Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Г.Эрдэнэтуяа: Эрдэс баялгийн салбарынхан нэг ойлголтод хүрч байж гадны хөрөнгө оруулагчдыг татаж чадна

 

Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай The Mongolian Mining Journal-ийн Г.Идэрхангай ярилцлаа.

Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын сүүлийн 12 жилийн хугацааг харахад хамгийн оргил үе нь 2010-2011 он

Эрдэс баялгийн салбарт гадны хөрөнгө оруулалт ямар үед хэрхэн хийгдэж байсан талаар мэдээллээр ярилцлагаа эхэлье?

Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулагчид орж ирэхдээ эхлээд зах зээл, нөөц боломжийг хардаг. Түүгээр зогсохгүй улс төр болон хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг харж байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд, гуравдагч орноос хөрөнгө оруулалт татсан үеэс хөрөнгө оруулалтын орчин хэр байсныг тооцож гаргалаа. Уг нь бидний хувьд зах зээлийн нөөц боломж байна. Гэвч түүнийгээ ашиглаж чадахгүй байна гэдэг дүр зураг харагдаж байгаа юм. Нөгөө талаар улс төрийн байдлыг бүгд мэдэж байгаа. 1992 оноос хойш 16 Ерөнхий сайд 1.8 жилийн хугацаанд ажилласан байдаг. Энэ нь Засгийн газрыг маш богино хугацаанд хурдтай ажиллахыг шаарддаг. Хууль эрх зүйн орчинтой улс төрийн тогтвортой байдал нөлөөлж байгаа үр дүн ч харагддаг. Өнгөрсөн 10 жилийн түүхийг харахаар зөвхөн Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдахгүй байна. Монгол Улсад мөрдөгдөж байгаа 830 хуулиас 92 орчим нь манай салбарт дагаж мөрдөх ёстой хуулиуд. Үүнээс аж ахуйн нэгжийн хамааралтай 20, уул уурхайн хамааралтай 10, дэд бүтцийн хамааралтай 13, байгаль орчны хамааралтай 19, эрүүл мэндийн 8, хөдөлмөрийн харилцааны 3, аюулгүй байдлын 4, санхүү эдийн засгийн 15 хууль байгаа юм. Энэ бол эрдэс баялгийн салбарыг зохицуулж байгаа хуулиуд хангалттай байна гэсэн үг. Гэхдээ зөвхөн хуулиар бүх үйл ажиллагаа зохицуулагдахгүй. Стандарт гэхэд 6555 батлагдсан байдгаас 1200 нь манай салбарт хамааралтай. Засгийн газрын тогтоол 32, сайдын тушаал 97, төрийн байгууллагуудын удирдлагын шийдвэр 24 орчим байна.

Хуулиас гадна шаардлага гэж олон тооны зүйл байдаг. Тэр тал дээр ямар тоон үзүүлэлт харагдаж байна вэ?

Дээрх 92 хуулиас Ашигт малтмалын хуулийг бүх төсөл хэрэгжүүлэгчид 100% дагаж мөрдөх ёстой. Бусад хуулиудын хувьд зарим шаардлагууд, жишээ нь, Соёлын өвийг хамгаалах тухай хууль гэхэд тодорхой заалтуудыг нь төсөл хэрэгжүүлэгчид дагаж мөрдөж байх жишээтэй. Эрүүл мэндийнх гэхэд уурхай дээр байх эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг нь ямар, ямар шаардлага хангах ёстой вэ гэх тодорхой заалт хамаардаг. Үндсэндээ эдгээр 92 хуулийн 1500 орчим заалтыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөж байна гэсэн үг. Дээр нь төсөл хэрэгжүүлэгчид олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг бий. Хөрөнгө оруулагч, зээлдэгч нарын тавьж байгаа шаардлагууд байна. Мөн өөрсдөө сайн дураараа компанийн засаглал үйл ажиллагаагаа сайжруулахын тулд олон улсын стандартыг дагаж мөрдөнө. Засгийн газрын бодлогын баримт бичгийн шаардлага гээд маш олон шаардлагуудыг дагаж мөрдөж байгаа.

Эдгээр хууль эрх зүйн орчин гадны хөрөнгө оруулалтад яаж нөлөөлсөн байдаг вэ?

Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын сүүлийн 12 жилийн хугацааг харахад хамгийн оргил үе нь 2010-2011 он. Тэр үед хөрөнгө оруулалт огцом өссөн үзүүлэлт харагддаг. 2011-2012 онд тогтвортой байснаа 2012 оноос огцом буурсан. Огцом өссөн шалтгаан нь Оюу Толгойн бүтээн байгуулалтын ажил энэ үед эхэлсэнтэй холбоотой. Оюу Толгой гадаад зах зээл дээр төслөө маш сайн сурталчилсан. Монгол Улсыг давхар сурталчиллаа. Ингэснээр маш олон хайгуулын компаниуд манайд орж ирсэн. Харин төслийн бүтээн байгуулалтын үе буурсантай холбоотойгоор манайд гадны хөрөнгө оруулалт ч буурсан үзүүлэлт давхцаж харагдаж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн орчны өөрчлөлт нэлээд олон хийгдсэн байх аа. Энэ байдал хөрөнгө оруулалтад эерэгээр нөлөөлж чадсан уу?

2009 онд Урт нэртэй хууль, 2012 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох хууль, 2013 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсан. Эдгээр хуулиуд л гэхэд уул уурхайн салбарын суурь болсон хайгуулын ажлыг явуулах боломжийг хязгаарласан, гадны хөрөнгө оруулалт орж ирэх орчин нөхцлийг бууруулсан нь тодорхой харагддаг. Ингээд 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хуулиар олгож эхэлсэн. Энэ үед бага зэргийн хөрөнгө оруулалт орж ирсэн. 2016 онд Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр хөрөнгө оруулалт илүү өссөн. Харамсалтай нь, 2017 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр өгөхийг хориглосон шүү дээ. Үүн дээр хөрөнгө оруулалтын бууралт харагдаад эхэлж байгаа. Энэ шийдвэр гарснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын хувь хоёр дахин буурсан. Үүнээс харахад хөрөнгө оруулалтын орчинд хамгийн том нөлөөлөл нь хууль эрх зүйн орчин байна. Хамгийн гол нь тогтворгүй, гэнэтийн хуулиуд ихээр гарсан учир салбарын үйл ажиллагаанд нөлөөлсөн гэж харж байгаа. Хуучин 5-8%-ийг АМНАТ дээр төлдөг байсан бол одоо 20%-ийн татвар руу шилжсэн байх жишээтэй. Ийм өндөр АМНАТ-тай байгаа тохиолдолд бүтээгдэхүүн гаргах нь компаниудад ямар ч ашиггүй.

АМНАТ-ын өөрчлөлтийн асуудал нэлээд удаан хугацаанд шүүмжлэл дагуулж байна. Одоо ч нэг талдаа гараагүй байгаа бололтой. Бас л манай хууль эрх зүйн орчны нэг өөрчлөлтийн үр дагавар гэж компаниуд шүүмжилж байгаа шүү дээ?

Журмын хүрээнд өөрчлөлтүүд гэнэт гарч ирдэг. Ашигт малтмалын тухай хууль дээр АМНАТ-ын журмаа өөрчилсөн. Засгийн газрын 2019 оны журам батлах тухай 342 дугаар тогтоолоор Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай гээд 81 дүгээр тогтоолын 2-р хавсргалтын 3.6 дахь хэсгийг хүчингүй болгоод жишиг үнээр шинэ журам гаргасан. Гадаад зах зээл дээр борлуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгуулсан гэрээний үнийг нь хасаад гадны хөрөнгийн бирж дээр зарлаж байгаа үнийг жишиг үнэ болгоод тэндээс нь АМНАТ ногдуулж эхэлсэн. Гол нь жишиг үнийн асуудал дээр нэлээд их маргаан болж байгаа. Үүн дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ажилласан. НӨАТ-ын 13%-ийг хасуулсан ч АМНАТ дээр мэдэгдэхүйц өөрчлөлт гарсангүй. Хуучин 5-8%-ийг АМНАТ дээр төлдөг байсан бол жишиг үнээс шалтгаалан одоо 20-30%-ийн татвар руу шилжсэн байх жишээтэй. Ийм өндөр АМНАТ-тай байгаа тохиолдолд бүтээгдэхүүн гаргах нь компаниудад ямар ч ашиггүй. Үүн дээр яаралтай шийдэл гаргаад талуудыг ойлголцолд хүргээд цааш явахгүй бол нүүрсний экспорт хүссэн хэмжээнд өсөх боломжгүй болов уу. Учир нь маш олон компани жишиг үнэтэй холбоотой экспортоо зогсоогоод байна. Хил нээгдэж, экспорт нэмэгдэх боломж бий болж байгаа ч компаниудад хүн хүч ажиллуулаад явах нь үр ашиггүй гээд зогсоож байна. Бид нэг талдаа экспортоо нэмэгдүүлье, боомтын хүчин чадлыг сэргээе гэж ярьж байгаа ч бодит байдал дээр үр дүн бага байгаагийн нэг жишээ энэ. Үүнийг засч залруулах боломж байгаа.

