр нэмэгдүүлэх аж. “Эрдэнэс Монгол” компани “Монгол нүүрс” гэдэг брэндийг бий болгох зорилготой. Ингэснээр нүүрсний уурхайнуудаа дэмжин, үр ашгийг нэмэгдүүлэх бөгөөд сайн чанарын нүүрсийг бусад нүүрстэй хольж нэг стандартын “Монгол нүүрс” брэнд бий болно. Олон улсад танигдсан, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, хэрэглэгчдийн худалдан авалт хялбаршсан нүүрсийг борлуулах юм. Үндэсний баялгийн сан болох зорилготой “Эрдэнэс Монгол” компанийн шинэ бүтэц ирээдүйд ямар үр өгөөжтэй ажиллах нь цаг хугацааны асуудал юм.

                                                                                          Г.Идэрхангай         / September 2022. № 009 (166), MMJ /