Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Төрийн хэмнэлтийн хууль ба уул уурхайн 100 жил

Г.Идэрхангай

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2022.06.15/ хуралдаанаар Төрийн хяналт үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоол баталлаа. Энэ жил Монгол Улсад Төрийн хяналт үүсэж хөгжсөний ой тохиож байгаа ба дөрөвдүгээр сарын 29-ны өдөр УИХ-аар батлагдаж, тавдугаар сарын 16-наас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн Төрийн хэмнэлтийн тухай хууль, журамд нийцүүлэн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Төр хяналт тогтоож эхэлсэн ойд төр ач холбогдол өгч тэмдэглэх нь. Харин энэ жил 100 нас хүрч буй  уул уурхайн салбарын  ой, эрчим хүчний салбарын ой Төрийн хэмнэлтийн тухай хуульд “дарагдан” ямар нэгэн онц гойд зүйлгүй намартай золгох гэж байна. Улс орны эдийн засгийн ачааг нуруун дээрээ үүрч ирсэн салбарын ойг төр эдийн засгийн хүндрэл гээд нэг их ойшоохгүй байна гэж хэлж болно. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсэг  холбогдох яамны дэргэд байгуулагдан сар бүр хийх ажлуудаа төлөвлөсөн боловч өнөөдрийг хүртэл бодитой хэрэгжсэн томоохон ажлууд алга. Салбарын хэмжээнд уламжлал болгон зохиогддог хурал, чуулгануудыг  100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа ажил гэвэл өнгөцхөн дүгнэлт. Уул уурхайн салбарын нэр хүндийг өргөх, нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх өргөн сурталчилгаа, үнэ цэнтэй, ирээдүйд  өв болгож үлдээх зүйлүүд хийгдэхгүй байна хэмээн шүүмжилж байгаа олныг ч буруутгах аргагүй. Нэгэнт төрийн хууль батлагдсан тул хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ салбарын ойг тэмдэглэх тогтоолыг Засгийн газар батлах болов уу гэсэн хүлээлт уул уурхайнханд байсаар байна.  100 жилийн түүхтэй уул уурхайн салбар өнөөдөр Монгол Улсын ДНБ-ий 24%, аж үйлдвэрийн салбарын 69%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, экспортын 93%-ийг  бүрдүүлдэг. Ийм том, тэргүүлэх салбар. 

Канадын Торонто хотоо энэ сарын 13-15-нд зохион байгуулагдсан Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын “PDAC 2022” чуулга уулзалтад УУХҮ-ийн сайд Г.Ёндон тэргүүтэй уул уурхайн томоохон компанийн төлөөллүүд оролцлоо. Уул уурхайн салбарын хамгийн нэр хүндтэй, 135 орны  23000 гаруй төлөөлөгч, 2500 гаруй хөрөнгө оруулагч оролцсон энэ том хурал дээр  Монголын уул уурхайн салбарын  100 жилийн ойтой холбоотой яриа хөөрөө ихээхэн цуурайтлаа. 

 “Монгол Улс уул уурхайн салбарын 100 жилийн ойгоо хөгжлийн шинэ үе, шинэ хандлага, дасан зохицох чадвар бүхий ажиллах хүч, томоохон уурхайнуудыг дэлхийн зах зээлтэй холбосон шинэ төмөр зам бүхий хөгжлийн цоо шинэ хуудсаар эхлүүлж байна” хэмээн Г.Ёндон сайд итгэл дүүрэн хэлжээ.

Гаднын хөрөнгө оруулагчдад энэ үг сонсголонтой сонсогдсон нь мэдээж, харин Монголын уул уурхай, тэр тусмаа төрийн өмчит компаниуд Төрийн хэмнэлтийн хуульдаа чагтлагдан ойтой манатай “толгойгоо маажиж” сууна. Айсуй есдүгээр сарын дундуур “Уул уурхайн өдрүүд”-ийг УУХҮЯ,  салбарын холбогдох байгууллагуудаас зарлаж, жил бүр уламжлал болгон зохиогддог “Coal Mongolia”, “Mining Mongolia” зэрэг олон улсын чуулганыг 100 жилийн ойтой холбохоор болжээ. Үүнээс өөр дорвитой, даацтай ажлууд одоогоор харагдахгүй байна. 