Уул уурхайгаас нэлээд өндөр орлого олохоор төсөөлөөд байгаа. Таны хэлсэн эдгээр асуудлууд шийдлээ олж чадахгүй бол орлогоо бүрдүүлж чадахгүйд хүрэх нь ээ?

Өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос 3.5 тэрбум орчим ам.доллар ороод ирсэн гэж мэдээлээд байгаа. Энэ нь яг төсөвт орж ирсэн зүйл биш, цаасан дээр байгаа тоон үзүүлэлт яриад байгаа. Нөгөө талдаа боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр Гашуунсухайт руу л анхаарлаа хандуулаад байна. Гэтэл Шивээхүрэнгийн боомт дээр компаниуд нь хамтраад хөрөнгө оруулалт олоод ажиллая гэж ярьж байгаа. Гэтэл ямар ч дэмжлэг алга. Яамд руу хүсэлт өгөхөөр маш их цаг алдаж байна. Булганы боомт дээр цаад талаасаа хүчин чадлаа нэмэгдүүлээч гээд хүсээд байдаг. Одоо бол манайх жилд 1.5-2 сая тонн нүүрсийг тус боомтоор экспортолж байгаа. Түүнийг 10 сая тонн болгох боломжтой. Энэ саналыг Хилийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлээд, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдбэл манай талд маш үр дүнтэй. Үүн дээр бид өөрсдөөсөө шалтгаалах зүйл дээр маш цаг алдаж байна. Иймэрхүү байдлаар бодитоор богино хугацаанд экспортыг нэмэгдүүлэх боломж байгаа юм.

Хөрөнгө оруулагчид бидэнд итгээд ороод ирлээ гэхэд дараа дараагийн хүндрэл бэрхшээл багагүй тулгардаг. Мэргэжлийн хүний хувьд үүнийг хэрхэн томьёолж харж байна вэ?

Миний ярьснаар дээрх бүх зүйлийг хараад бизнесийн орчин болж байна гэвэл хөрөнгө оруулагч нар орж ирж байгаа. Тэд мэдээж хайгуулын үйл ажиллагаанд хамгийн их зардлыг зарцуулдаг. Орд газар нээгдээд цааш ашиглах боломжтой гэж үзвэл төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Цаашлаад олборлолт руугаа шилжих, хаалтын үе гэсэн үндсэн 4 үе шатаар уул уурхайн ажил явагддаг. Үүнээс хайгуулын ажил хамгийн эрсдэл өндөртэй. Цаг хугацаа зарцуулдаг, хөрөнгө мөнгө шаарддаг ажил. Бидний хувьд төсөл хэрэгжүүлэгчийн мөнгөөр өөрсдийнхөө эрдэс баялгийн нөөцийг тогтоолгоод авч байна. Төслийн бүтээн байгуулалтын үе бол манай орны хувьд сорилт ихтэй үе байдаг. Наад захын жишээ нь орон нутгийн эсэргүүцэлтэй тулна. Тэгээд зогсохгүй хөрөнгө мөнгө босгоод барилга бүтээн байгуулалтын ажлаа хийх гэхэд маш олон шат дараатай зөвшөөрлүүд нэг нэгнээсээ хамааралтай болдог. Жишээ нь нэг алтны үндсэн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлж буй компани зөвхөн барилга бүтээн байгуулалтын шатанд жилд дунджаар 280 орчим зөвшөөрөл авч байна. Зөвшөөрлийн хувьд тусгай, энгийн зөвшөөрөл гээд хоёр төрөл. Бусад нь төрийн байгууллагаас баталгаажуулдаг баримт бичгүүд болох тайлан төлөвлөгөө, акт дүгнэлтүүд юм. Тэгэхээр зарим тайлан, төлөвлөгөөг зөвшөөрөл гэж ойлгож маш их цаг хугацаа алдаж байна.

Тодруулна уу?

