Замби арга барил

2022-06-10

Б.Төгс

Саяхны нэгэн судалгаан дээр Монголыг Замбитай хөрөнгө оруулалтын орчноор нь харьцуулжээ. Уг судалгаанд Чили, Австралийг ч судлагдахуунаар сонгож. Энэ хоёр улс нь уул уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ, бусад үзүүлэлтээр манайхаас хол илүү гэдэгт нэг их гайхах зүйлгүй. Харин Замби бидэнтэй эн зэрэгцээд бүр илүү гарч байвал та бас битгий гайхаарай.

Замби болон Монголыг харьцуулахад их төвөгтэй. Хамгийн түрүүнд Замби гэхээр Африкийн талыг эзэрхэн идээшлэн буй зааны сүргийн тухай дүр зураг буух бол Монголын тухай гадаадынханд өвлийн тэсгим хүйтэнд талыг дүүргэн давхих адуун сүрэг санаанд нь буух биз ээ. Хоёулаа гайхалтай, гэхдээ их өөр.

Нэг төсөөтэй зүйл гэвэл Замби манайхтай адилхан далайд гарцгүй орон бөгөөд Африк тивийн урд хэсэгт найман улстай хиллэн оршино. Тус улс нь Африкийн хамгийн том зэс олборлогчдын нэг бөгөөд зэсийн экспортоос 6-7 тэрбум ам.доллар жилд олдог. Зэс хайлуулах, цэвэршүүлэх дөрвөн ч үйлдвэртэй, тэдгээр нь 1.2 сая тонн цэвэр зэс буюу эцсийн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай ийм улс ажээ. 

ЕСБХБанкны санхүүжилтээр УУХҮЯ манай улсын олборлох салбарын хөрөнгө оруулалтын орчныг үнэлэх жишиг судалгааг захиалж, түүнийг нь “Адам Смит Интернэшнл” байгууллага боловсруулж, салбарынханд сонсгол тавьснаар (2022.05.17) манай улс Замби, Австрали, Чилитэй харьцуулахад ямархуу байгаагаа мэдэх боломж олдож байна. 

Адам Смит-ын илтгэлд өгүүлснээр, Их Британийн колоничлолын үед уул уурхайн салбар хувийн хэвшлийн өмчлөлд байж, улмаар 1964 оны тусгаар тогтнолын дараа ч энэ байдал үргэлжилжээ. Харин 1969-1974 оны хооронд уурхайнуудыг улсын мэдэлд шилжүүлжээ. Харамсалтай нь зэсийн үнэ 1974-1975 онд буурч, хэдэн арван жилийн турш доогуур хэвээр байв. Өөрөөр хэлбэл зэсийн үнийн өсөлтийг баяртайгаар угтан авахад Замби улс амаргүй замнал туулжээ. 1990-ээд онд уул уурхайн салбар дахин хувьчлагдсан. Замби улсын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай. 2020 оны байдлаар ДНБ-ийн 11%, экспорт 80%, улсын төсвийн 31.4%-ийг энэ салбар бүрдүүлжээ. Тус улс нь зэс төдийгүй кобальт, алт, маргад, манганы хүдэр, хайлш экспортолдог. Гадаргын усны нөөц арвинтай учир эрчим хүчнийхээ дийлэнхийг усан цахилгаан станцаар хангадаг. 300МВт-ын нүүрсний станц бас ажилладаг. Цаашид нар, салхины томоохон төслүүд ашиглалтад орохоор ажил өрнөж байна. Хамгийн сүүлд “First Quantum Minerals” 430МВт-ын нар, салхины эх үүсвэр Замбид байгуулахаар Франц, Английн компанитай тохиролцжээ. 

