Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Төрийн өмчит компаниуд "төрөл арилжих" уу

Г.Идэрхангай


Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулна

Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохи­цуулалтын газрынхан ойр ойрхон Эрдэнэт, Дархан руу “давхин” тун завгүй байна.  Хөтөлийн “Цемент Шохой”-н  үйлдвэрийг төрийн өмчид авсны дараа засаг “Эрдэнэс Монгол” компанийн дүрмийг шинэчлэн баталж, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр”-ийн “Кью Эм Си” компанитай байгуулсан Концессын гэрээг цуцлан төрд шилжүүлэн авлаа. 

Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийг менежментийн шинэ баг нь 2023 онд IPO гарган бирж дээр бүртгэлтэй, олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгохоо энэ үеэр амлав. Үүний өмнө тус үйлдвэрийн бүх татварыг улсад төлж барагдуулах их ажилтай. Харин  “Уул уурхай, металлургийн цогцолбор”-оо бүтэн найман жилийн хугацаанд байгуулж чадаагүй “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ийнхүү  стратегийн ач холбогдолтой Төмөртэй, Төмөрт-Овоо болон  Хустай ордын хамтаар төрийн өмчлөлд шууд очиж байна.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг цэгцэлж, засаглалыг нь сайжруулах ажлыг Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилтын нэг “Төрийн бүтээмжийн сэргэлт”-дээ багтаасан. Хоёр жилийн хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулж, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн шууд хяналтад оруулах Эдийн засгийн форумаас гарсан саналыг Засгийн газар нэгтгээд УИХ-д оруулахаар зэхэж  байна.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (04.15)  гаргасан шийдвэрээ танилцуулахдаа  Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барих болсноо мэдэгдлээ. 

Уг  хуулиар төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах  (үүний 34%-д нь IPO гаргах), 10 компанийг  нэгтгэн нийлүүлэх, цаашид төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгаж худалдах  арга хэмжээ авах юм. 

Түүнчлэн төрийн өмчит компаниудын удирдлагын бүтцэд дэд захирал болон шаардлагагүй албан тушаалтнуудыг танахаар болж. Төрийн өмчит компани өрсөлдөх чадвартай байх ёстой. 

Гэвч дээрээс томилогдсон захирлууд компанийг үр ашигтай ажиллуулж чаддаггүй, зөвхөн эзний зараалаар хөдлөх нь бий.  Компанийн тухай хуулиар бол хамгийн том төрийн өмчит  компани “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирлыг  тухайн компанийн Гүйцэтгэх удирдлагын багаас томилох ёстой атал Засгийн газраас санал болгосны дагуу ТУЗ нь томилдог. Тиймээс төрийн өмчит компаниудыг дээрээс биш, нээлттэйгээр сонгон шалгаруулдаг, нэр дэвшиж байгаа хүн мөрийн хөтөлбөртэй,  компанидаа ямар өөрчлөлт авчрахаа тодорхой танилцуулдаг систем рүү шилжих нь.   Энэ маш зөв алхам. Ингээд төрийн компаниудыг улс төрийн дарамт, шахалтаас хол байлгаж чадвал “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн нэг том үр дүн болно. 
Засгийн газраас юутай ч төрийн өмчит компаниудаа цэгцлэх ажилд ханцуй шамлан орж байгаа нь сайн хэрэг. Олон жил ужгирсан хүнд суртал, авилга, үр ашиггүй  үйл ажиллагаатай төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй хийх “дайн”-ыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт олгосон юм.  Өөрөөр хэлбэл, баялгийг иргэдэд тэгш хүртээх “төрийн нийтийн” зарчмыг  амьдралын хөрсөн дээр буулгах гэж буй нь энэ.  

Өнөөдөр төрийн өмчит 108 компани үйл ажиллагаа явуулж байна. Компаниудын хувьцаа эзэмшигчдийн эрхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ), Эрчим хүчний яам (ЭХЯ), Зам, тээвэр, хөгжлийн яам (ЗТХЯ), Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ) гэсэн долоон субъект хэрэгжүүлдэг. Эдгээр компанийн нийт авлага 2,1 их наяд, өр төлбөр 16 их наяд, нийт хөрөнгө 51 их наяд байгаагаас орлого 9,7 их наяд, зардал 2,6 их наяд, төлсөн татвар 1,8 их наяд, ногдол ашиг 173 тэрбум төгрөг, цэвэр ашиг 204 тэрбум төгрөг байгаа юм. 

