Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

О.БАТНАЙРАМДАЛ: Нүүрсний стандарт шинэчлэгдэн зургаан төрлийн 29 ангилал руу шилжсэн нь томоохон дэвшил

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалтай The Mongolian Mining Journal-ийн тоймч Г.Идэрхангай ярилцлаа.

Уул уурхайн салбарт ач холбогдол өндөртэй айлчлалууд долоо, наймдугаар сард өрнөлөө. Айлчлалын үр дүнг салбарын Дэд сайдын хувьд хэрхэн дүгнэж байна вэ. Эндээс ярилцлагаа эхэлье?

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нарын айлчлалаар яригдсан зүйлүүдийн дийлэнх нь уул уурхайн салбартай холбоотой төсөл, хөтөлбөрүүд байлаа. Шатахууны хувьд гэхэд ОХУ-ын “Роснефть” компанитай А-92 бензинийн талаар хэлцэл хийж байсан үетэй С.Лавровын айлчлал давхцаж, хэлцлээ эцэслэж чадлаа. Энэ оныг дуустал А-92 бензинийг ард иргэдэд одоогийн үнээр тогтвортой нийлүүлэхээр болсон нь ач холбогдолтой. Энгийн тооцооллоор үзэхэд, шатахуун дээр 110 тэрбум төгрөгийг бид дөрөв, тавдугаар сарын хугацаанд хэмнэж чаджээ. Хэмнэлт он дуустал үргэлжлэх байх. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг нэгдүгээрт тавьсан нь чухал. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын хувьд Гашуунсухайт-Ганц модны боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд нүүрс урт хугацаанд тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болсон. Уул уурхайн салбарын алдагдсан боломж ашигт малтмалын тээвэрлэлт, боомт хоёр дээр байдаг. “Ковид-19” цар тахлын халдвар Монголд тархахаас өмнө буюу 2019 онд 50 сая гаруй тонн нүүрс олборлож, 37 сая тонн нүүрсийг экспортлосон. Гэтэл боомт, тээвэрлэлтийн хүчин чадлын хязгаарлагдмал байдлаас хамаарч экспорт боомилогдсон байдалтай байна. Тавантолгой ордоос ашиглах боломжит нүүрсний нөөц 3,5 тэрбум тонн, Шивээ хүрэн дээр 1,3 тэрбум тонн бий. Монголын нүүрсний экспортын 95% нь Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтоор гарч байна. Алдагдсан боломж гэж бид их ярьдаг. Хэрэв төмөр зам 2017 онд ашиглалтад орсон бол экспортын алдагдсан боломж 4,9 тэрбум ам.доллар, тээвэрлэлтийн алдагдсан боломж 7,7 тэрбум ам.доллар, нийтдээ 10 гаруй тэрбум ам.доллар байна. Хятад улсад нүүрсийг урт хугацаанд нийлүүлэх асуудал олон жил яригдсан.

Нүүрс урт хугацаанд нийлүүлэх гэрээнд хугацаа заасан уу, гэрээнд ямар асуудлыг тодорхой тусгах вэ?

Энэ талаар одоогоор тодорхой хэлэх боломжгүй байна. Монголоос Хятадад нүүрс жилд 50 сая, 70 сая тонн гэх мэтээр нийлүүлэх боломж ирээдүйд бий. Экспортын төмөр замууд ашиглалтад орох гэж байгаа нь Хятадын талд тодорхой харагдсан учраас хоёр тал нүүрсний урт хугацааны гэрээ байгуулахаар боллоо гэж би харж байна.

Нүүрсний гарцыг харвал сүүлийн нэг сарын хугацаанд Гашуунсухайтын боомтоор долоо хоногт 700-900 нүүрс тээврийн автомашин хилээр гарч байгаа нь сайн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн. Энэ нь манай улсын гадаад худалдааны тэнцэл өсөхөд чухал нөлөө үзүүлсэн байна, тийм үү?

