Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/
Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хувьд зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэх орчинг бүрдүүлж өгдөг “Mongolia Mining” үзэсгэлэн “Степпе Арена” буюу “Мөсөн өргөө”-д анх удаа нээлтээ хийлээ. 11 дэх удаа зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд 200 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байна. Үзэсгэлэнгийн гол танхим болох мөсөн талбай дээр засах стэндүүдийн захиалгаар дүүрч хоёрдугаар давхартаа мөн засжээ. Уул уурхайн болон ханган нийлүүлэгчдийн хувьд хүсэн хүлээдэг арга хэмжээ болох нь эндээс харагдаж байлаа. “Mongolian Mining 2022” үзэсгэлэнд олон улсын байгууллагууд, ОХУ, Канад, Их Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг орны 100 гаруй байгууллага болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ зэрэг уул уурхайн тэргүүлэх байгууллагууд оролцож байна. “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 23-ныг хүртэл “Степпе Арена” мөсөн өргөөд 3 өдрийн турш үргэлжлэх юм.
Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө, мөн энэ удаагийн үзэсгэлэнгийн гол сэдэв болох хариуцлагатай уул уурхайн талаар семинарыг ч мөн хийх юм байна. “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт” УҮГ худалдан авалтын бодлого, тавигдах шаардлагын талаар ханган нийлүүлэгчдэд мэдээлэл хүргэхээр бэлтгэжээ. Энэхүү үзэсгэлэнг “Майнэкс Монголиа” компани санаачлан зохион байгуулсаар ирсэн юм. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Трансвест Монголиа” ХХК, алтан ивээн тэтгэгчээр “Гранд Майнинг Экюпмент” ХХК, “Новел групп” ажиллаж байгаа бол үндэсний бүтээн байгуулагч, мөнгөн ивээн тэтгэгчээр “Соёолон Интернэшнл” ХХК, “Мега Сэлбэг” ХХК ажиллаж байна. Үзэсгэлэнгийн үеэр уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан, оролцогчидтой бизнесийн харилцаа холбоо тогтоох бүрэн боломжтой. Хэрвээ та энэ үзэсгэлэнг зорихоор шийдсэн бол зочдод зориулсан автобус Шангри-Ла зочид буудлаас цаг тутам үнэгүй үйлчилж байгааг дуулгая.
Ж.Мөнхцэцэг