Замби хөрөнгө оруулалтын хувьд Монголдоо харьцангуй ойролцоо гэж хэлж болох авч сүүлийн үед Замби нь хөрөнгө оруулалт татах үүднээс нэлээд өргөн хүрээнд ажиллаж байгаа ажээ. “Адам Смит Интернэшнл” байгууллагын уг судалгааг гардан гүйцэтгэсэн багийн ахлах шинжээч Рон Смитийн тайлбарласнаар тус улсад өнгөрсөн наймдугаар сард болсон сонгуулийн дараа Засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олж авахаар ажилдаа ханцуй шамлан оржээ. Энэ оноос эхлэн АМНАТ-ийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч тооцох болсон байна. Үр дүн нь ч саяхнаас илтэд мэдрэгдэж, энэ оны тавдугаар сарын эхээр Өмнөд Африкт болсон уул уурхайн чуулган дээр (Mining Indaba) тус улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан баг оролцож Замби бизнест эргэн ирснийг зарлажээ. Ингэхдээ тус улс авлигаас ангижирч, бас зүгээр л Замбийн боломж бололцоог хоосон магтан ярих бус, бодит ажил хэрэг болгон ажиллахаа уламжилжээ. Замбид ажиллаад олон жилийн нүүрийг үзэж буй Канадын “First Quantum Minerals” компани хурлын үеэр тус улс дахь Kansanshi зэсийн уурхайн өргөтгөл төсөлд 1.25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх тухайгаа зарлажээ. Тус компани мөн Замбид никелийн шинэ уурхай эхлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг төсөлд 100 сая ам.долларын нэмэлт төсөв баталсан байна. Замбид хөрөнгө оруулалтын эерэг уур амьсгал бүрдүүлэхэд энэ үйл явдал нь ихээхэн дөхөм болох нь дамжиггүй.  

Тус улсад мөн “Barrick Gold”, “Glencore” болон бусад томоохон компани уурхай эрхэлдэг бөгөөд тэдгээрт тус улсын төрийн өмчийн “ZCCM IH” компани 10-90 хүртэлх хувийг эзэмшдэг байна. Төрийн өмчийн компанийн бодлого нь эрдсийн ханшийн өсөлттэй байгаа үед төслүүд дэх эзэмшлийн хувиа улам бүр нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж буй ажээ. 

Замбийн хувьд АМНАТ-ийн хувь хэмжээг үе үе өөрчлөх алхмуудыг сүүлийн жилүүдэд хийж ирсэн. Энэ нь тус улсад ажилладаг олборлогч компаниудад хүндээр тусч, зарим нь Засгийн газартай арбитр дээр “хүч үзсэн” удаатай.

Замбийн тухайд ерөнхийдөө 2006 оноос уул уурхайн татварын тогтолцооны асуудал халуун сэдэв болон хувирсан. Улмаар 2008 оноос АМНАТ болон бусад татварын хувь хэмжээг нэмэгдүүлж эхэлсэн. Хамгийн алдартай нь 2015 оноос эхлэн зэсийн ил уурхайн АМНАТ-ийг 6% байсныг 20%, далд уурхайнхыг 8% болгож нэмэгдүүлэхээр болсон. Гэхдээ уг шийдвэрийг төд удалгүй цуцалж АМНАТ-ийг 9% болгохоор тогтож байсан. Яг одоогийн байдлаар Замби улсад зэсийн хувьд 5.5-10%-ийн АМНАТ-ийг зах зээлийн ханштай уялдуулан тогтоож байна. Замбид АМНАТ эхэндээ 0.6%-тай байсан бол үүнийгээ 3% (2008), дараа нь 6% (2012) болгож шат дараатайгаар нэмэгдүүлсэн. Харин сүүлдээ 20%-д хүргэснээр хөрөнгө оруулагчдыг үргээх болсныг залруулж одоо харьцангуй “алтан дундаж” хувийг тогтоож өгсөн ажээ. 

Үнэхээр эрдсийн ханш өндөр байх үед их төлбөрийг төсөвт төвлөрүүлэх нь аль аль талдаа шударга, харилцан ашигтай юм. 

Тус улсын хувьд Хятадад ихээхэн өр төлбөртэй бөгөөд энэ улсад тус улсын хөрөнгө оруулалт түлхүү нэвтрэх төлөвтэй байгааг Рон Смит онцолсон. Гэхдээ Замби нь өр төлбөрийн тухайд манай улстай харьцуулахад тун чиг дажгүй үзүүлэлттэй байгаа юм. Нийт өрийн хэмжээ ДНБ-ийн хэмжээтэй дүйж байгаа нь манай улсынхаас хавьгүй бага юм. 
Замби улсын тухайд манайхтай харьцуулахад бодлого, институтын суурь хүчин зүйлсийн хувьд хавьгүй илүү гарсныг доорхи графикаас харж болно. Адам Смит-ийн судалгаанаас үзэхэд манай улс Замбитай харьцуулахад орж ирж буй хөрөнгө оруулалт татах чиглэлд өрсөлдөх чадвараар тус улсыг эдгээр үзүүлэлтээр гүйцэхгүй дүр зураг бууж байна. 