Гадаад худалдааны тэнцлийг нүүрс, зэс хоёр бараг 70-80%-тай бүрдүүлсэн байдаг. Нүүрс, зэсийн баяжмалын экспорт сайжирсан нь гадаад худалдааны тэнцэлд маш эерэгээр нөлөөлж байгаа юм. Наймдугаар сарын 4-ний байдлаар төмрийн хүдэр 5 сая тонныг экспортолно гэж тооцсоноос одоогоор 2.3 сая тонныг экспортолсон байна. Гүйцэтгэлийнхээ 45.8%-д хүрсэн. Мөн Монголбанкинд тушаасан алтны хэмжээ биелэлтийнхээ 50.9%-д хүрсэн байна. Газрын тосыг 3.420.0 мянган баррелийг экспортлохоор тооцсон ч 15.6%-ийн биелэлттэй, цайрыг 100.0 мянган тонноор төлөвлөсөн бол 85.6%- ийн биелэлттэй байна. Хайлуур жонш 650.0 мянган тонныг экспортлохоос 189.7 мянган тонныг экспортлож, 29%- ийн биелэлттэй байна.

Гашуунсухайтын терминал дээр “AGV” автомат зөөвөрлөлтөөр нүүрс гаргаж байна. Монголын нүүрс задгай тээврээс гадна чингэлэг тээвэр, терминалаар дамжиж гардаг боллоо?

Терминал дотроо “AGV” автомат зөөвөрлөлттэй болсон. Энэ тээвэр эрчимжээд ирвэл олон сувгаар нүүрс гардаг болно. Терминал бол урт хугацаандаа бидэнд маш хэрэгтэй.

Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэгний солилцоог нэмэгдүүлснээр манай улсад ямар нөлөө үзүүлэх вэ?

Нүүрсний экспортоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн асуулт гарч байна. Нүүрс экспортлох суваг нэмэгдэж буйг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гашуунсухайт-Шивээхүрэн боомтоор нийт нүүрсний 90-95% нь гардаг. Энэ боомт дээр баригдсан терминал, мөн “АGV” буюу автомат зөөлтөөр нүүрс гаргаад эхэлсэн. Дөнгөж эхлэл боловч эрчимжээд явбал олон сувгаар тээвэрлэлт хийх гарц нээгдэх суурийг цар тахлын хоёр жилд нээчихлээ гэсэн үг. Цаашдаа задгай тээврээр биш, Хятадын талаас чингэлэг тээврээр хоргодол багатай авахыг хүсч байна. Тиймээс дэд бүтэц эхлээд үүсэх ёстой. Дэд бүтцийг аж ахуйн нэгжүүдтэй хамтарснаар богино хугацаанд, дараагийн 10 жилд ач тусаа өгсөөр байх боломжтой.

Нүүрсэн дээр АМНАТ-тай холбоотой асуудал гардаг. Цаашид энэ асуудлыг дорвитой шийдэх ёстой байх, тийм үү?

Жишиг үнэ, эсвэл гэрээний үнэ гэсэн хоёр сонголт бидний өмнө байна. Гэрээний бодит үнийг аж ахуйн нэгжүүд өгдөггүй гэсэн шүүмжлэл гардаг. Гэтэл жишиг үнээр явъя гэхээр гадаадын зах зээл дээрх үнэ өнөөдрийн бодит үнээс өөр байна гэж яригддаг. Тэгэхээр жишиг үнийн зарчмаар явъя гэдэг сонголт байхыг үгүйсгэхгүй. Бидэнд бодит үнэ маш чухал шүү дээ. Монголын бүх нүүрс баяжуулсан, түүхийгээс үл хамааран гурван төрлийн 11 ангилалд хуваагддаг байсан. Тиймээс манай яам нүүрсний стандартаа шинэчлээд зургаан төрлийн 29 ангилал руу шилжүүлсэн. Коксжих нүүрс гэсэн ганцхан ангилалтай. Гэтэл коксжих нүүрс чанараасаа хамаараад зах зээл дээр дөрөв, таван үнээр зарагдаж байна. Индонез улс зөвхөн эрчим хүчний нүүрс гаргадаг мөртлөө 75 ангилалтай. Өөрөөр хэлбэл, 75 ангиллаас татвар, АМНАТ-аа тооцдог бөгөөд 75 үнэ нь бүгд автомат тооцооллоор тооцогдож илүү нүүрсний чанар, үзүүлэлтээс хамаарсан бодит үнээр борлуулагдаж байна. Тэгэхээр зургаан төрлийн 29 ангилал дээр 29 үнэ чанарын үзүүлэлтээс хамаарч тооцогдоно гэсэн үг.

