Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

УУХҮЯ Чилийн Уул уурхайн яамтай харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вилли Крачтай уулзаж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн технологи судлах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож баяжмал боловсруулах үйлдвэрийн талаар товч танилцуулав.

Энэ үеэр “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яамтай харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг байгууллаа.

БНЧУ нь зэс олборлолт, үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхийн зэсийн хэрэглээний 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Тус улстай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар зэсийн баяжмал боловсруулах үйлдвэртэй холбоотой дүрэм журам, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, эрдэс баялгийн салбарын эрхзүйн орчинг сайжруулах, ашигт малтмалын орд илрүүлэх судалгааны чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын компани болон байгууллага хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.