Монгол-Хятадын нүүрсний худалдаа, зах зээлийн цахим хурал (2022.06.14) боллоо. Тус хуралд "Эрдэнэс Тавантолгой", "Аспайр Майнинг", "Монголын Алт", "МоЭнКо", "Өсөх Зоос", "Саусгоби Сэндс" зэрэг компанийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Түүнчлэн Хятадын "Guangxi Shuangshou Energy Science and Technology" компани үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
Мөн "Chalco Inner Mongolia International Trading" компанийн дэд захирал Ван Жинсуо “Монголын төмөр замын нүүрсний экспортын шинжилгээ” сэдвээр илтгэл тавьсан. Тус компани нь “Эрдэнэс Тавантолгой” болон “Chalco Trading” групп хоорондын гэрээний дагуу Цанхийн зүүн хэсгийн нүүрсний худалдааны асуудлыг гардан хариуцдаг ажээ. Тэрбээр энэ оны долдугаар сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орохоор хүлээгдэж байгаа ч хугацааны хувьд хойшилж магадгүйг онцолсон. Нөгөөтэйгүүр, уг төмөр зам ашиглалтад орсон ч зөвхөн Монгол доторх тээвэрлэлтийн асуудал шийдэгдэнэ. Хил дамжуулан тээвэрлэх хэсгийн буюу Цагаанхад-Ганцмод чиглэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байгааг дуулгасан. Тиймээс уг төмөр замаар томоохон экспорт эхлэх хүртэл хугацаа орох болов уу гэж үзэж буйгаа тэмдэглэлээ. Тавантолгой-Зүүнбаян төмөр замын хувьд Эрээний боомтоор нүүрс экспортлох нь хэмжээний хувьд хязгаарлагдмал болохыг тэмдэглэсэн. Одоогийн байдлаар Эрээний боомтоор манай улс өдөрт 10 галт тэргээр бараа экспортолж буйн 2-3 нь коксжих нүүрс ажээ. Цаашлаад Ханги руу төмөр замын ажил өрнөж байгаа ч экспортын хэмжээний хувьд мэдэгдэхүйц нэмэгдэх хүртэл хугацаа орохыг тэмдэглэсэн.
"Монгол Нүүрс Ассоциаци"-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал Монголын нүүрсний экспортын төлөв” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр энэ онд “Монголын нүүрсний экспорт гуч гаруй сая тоннд хүрэх боломж бийг тодотгосон. Хэдийгээр манай улсад экспортын ердөө зургаахан сарын хугацаа үлдээд байгаа ч хил гаалийн нөхцөлийг нааштайгаар шийдвэрлэж чадвал ийм боломж байгааг тэрбээр уламжилсан юм.
Шивээхүрэн боомтын тээвэрлэлт сэргэсэн үед энэхүү зорилт биелэх боломж бий. Гэхдээ үүний тулд манай улс он дуустал сард дунджаар 3.5 сая тонн нүүрс экспортлох шаардлагатай болоод байгаа юм.
"Хятадын коксжих нүүрсний зах зээлийн төлөв байдал" сэдвээр "Фэнвэй Энержи"-ийн Зах зээл судалгааны хэлтсийн менежер Янжун Лиу илтгэл танилцууллаа. Хятадын нүүрсний олборлолт, коксын үйлдвэрүүдийн агуулах дахь нөөц аль аль нь бууралттай байгаа үед цаашид эрэлт сайн байх дүр зурагтай байна. Гэвч цаашид Монголын нүүрсний Хятад руу хийх экспортод мэдэгдэхүйц өсөлт энэ жил ажиглагдахгүй болов уу гэж төсөөлж байна. Гашуунсухайт боомтын нэвтрэлт өдөрт 500 машин байх дүр зурагтай байгаа нь сайн хэрэг ч илүү өсөлт гарах эсэх нь цар тахлын халдварын байдлаас хамаарахаар байна. Хэдийгээр төмөр замын төслүүд ашиглалтад орохоор байгаа ч энэ онд экспортыг ахиулахад төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна. Мөн ОХУ-ын Хятад руу хийх нүүрсний экспорт ч төдийлөн өсөхгүй гэж төсөөлж буйг хуваалцлаа. Сүүлийн саруудад ОХУ-ын Хятад руу хийх нүүрсний экспорт нэмэгдэж байгаа ч төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал хязгаарлагдмал байгаагийн улмаас нүүрсний худалдаа төдийлөн өсөхгүй гэж үзжээ. Мөн Энэтхэг улс нь саяхан нүүрсний импортын татвараа тэглээд байгаа тул ОХУ-ын хувьд тус улс руу нүүрсний экспортоо нэмэгдүүлэх болов уу гэж үзжээ.
Б.Төгс