Дэлхийн эдийн засаг ковидын өмнөх ба дараах гэж хуваагдсан. Хөрөнгө оруулалтын томоохон банкуудын тайланд энэ талаар тодорхой дурдагджээ. Цаашид эрдэс баялгийн салбарт дэлхийн эдийн засаг хэрхэн нөлөөлөхөөр байна вэ?

БНХАУ хэдийгээр “Тэг ковид” бодлогыг хатуу баримталж ирсэн ч эдийн засаг нь ковидын өмнөх үе шатаа давжээ гэдгийг судлаачид хэлж байна. Харин бусад орнууд энэ түвшинд хүрч чадаагүй. Тэгэхээр Хятадын эдийн засаг бусад орныг бодвол үсрэнгүй байж чадсан байна. Дэлхийн банкны мэдээллээр, өнгөрсөн зургаадугаар сард дэлхийн эдийн засаг 2022 онд 4,1%-иар өснө гэж байсан бол өнөөдөр 2,9% хүртэл буурсан. Ойрын хоёр гурван жилд дэлхийн эдийн засгийн өсөлт 3%-иас хэтрэхгүй, сайжирсан үр дүн харагдахгүй гэдэг төлвийг танилцуулсан. Дэлхийн эдийн засаг инфляцтай холбоотойгоор хямрал руу орох болов уу гэсэн дүр зураг байна. Ялангуяа энэ нь ашигт малтмалын үнэ ханш дээр харагдах байх.

Оюу Толгойн далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болж очсон. Салбарын дэд сайдын хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

Гадаадын хөрөнгө оруулагчдаас Монгол Улсыг хамгийн сайн мэддэг, хөрөнгө оруулалтын луужин болдог төсөл бол Оюу Толгой. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байгаа энэ цаг үед гадаад талдаа Монголыг хардаг өнцөг илүү өөрчлөгдсөн болов уу гэж би хардаг. Ерөнхий сайдын гадаадад хийсэн айлчлалуудаар Шинэ сэргэлтийн бодлого ихээхэн яригдаж байна. Монголын Засгийн газрын “Рио Тинто” компанитай хийсэн Оюу Толгой төслийн хэлэлцээр үр дүнд хүрч, хөрөнгө оруулагчдад эерэг хүлээлт үүсгэж байна. Оюу Толгой төсөл дээр гадаадын маш олон банкны санхүүжилт хийгдсэн. Оюу Толгой төслийн үйлдвэрлэлийг бүтэн хүчин чадлаар ажиллуулах нөхцлийг хангана гэдэг бол маш чухал. Энэ төслийн зэсийн үйлдвэрлэл 2028 онд дангаараа дэлхийн дөрөв дэх том уурхай болох төдийгүй Монгол Улс зэсийн топ 5 үйлдвэрлэгчдийн нэгд шууд орох боломж юм. Өнөөдөр Монгол Улс дэлхийн зэсийн үйлдвэрлэгч орнуудаас үйлдвэрлэлийн хэмжээгээр 17-д жагсаж байна. Зэсийн салбарын бусад том тоглогчид, тэр дундаа Чили, Перу зэрэг улсад сүүлийн хоёр жилд тодорхой асуудлууд гарч ирж байна. Чилийн Засгийн газар татвартай холбоотой популист мэдэгдлүүд хийж байна. Өрсөлдөгч зах зээл гэдэг утгаараа энэ нь Монголд давуу тал болно. Оюу Толгой төслөөс гадна бид “Эрдэнэт үйлдвэр”- ээ заавал ярьж байх ёстой. “Эрдэнэт үйлдвэр” 40 жил зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортлож байна. Зэсийн олборлолт, экспортоор Монгол Улс 40 жилийн туршлагатай гэсэн үг. Зэсийн уурхайг дагаад том хот байгуулсан туршлагаа бас ярих ёстой. Эрдэнэтийн уурхай дахин 60 жил ашиглах нөөцөө тодорхойлчихсон. Оюу Толгой төсөл ч мөн 60 жил давсан ашиглах нөөцтэй. Цагаан суваргын төслийг ч эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой.

Энэ жил геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэн тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг цахимаар олгох ажил явагдсан. Одоо энэ ажлын явц ямар байна вэ?