Зөрүүгийн шинжилгээ: Бодлого, институтын хүчин зүйлс


 
Манай улсын тухайд эрдэс баялгийн нөөц бололцоо байгаа ч  хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах өрсөлдөх чадвараараа сайжруулах шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байна. Энэ нь гагцхүү дотоод хүчин чармайлтаар засч залруулах боломжтой, гадаад хүчин зүйлээс харьцангуй хамааралгүй үзүүлэлтүүд болохыг Рон Смит онцолсон. Гэхдээ Замби улс нь татварын орчноор манайхтай харьцуулахад төдийлөн бага биш. Өөрөөр хэлбэл татварын бага хувь тавих албагүй нь эндээс харагдана. Тухайлбал Замбийн аж ахуйн нэгжийн орлогын татвар /30%/, суутган татвар /20%/, НӨАТ /16%, гэхдээ тодорхой хэсгийг буцааж өгдөг/ зэргээр манайхтай ойролцоо эсвэл өндөр. 

Замбигийн нэг асуудалтай тал нь ядуурлын түвшин асар өндөр хувьтай. Нийт хүн амын 60% нь ядуу амьдарч буй гэсэн судалгаа бий. Зарим судалгаагаар уг үзүүлэлт бүр 88%-тай гарчээ.  Хэдийгээр ядуурлыг бууруулахаар тэмцэж байгаа боловч бодитой үр дүнд хүртэл асар хол байна. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалт, баялгийн экспорт нэмэгдэж болох ч энэ нь хүмүүсийн аж амьдрал шууд дагаад дээшилнэ гэсэн үг биш болохыг сануулна. Нөгөөтэйгүүр Замби улсад ямар нэгэн баялгийн сан одоогоор байхгүй. Сан байгуулах хэлэлцүүлэг өрнөсөн ч ажил хэрэг болж амжаагүй ажээ. 

Манай улсын тухайд  уул уурхайн тэсрэлтийн үед ядуурал буурч байсан ч сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа нь санаа зовоосон асуудал болж байна. Баялгийн сангийн тухайд арайхийн өсч өндийж байсан “Ирээдүйн өв сан”-г хүүхдийн тэтгэмж нэрийдлээр бараг “хоосолчихсон” сууж байгаа. Хүүхдүүдэд яг одоо хоол хэрэгтэй, тийм биз. Гэвч ирээдүйн үеийнхнийг ч баталгаагаар дутааж болохгүй. Сайшаалтай нь засаг баялгийн сангийн холбогдох шинэ хуулийг өргөн барьж байгаагаа саяхан дуулгасан. Баялгийн сан хөгжихөд дор хаяж 10 жил шаарддаг тул бид түргэвчлэх нь зүй. 

Гэхдээ нэг зүйлийн тухайд тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш / Замби квача/ сүүлийн саруудад ам.долларын эсрэг эрчимтэй чангарч байгаа юм. Учир нь экспорт нь импортоос хавьгүй илүү их байгаа нь үүнд нөлөөлсөн хэрэг. Томоохон улс гүрнүүдийн мөнгөн тэмдэгт долларын эсрэг бөхийж атал Замби урсгалыг сөрж чаджээ. Замби улс нь ерөнхийдөө 20 тэрбум ам.долларын эдийн засагтай. Манайхаас хавьгүй том гэсэн үг. Гэхдээ нийт хүн ам нь бараг 19 сая. Манайхаас тав дахин өнөр өтгөн. Одоо энэ улсад ядуурлаа дарах, баялгаа зөв хуваарилах ажил үлджээ. 

Монголын тухайд цар тахлын үед саяхныг болтол ам.долларын ханш харьцангуй тогтвортой байсан. Гэхдээ гуравдугаар сартай золгомогц асуудал шууд үүсч эхэлсэн. Уг нь экспортын үзүүлэлт импортоос яльгүй давж байгаа ч байдал сайнгүй л байна. Замбигаас авах сургамж гэвэл манай улс цаашид мөнгөн тэмдэгтээ ер нь бол 3000-ын шугамаас дахин доош оруулж чангаруулах бүрэн боломжтой ажээ. Мөн зэсийн супер экспортлогч болж болох авч баялгийн сангүй бол ядуурал арилахгүйг хэлж өгч байна. 


 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