ОПЕК газрын тосны олборлолтын төлөвлөгөөгөө өөрчиллөө

2022-06-03

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн уулзалтаар  (2022.06.02) тус байгууллагын гишүүн болон түнш орнууд ирэх долоо болон наймдугаар саруудад өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 648 мянган баррелиэр нэмэгдүүлэхээр тогтлоо. Өмнөх хэлэлцээрээр бол сар бүрийн нэмэгдүүлэх хэмжээ нь 432 мянган баррель/өдөр-өөр илэрхийлэгдэж байсан юм.

Гэхдээ энэхүү нэмэгдэлд шинжээчид сэтгэл дундуур байна. Учир нь ОПЕК-ийн түнш орон болох ОХУ-ын газрын тосны олборлолтын хэмжээ хоёрдугаар сараас хойш нэг сая баррель/өдөр-өөр буураад байгаа бөгөөд уг хэмжээг нөхөхийн тулд бусад орны олборлолт илүү их хэмжээгээр нэмэгдэх шаардлагатай. Нөгөөтэйгүүр тус байгууллагын гишүүн орнуудын олборлолт зорилтот хэмжээнд хүрэхгүй байх магадлалтай юм.

ОХУ-ын газрын тосны төрийн өмчийн компани Роснефть олборлолтоо энэ сараас эхлэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа төдийгүй компанийн түүхэн дэх хамгийн өндөрт тооцогдох ногдол ашиг хуваарилахаа зарлаад байна. Хэдийгээр Европын холбооны улс орнууд хойд хөршөөс авах газрын тосны импортоо бууруулаад байгаа ч Энэтхэг, Хятадын худалдан авалт нэмэгдсээр байгаа юм.

Европын холбоо зургадугаар шатны хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-аас авах газрын тосны импортын 75%-д нэн даруй хориг тавих, аажмаар оны эцэст уг үзүүлэлтийг 90%-д хүргэх шийдвэрийг (2022.05.30) гаргасан. Гэхдээ үүнд Унгар, Чех, Словак зэрэг орны ОХУ-аас Дружба хоолойгоор дамжуулан авдаг газрын тосны худалдаа орохгүй бөгөөд зөвхөн далайн тээврээр дамждаг газрын тосны импортыг хамруулах нөхцөл тусгагдсан.

Европын холбооны шийдвэр нь газрын тосны ханш өсөх нөхцөлийг нэмэгдүүлж байна. Нөгөөтэйгүүр, АНУ-ын газрын тосны агуулах дахь нөөц таамагласнаас илүү буурсан явдал болон Хятадын цар тахлын хөл хорионы дараах сэргэлт зэрэг нь цаашид Брэнт газрын тосны ханшийг нэмэгдүүлж болзошгүй байна. Одоогийн байдлаар Брэнт газрын тосны ханш баррель нь 117 ам.доллартай тэнцэж буй юм.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