Зөвхөн Монголд биш бусад олон оронд авлига, хүнд сурталд хамгийн ихээр өртдөг салбар бол хайгуул. Үүнийг 100% цахимжуулж, нээлттэй болгох маш том реформ эхлүүлсэн нь амаргүй байлаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмыг боловсруулах явцад ч эсэргүүцэл гарч байна. Гэхдээ энэ жил тусгай зөвшөөрөл олголтыг 100% цахимжуулсан нь цоо шинэ алхам. Цахимжуулалтын журамтай танилцвал маш том өөрчлөлт гэдэг нь харагдана. Нэг тусгай зөвшөөрөл олгохын тулд 100 гаруй хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай болдог байсан. Тэр болгон дээр нугалаа, янз бүрийн асуудлууд гардаг юм байна. Тусгай зөвшөөрөл олголтын хүмүүсээс хамааралтай асуудлыг цахимжуулалтаар шийдэх гэж байгаа юм. Өнөөдөр www.tender.gov.mn сайт хөгжөөд 10 гаруй жил өнгөрч байна. Үүний адил тусгай зөвшөөрөл олголтыг тухайн сайтаар явуулах боломжтой. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүх үйл ажиллагааг цахимжуулна гэдэг чиг зорилгоос бид ухрахгүй. Орон нутагт гарч байгаа асуудалд олон талаас нь харж зөв шийдлийг гаргах ёстой. Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж байгаа гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл тэдэнд өөрсдөд нь энэ бэрхшээл тулгарч байдаг. Орон нутагт эрх ашиг нь хөндөгдөж байгаа оролцогч талууд хамтарч шийдэлд хүрч байх ёстой. Урт хугацаандаа мэдээллийн тэнцвэргүй байдлыг өөрчлөх шаардлагатай. Энэ бол ганц Засгийн газрын дангаараа хийх ажил биш. Бүх оролцогч талын урт хугацааны хамтын ажиллагаа. Энэ асуудал өнөөдрийн бидний жишиг болгож авч үздэг Австрали улсад ч тулгарч байсан. Гурван малчин гарч ирээд ярилаа гээд бүх малчдаа төлөөлж байна уу, үгүй юу гэдгийг анхаарах хэрэгтэй. Монголын нийт газар нутгийн 3,4% уул уурхайн хайгуул, ашиглалтад хамаардаг. Энэ бол бага үзүүлэлт. Жишээ нь дархан цаазат газар, тусгай хамгаалалт болон тусгай хэрэгцээнд авсан газар нутаг Монгол Улсын нийт газар нутгийн 70% гаруй хувийг эзэлдэг.

Монголын уул уурхай бодлогоо ирээдүйд “критикал минерал”-ын хайгуул, олборлолтод чиглүүлж ажиллана гэдгээ илэрхийлж байна. Геологи, хайгуулын үйл ажиллагааг энэ чиглэлд хэрхэн хандуулж байна вэ?

Газрын ховор элемент бол ирээдүйн эрдэс баялаг. Томоохон орд газрууд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээ яригддаг байсан бол өнөөдөр илүү чухалчилж үзэх “критикал минерал” концепц рүү шилжих нь зөв. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үүнийг оруулахаар хэлэлцэж байна. Улсын төсвөөр хийгдэх эрэл, судалгааны ажлын хувьд “критикал минерал” дээр илүү хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл олголт дээр ч мөн “критикал минерал” байх магадлал өндөртэй талбайд хөрөнгө оруулалтаа чиглүүлэх бодлого баримталж байгаа.

“Петро Дачин Тамсаг” компани дээр үүсээд байгаа асуудлыг Та хэрхэн харж байна вэ?

Газрын тосны хайгуул бол бусад ашигт малтмалаа бодвол хөрөнгө оруулалт маш ихээр шаарддаг. Тийм учраас Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тухайн аж ахуйн нэгжид бүх эрсдлийг үүрүүлж, үйл ажиллагаа явуулдаг. “Петро Дачин Тамсаг” компанитай хийсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд Засгийн газраас Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Тэр Ажлын хэсгээс илүү судалгаатай үр дүн гарах болов уу. Мэдээж хэрэг “Петро Дачин Тамсаг” компанийн олборлолт тогтвортой явагдах нь Монгол Улсад маш чухал. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход түүхий эдийн олборлолтын тогтвортой байдал маш чухал. “Петро Дачин Тамсаг” компани газрын тосны хайгуулд 3 тэрбум орчим ам.долларыг зарцуулсан тооцоо бий. Иймд томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн тогтвортой байдлыг хангах учиртай. Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын талаар бид судалгаа явуулдаг. Европын хөгжлийн сэргээн босголтын банкны санхүүжилтээр энэхүү судалгааг таван жил тутамд хийдэг юм. Сүүлийн судалгааг харахад Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал илүү сайжирсан гэсэн эерэг дүгнэлт байна. Сөрөг тал нь гэвэл хууль эрх зүйн тогтворгүй байдал болон хуулийн маргаан. Энэ нь Монголын уул уурхайн салбарт хамгийн том гацаа болж байдаг. Нэгэнт байгуулсан гэрээгээ дараа нь зөрчдөг энэ үзэгдэл хөрөнгө оруулагчдад эрсдэл болж байна. Дараагийн арван жил бид илүү тогтвортой улс төр рүү шилжихгүй бол мега төслүүдээ санхүүжүүлэхэд хүндрэлтэй.

