Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Дизель түлшний импортын үнэ тонн тутамдаа 65 доллараар нэмэгджээ

Энэ оны эхний хагасын байдлаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт 865 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.6%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын үнийн дүн мөн хугацаанд 67%-иар өсч 766 сая ам.долларт хүрчээ.

Газрын тосны бүтээгдэхүүний импорт дундаа, АИ92 шатахууны импортын биет хэмжээ оны эхний хагаст өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 74.3%-иар өсч 130 орчим мянган тоннд хүрсэн байна. Уг төрлийн шатахууны импортын дундаж үнэ тонн тутамд өнгөрсөн зургадугаар сард 833 ам.доллараар илэрхийлэгджээ. Энэ нь өмнөх тавдугаар сарын дундаж үнээс 9 доллараар өсчээ.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Дизелийн түлшний импортын (нэгжийн) үнийн тухайд өнгөрсөн зургадугаар сард тонн тутамдаа 1060 ам.доллартай тэнцсэн нь тавдугаар сарын импортын дундаж үнээс 65 ам.доллараар (6.5%-иар) нэмэгджээ. Дизелийн түлшний импортын нийт хэмжээ оны эхний хагасын байдлаар 443 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 12%-иар буурчээ. Харин дизелийн импортын үнийн дүн оны эхний хагаст 394.5 сая ам.доллараар илэрхийлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 50%-иар өссөн дүн боллоо. Дизелийн импортын биет хэмжээ зургадугаар сард өмнөх тавдугаар сартай харьцуулахад 21.8%-иар нэмэгджээ.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Салбарын дэд сайд О.Батнайрамдалын мэдээлснээр, өнгөрсөн дөрвөөс зургадугаар сард ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хэлэлцээрийн үр дүнд АИ92 шатахууныг тонн тутмыг нь 840 ам.доллараар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-30%-ийн хямд үнээр худалдан авч дотоодын зах зээлд борлуулсан байна. Ингэснээр АИ92 автобензиний үнэ өнөөдрийг хүртэл литр тутамдаа 2390 төгрөгт хадгалагдаж байна. Мөн Ерөнхий сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ92 шатахууны үнийг он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр үр дүнд хүрсэн байна. Цаашид өргөн хэрэглээний АИ92 автобензиний үнийг нэмэхгүй байх тал дээр Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс ОХУ, БНХАУ-тай хэлэлцээр хийн ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Брэнт маркийн газрын тосны ханш дэлхийн зах зээлд одоогийн байдлаар 103 ам.доллар/баррель байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 51%-иар өндөр дүн болж байна.

Эх сурвалж: investing.com

 

 

Б.Төгс