Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

"Coal Mongolia 2022“ эхэллээ   

                                        

"Сэргэлтийг хамтдаа урианд нэгдсэн  "Coal Mongolia 2022  10 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэнд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Дэд сайд О.Батнайрамдал, УУХҮЯ, агентлагийн холбогдох мэргэжилтнүүд  болон   Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ын дарга Жулиан Лауренс тэргүүтэй олон улсын байгууллагын төлөөлөл, нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд, туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчид, нүүрсний  салбарын эрдэмтэн судлаачид оролцож байна. Хоёр өдөр үргэлжлэх уг  чуулга уулзалтыг нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар үг хэлсэн юм. Тэрбээр “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын ажлаа аваад удаагүй байна. Гэхдээ миний хувьд УИХ-ын “Эдийн засгийн байнгын хороо”-ны даргаар дөрвөн жил ажилласан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны асуудал энэ хороонд харьяалагдаж ирсэн болохоор салбарын асуудлыг сайн мэднэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хариуцлагатай уул уурхайг тууштай дэмжинэ. Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөө төр өгсөн л бол бодлогоор дэмжинэ. Салбарын үйл ажиллагааг хааж боосон зүйл гаргуулахгүйн тулд  ажиллана. Хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжин өрсөлдөөний чадварыг дээшлүүлэхэд анхаарна. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална.” гэлээ.

Чуулга уулзалтад оролцогчид ирэх жилүүдэд өрнөх дэлхийн нүүрсний зах зээлийн  чиг хандлага, худалдаа, тээвэр логистикийн нөхцөл байдал  гээд хэрэгцээт бүхий л мэдээллийг эндээс авч чаддагаараа давуу талтай. Мөн Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлж, боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, уул уурхайн салбарт нэвтэрч буй  техник технологийн дэвшлийг танилцуулахаас гадна  нүүрсний зах зээлийн нөөц, боломж, өнөөдөр  тулгамдаад буй асуудлаа хэлэлцэн гарц шийдлийг эрэлхийлэх нь энэхүү чуулга уулзалтын гол зорилго юм. Нүүрсний эрэлт хэрэгцээ дэлхий дахинд эргэн нэмэгдэж, БНХАУ-ын зах зээлд Монгол Улс урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ хийх боломж бүрдсэн гэгээтэй цаг үед  “Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн болж байгаагаараа онцлог.   “Coal Mongolia” чуулганы хамтран зохион байгуулагч, Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж. Золжаргал  “Монголын нүүрсний  салбарт тулгамдаж буй асуудлууд болон боломж”-ийн талаар эхний илтгэлийг тавьсан юм. Монгол дахь Австралийн худалдааны танхимын ТУЗ-ын дарга Жулиен Лауренс “Австрали Монгол хоёр  улсын нүүрсний экспортын бизнесийн харьцуулалт”–ыг танилцуулсан нь сонирхолтой илтгэлийн нэг байлаа. Уул уурхайн тэргүүлэгч орны нэг болох Австралийн туршлага бидэнд шинэ санаа өгч, олон олон боломжийг  нээх  биз ээ. Мөн Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа  “Хөрөнгө оруулалт болон хууль эрх зүйн орчин” илтгэлдээ “1992 оноос хойших 30 жилийн хугацаанд 16 Ерөнхий сайд ажилласан байна.  Засгийн газрын ажиллах дундаж хугацаа  1,8, жил.  Засгийн газар шинэчлэн байгуулагдах бүрд салбар яамдын сайдууд солигддог. Дунджаар 18 сайд солигдсон гэж тооцоход 290 орчим сайд ажилласан байна” гэж  хөрөнгө оруулалтад гол тээг болсон улс төрийн тогтворгүй байдлыг судалгаагаараа нотлон харуулсан юм. Уул уурхайн салбарын компаниуд үйл ажиллагаагаа явуулахын тулд 92 хуулиуд, 1500 хуулийн заалт, 1200 стандартын хүрээнд ажиллах хэрэгтэй болдог  нь “хуулийн тээг” гэгч юу болох талаар нэгийг бодогдуулахаар.... Чуулганы хоёрдугаар хэсэгт  хөрөнгө зардлыг хэд дахин хэмнэх “ Бүрэн цахилгаанжуулсан дижитал уурхай”-г АББ группийн  Монгол дахь төлөөлөгчийн Газрын захирал С. Эрдэмбаяр танилцууллаа. Чуулганы гуравдугаар хэсэгт судалгаа, мэдээллийн Майра монголиа компанийн   Партнер Ц.Хангай “Ногоон шилжилт-Коксжих нүүрсний ирээдүй” сэдвээр хийсэн судалгааг танилцуулна. Уг чуулга уулзалтыг хамтран зохион байгуулагч  Түдэй Тинк Танк” ХХК-ийн Ерөнхий менежер Хөү Жихуа “Цар тахлын дараах Хятад Монголын нүүрсний зах зээлийн төлөв байдал, цаашдын чиг хандлага” илтгэлийг, “Фэнвэй дижитал Информэйшн Сервисез” ХХК-ийн Ерөнхий менежер Фэнг Донгбин “Азийн зах зээл дэх Монголын нүүрсний эзлэх байр суурь ба боломжууд”,S&P Global Commodity Insights- ийн ахлах шинжээч Клаудиа Сиа ”Металлургийн нүүрсний зах зээл ба чиг хандлага” сэдэвт цахимаар илтгэлээ танилцуулах юм. Чуулган  үргэлжилж байна.

                                                                                       Ж. Мөнхцэцэг