Танай яаманд хийж байгаа нэг том ажил бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл. Үүнийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн төслийн талаар Та мэдээлэл өгнө үү?

Монгол Улсын ДНБ ойролцоогоор 4000 орчим ам.доллар. 2009-2013 онд Оюу Толгойн гэрээ зурагдаж, эдийн засаг үсрэнгүй хөгжсөн. Энэ үед манай нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 дахин өсөж, 4700 ам.доллар хүрч байсан. Гэтэл 2013 оноос хойш өнөөг хүртэл 4000 ам.доллароос хэтэрсэнгүй. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 ам.доллар хүртэлх улс хамгийн энгийн хэрэгцээ болох хувцас, хоол хүнсэндээ л хөрөнгө оруулалт хийдэг. 4000 ам.доллароос даваад ирвэл улс орон үсрэнгүй хөгждөг. Энгийн хэрэглээнээс гадна төмөр зам, дэд бүтэц зэргээ хөгжүүлж томоохон бүтээн байгуулалтуудыг хийж эхэлдэг. Ингээд хөгжлийн дээд шатандаа хүрвэл үйлчилгээ, соёл гэгээрэл рүү хөрөнгө оруулж эхэлдэг. Тэгэхээр бид үсрэнгүй хөгжилд орох замдаа гацчихсан байгаа гэсэн үг. Энэ хөгжил рүү орохын тулд том мега төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Чадахгүй бол хөгжлийн тэр шатандаа л гацаастай байна. Энэхүү гацаанаас гаргах, баялгийн хүртээмжтэй, шударга хуваарилалтыг хийхэд Үндэсний баялгийн сангийн тухай хууль чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа.

Энэ том мега төслүүдийг явуулахад Засгийн газар зайлшгүй оролцох шаардлагатай. Учир нь маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг шүү дээ?

Монгол Улс дангаараа томоохон мега төслүүдээ санхүүжүүлэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт ямар нэгэн байдлаар зайлшгүй орж ирэх ёстой. Зарим тохиолдолд гаднынхны тавьдаг шаардлага бол Засгийн газар ямар нэгэн байдлаар эрсдэл үүрч хамтран хөрөнгө оруулах. Мега төсөл мөн дор хаяж 3-7 жил шаардана. Тухайлбал, нэг тэрбум доллар шаардлагатай байлаа гэхэд 15-20%-ийн эрсдэл үүрээд төр хөрөнгө оруулах хэрэгтэй болдог. Харин манайд төрийн өмнөөс хөрөнгө оруулах механизм дутаад байна. Үүнийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар шийдэж байгаа. Бид сан гэхээр халамжийн мөнгө мэт боддог. Монгол Улс ирээдүйн өв сан, хөгжлийн сан гэж хоёр баялгийн сантай байна. Тэгэхээр “Эрдэнэс Монгол” компанийг Баялгийн сангийн зарчим руу оруулж, өөрийн гэсэн эрх үүрэг бүхий хуультай болгож, түүгээрээ дамжуулан мега төслүүдийг төрийн өмнөөс санхүүжүүлэх механизмыг гаргаж ирэх ёстой. Энэ бол Үндэсний баялгийн сан. Хуулийн төслөө бэлдсэн. Засгийн газраар хэлэлцэж, УИХ-д өргөн барих зөвшөөрөлөө хоёр гол яамнаас авчихсан. Намар чуулган нээхээр өргөн барина.

                                                                                                                                                  Ярилцсан Танд баярлалаа.