Өөрөөр хэлбэл, хянан баталгаа[1]жуулах ёстой тайлан төлөвлөгөө болон тайланд тусгах иргэдийн саналыг зөвшөөрөл мэтээр ойлгох асуудлууд төр, орон нутгийн бүхий л шатандаа суусан. Үүний нөлөөгөөр тухайн төслийн тайлан төлөвлөгөө баталгаажих нь хуулийн дагуу бус баталгаажуулагч талын цаг зав, ая талыг харж явагддаг болсон гэсэн үг. Жишээ нь БОАЖЯ гэхэд маш удаан. БОННҮ тайланг баталгаажуулах хүсэлтээ өглөө гэхэд хоёр гурван сарын дараа хуралддаг. Дээр нь орон тооны бус үндэсний зөвлөлүүд дээр ч адилхан. Жишээ нь алт олборлогч нар дээр тулгарч байгаа маш том бэрхшээл бол Химийн бодисын үндэсний зөвлөл. Тэд зарим тохиолдолд хоёр жилд нэг удаа хуралдаж байна. Эргээд тэндээс гарах дүгнэлт дээр үндэслээд дараагийн зөвшөөрөл гарч байгаа нь төслийн бүтээн байгуулалтын үе шат, төлөвлөгөөг маш тодорхойгүй хугацаанд оруулдаг. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч нь бүтээн байгуулалтаа богино хугацаанд дуусгаад олборлолт руу шилжихийг хичээгээд байдаг. Үүн дээр тодорхой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Манай байгууллагын хувьд эрдэс баялгийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчид орж ирээд ажиллахад дөхөм болох, ойлгомжтой байх, хууль эрх зүйн орчин, зөвшөөрөл, баталгаажуулалтын заавар мэдээллийг нэг дороос авах “Хариуцлагатай уул уурхайн кодекс”- ыг хэрэгжүүлээд байгаа.

Тэгвэл олон улс дахь хөрөнгө оруулалтын орчны талаар ямар мэдээллүүдийг сонирхуулах вэ?

Австрали, Канад одоо ч гэсэн хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн их татдаг хэвээр байна. Тэнд хөрөнгө оруулалт хийхэд найдвартай, тогтвортой гэдгээрээ хамгийн өндөр оноотой явж байна. Түүнээс гадна манайхтай ижил төстэй газар нутагтай, байгалийн баялагтай орнууд сүүлийн үед хүч түрэн орж ирж байна. Жишээ нь, Перу, Чили гээд өөрсдийгөө уул уурхайн улс гээд зарлаад явж байх жишээтэй. Засгийн газар нь өөрөө хөрөнгө оруулалтаа татах төлөвлөгөө гаргаад, түүн дээр нь оролцогч талууд үүрэг хариуцлагатай байхыг тодорхой гаргаад хамтарч ажиллаж байна. Дээр нь татварын орчныг ч санал болгож байна. Саудын Араб гэхэд критикал минерал олборлож байгаа хөрөнгө оруулагчийг эхний таван жил АМНАТ[1]аас чөлөөлнө гэж байна. Түүнийг сая Чили зарлачихлаа. Энэ аргыг манайх хэрэгжүүлж байсныг санаж байгаа байх. Ингэснээр “Сентерра гоулд” орж ирж байлаа. Тэндээс уул уурхайн маш олон соёлыг үлдээсэн. Тэгэхээр бид тэд нартай өрсөлдөх боломж юу байж болохыг судлах ёстой. Хүндрэлтэй цаг үед энэ салбар 100 жилтэйгээ золгож байна. Цар тахлын дараах үе, эдийн засгийн хүндрэл их байна. Энэ хугацаанд төслүүд маш олон сар сул зогслоо. Экспортыг яриад байгаа ч импорт маш хүнд байна. Ихэнх алтны төслүүд үндсэн орд руугаа орж байна. Үйлдвэрт ашигладаг химийн бодисоо шууд Эрээнээс татаж авдаг байсан бол ковидоос үүдээд Эрээн химийн бодисыг өөрийн газар нутаг дээр тээвэрлүүлэхийг зогсоочихсон. Тиймээс манайхан Оросоор тойрч дамжуулан оруулж ирж байна. Зардал нь 3-4 дахин өсч байгаа. Бодит хүндрэл маш их байна. Тээвэр логистик бол хоолой дээр тулсан асуудал болоод байна. Мөн манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаа явуулж буй компаниуд эхнээсээ гадны улсуудын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн нь бас харамсалтай санагдаж байна. Энэ нь бид гадны гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдаа ч алдах эрсдэл улам бүр нэмэгдэж байна гэдгийг илтгэж байна.

Геологи хайгуулын мэдээлэл гадны хөрөнгө оруулагчдыг татдаг гол хүчин зүйл. Манайд энэ чиглэлийн ажил хэр урагштай явж байна вэ?