Ямартай ч 26 сар хүлээгдэж, хувь нийлүүлэгчдийн маргааны гол асуудал болж ирсэн  Оюу Толгойн гүний  уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сард эхлүүлсэн нь уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн анхны гэрэлтэй мессэж болсон нь үнэн. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Монголын талд нэмэлт өр үүсгэхгүй, төслийн хугацааг дахин хойшлуулахгүй байх, 2023 оны эхний улиралд багтааж гүний уурхайг бүрэн ашиглалтад оруулах талаар The Mongolian Mining Journal-д дэлгэрэнгүй ярьсныг хүлээн авна уу. “Оюу Толгой төслийн ирээдүй бол мэдлэг, чадвартай монголчууд” хэмээн тэрээр төслийн ирээдүйг нээлттэй зураглан хэлж байна.  

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70%-ийг хайгуул, олборлолт, газрын тосны салбар эзэлж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил, ялангуяа уул уурхайн салбарыг богино хугацаанд бий болгоход хөрөнгө оруулалт ямар чухал үүрэгтэй байсныг харуулна. Хөрөнгө оруулалт татдаг ганц салбар бол хайгуул. Гэвч энэ салбар таг зогссон хэвээр.  Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, нийт 3.1 сая га талбайд цахимаар сонгон шалгаруулалт явуулан 400 хүртэлх тооны тусгай зөвшөөрөл олгох ажил одоо хэр хийгдээгүй, хойшилсоор байна. Хайгуулын салбарынхны хамгийн чухал улирал мөдхөн ард хоцрох бөгөөд хамгийн эрсдэлтэй энэ салбарт хөрөнгө оруулалт хийх зүрх зоригтон, санхүүгийн өндөр боломжтой аж ахуйн нэгжүүд хэр олон байгаа вэ?  Засгийн газрын тэргүүн нь орон нутагт очоод “иргэдээсээ санал авч хайгуулаа явуулна” гээд хэлчихээр энэ салбар хэр урагшлах бол? 

Он гарснаас хойш салбарын яам, Ашигт малтмал, газрын тосны газрынхан орон нутагтайгаа ойлголцох гэж хөдөө, орон нутгаар олон хурал, чуулган хийлээ. “Хурал, чуулган үр дүнгүй болдог шүү дээ” хэмээн ам асуух иргэд олон болжээ. Ямартаа ч нүүрсний салбарт сайн цаг айсуйг Монгол-Хятадын нүүрсний худалдаа, зах зээлийн мэдээлэл солилцох цахим хурлаар  (2022.06.14) яригдлаа. Тус хурлын талаар сэтгүүлч Б.Төгсбилэгтийн тоймлосныг сонирхон уншина уу. Харин Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орох магадлалтай, энэ ондоо лав сэргэхгүй гэдгийг эдийн засагч Б.Мөнхсоёл өгүүлж байна. Ирэх жилүүдийн ганц найдвар Оюу Толгойн далд уурхай болсныг тэрээр MMJ-ийн сэтгүүлч Ж.Мөнхцэцэгт ярьжээ. 

Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчилсан. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр нийт 39.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргахаар төлөвлөсөн. Бусад улс орнуудад хэмнэлтийг журмаар зохицуулдаг байхад одоогоор дэлхийд Монгол Улс л ганцхан ийм хуультай байна. Юутай ч төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ын гишүүдийг цомхотгохоор боллоо. Тус компанийн нэгдэл байдаг охин компаниудын ТУЗ-ийн 207 гишүүнийг 27 болгож цөөлнө. Ингэснээр зардалаа хэмнэж, үйл ажиллагаа нь уялдаатай, нэгдсэн бодлогоор удирдах боломжтой гэж төр үзжээ. Төрийн өмчийн оролцоотой, нээлттэй хувьцаат компаниуд бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно. УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр шинээр хараат болон охин компани байгуулах асуудал Төрийн хэмнэлтийн тухай хуулиар мөн хязгаарлагдаж байна.   Цаашид төрийн өмчлөлд байх, өөрчлөн зохион байгуулах, бүтцийн өөрчлөлт хийх өмчлөлийн хэлбэрийг нь өөрчлөх төрийн 106 компани хүлээгдэж байгаа юм.  

Энэ хууль хэрэгжээд хэзээ цуцлагдах нь тодорхойгүй. Ямартаа л 100 жилийн насаа үзэж буй уул уурхайн салбар, тэр дундаа төрийн өмчит уул уурхайн компаниуд Төрийн хэмнэлтийн хуульдаа захирагдан төсвөө чангалан салбарын хэмжээнд бодит үр дүнтэй үйл ажиллагаа явуулах боломж муутай  2022 оныг ардаа орхих бололтой.