Ер нь хайгуул маш их хугацаа ордог учраас олборлох үйл ажиллагаанаас 10-20 жилийн өмнө явах ёстой гэдэг. Өнөөдөр манай эрдэс баялгийн салбар дэлхийд хаана байна вэ гээд харахаар хайгуулын салбар 10-20 жил хоцорч байгаа. Энэ бол нэг ёсондоо дэлхийн уул уурхайн чиг хандлагаас 10-20 жил хоцорч байна гэсэн үг. Өнөөдөр дэлхий нийт критикал минералыг ярьж байна. 10, 20 жилийн дараа энэ нь маш их эрэлт хэрэгцээтэй болно гэж байгаа. Бид одоо хайгуулаа эхлэхгүй бол дахиад л дэлхийн трэндээс хоцорно гэсэн үг. Дэлхий дээр Монгол Улс шиг нөөц баялагтай орон алга гэж яриад л байдаг. Бодит байдал дээрээ бид хоцорсон шүү дээ. Одоо л бид 100 жилийн ойн дээрээ талуудын оролцоог хангасан, нэг ойлголтод хүрэхийг эрмэлзэх хэрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилтийн талаар ямар бодолтой байна вэ?

Мэдээж төсөл хэрэгжүүлэгчид хуулийн хэрэгжилтийг хангах зорилготойгоор батласан журам, хуулийн шаардлагын дагуу холбогдох бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Урьд нь уул уурхайн төслүүд 3 ээлжээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол шинэ хуулийн 14/14 ростерийн өөрчлөлттэй холбоотойгоор 4 ээлжтэй болсон. Энэ нь нийт ажиллах хүчийг 15-20%-аар нэмэгдүүлсэн үзүүлэлт болсон. Гэтэл бодит байдал дээр жижиг төслүүд дээр ажиллаж байсан боловсон хүчин томоохон төслүүд рүү шилжсэн байдал ажиглагдаж байна. Иймээс хөдөлмөрийн зах зээл дээр боловсон хүчний хомстол бий болсон. Хүнд үйлдвэрийн салбарт мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай. Тэгэхээр хуулийн хэрэгжилттэй холбоотой тээвэр, логистикийн зардал, сургалтын зардал болон цалин хөлсний зардал төсөл хэрэгжүүлэгчдэд 20- 30%-аар нэмэгдэж байна. Бид энд зөвхөн мөнгөний асуудал ярьж байгаа юм биш. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал болох Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал давхар яригдаж байгаа. Боловсон хүчний хомсдолд орсон төсөл хэрэгжүүлэгчид орон нутгаас бэлтгэгдээгүй боловсон хүчнийг авч богино хугацаанд сурган ажлын байран дээр гаргах, үүнтэй холбоотой осол зөрчил гарах эрсдэл нэмэгдэж байгаа. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам уг хуулийн төслийг батлуулахдаа салбарын олон асуудлыг орхигдуулсан. Өнөөдөр төслүүдийн байрлал, дэд бүтцээс хамааран харилцан адилгүй замыг туулж уурхайн талбай руу ирж очиж байна. Зарим компани ирж, очихдоо 2 өдөр, зарим нь 4 өдрийг зарцуулж байна. Шинэ хуулиар ажилдаа явах цаг нь ажилласнаар тооцогдох учир тухайн ажилтан 10 юм уу, 12 хоног ажиллах шаардлагатай болж байна. Мөн улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг компаниудыг огтхон ч бодолцоогүй. Тэгэхээр энэ хууль маань маш олон асуудлыг орхигдуулсан байна. Хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжих боломжгүй хууль гарсан нь олон маргааныг дагуулаад байгаа.

Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.

                                                                                                                                                                                                              Г.Идэрхангай

Сэтгэгдэл (1)

  • Манро (92.14.81.184)
    Я являюсь инвестором, который еще в 2014 году вложил крупную сумму в компанию Петро Матад и очень сожалею об этом поскольку потерял более 80% своих инвестиций. И самое отвратительное это то, что компании удалось открыть крупное месторождение нефти, но уже 3 года, как блокируется доступ к земле и компания не может приступить к добыче нефти. Это есть ничто иное, как откровенное жульничеством, когда завлекают инвесторов, обещая честные условия осуществления бизнеса, а на практике происходит самое настоящая кража наших денег и времени. Вот о чем надо не просто говорить, а кричать через ваш журнала.
    2022 оны 10 сарын 26 | Хариулах