Компаниудын үр өгөөжийг харъя. ЗГХЭГ-ын харъяанд байгаа 17 компаниас ашигтай  18%, ашиггүй 82% байна. ЭХЯ-ны харъяаны 26 компаниас ашигтай 15%, ашиггүй 85% байх жишээтэй. Харин ЗТХЯ-ны 2 компани  хоёулаа 100% ашигтай.  УУХҮЯ-ны мэдэлд буй 3 компани 33%-ийн ашигтай, 67%-ийн ашиггүй. Энэ мэтчилэн харвал нийт 106 компаниас 45% нь ашигтай, 55% нь ашиггүй ба  2-хон хувийн ашигтай, өгөөж нь  ердөө 1% байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт. Ийм  өгөөжтэй төрийн өмчит компаниудыг цааш нь энэ хэвээр явуулсаар  байх уу гэдэг асуултын тэмдэг. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 273 компанийн 39%  нь ашигтай, 61% нь ашиггүй байна.

Өр төлбөрийн тухайд төрийн өмчит компаниудын өр төлбөр 51 их наяд ба энэ нь хэдхэн компанид  хуваагдаж буй. Тухайлбал, нэг их наяд төгрөгөөс дээш хөрөнгөтэй төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудаас “Эрдэнэс Монгол” 14 их наяд, “Эрдэнэс Тавантолгой” 14 их наяд, “Эрдэнэт үйлдвэр” 5 их наяд, Хөгжлийн банк 4 их наяд, Төрийн банк 3 их наяд, “Монголын төмөр зам” компани 1,8 их наяд байна. 
 
Төрийн өмчит компаниудаас хамгийн том нь ирээдүйн “Баялгийн сан” болохоор зорьж яваа “Эрдэнэс Монгол”. Тус компанийн дүрмийг баталснаар охин компаниудыг нь цэгцлэх их ажил ундарч байна. 

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барихаар бэлтгэсэн.  Байгуулагдаад 14 жил болж болж байгаа  ч  10 гаруй охин болон хараат компаниас  ердөө 2-3 нь л үр ашигтай ажилладаг. Тийм учраас “Эрдэнэс Монгол” компани олон улсын баялгийн сангийн хэлбэр, зохицуулалт, стандарт руу цаг алдалгүй яаралтай шилжин орох шаардлагатай. Ингэж байж хөрөнгийг оновчтой, зорилготой удирдлагаар хангана. Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-аар батлагдвал “Эрдэнэс Монгол” компани дээр эхлээд бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Юуны өмнө,  тус компани засаглалаа сайжруулж, нээлттэй компани болох зорилтыг өмнөө тавьжээ. Ингэхийн тулд санхүүгийн зөв механизмтай, ашгийн төлөө ажилладаг болох ёстойг хувийн  хэвшлээс төрийн өмчит компанийн удирдлагын багт ирсэн О.Хулангийн үг илтгэнэ. 

“Эрдэнэс Монгол” компани  цэвэр бизнесийн зарчмаар ажиллах ба нээлттэй сонгон шалгаруулалтаар мэргэшсэн ТУЗ-тай болж, орлого, үр ашиггүй, чиг үүрэг давхардсан төсөл, компаниудыг татан буулгах, нэгтгэх, үйл ажиллагааны зардлыг бууруулах, бүтцийн өөрчлөлт хийх гэж байна. Мөн үйл ажиллагаа болон худалдан авалтыг бүрэн цахимжуулах зэрэг олон оновчтой ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхдээ “Эрдэнэс Монгол” нэгдэл бүтэц, зохион байгуулалтын хувилбараа “Өнгөт метал”, “Нүүрс, эрчим хүч”, “Дэд бүтэц” гэж ангилах юм.

Төрийн өмчит компаниудын засаглал, менежментийг сайжруулах зорилгоор Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Ойрын хугацаанд эдгээр хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барина.  Төрийн     өмчийн тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш бусад хуультай холбоотойгоор  25 удаа нэмэлт өөрчлөлт орсон ч  зарчмын шинжтэй өөрчлөлт хийгдэж байгаагүй.  Түүнчлэн Төрийн болон орон нутгийн оролцоотой компанийн тухай анхдагч хууль хэлэлцэгдэх гэж байна. Удахгүй Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-өөр хэлэлцэхэд бэлэн.  Хуулийн гол концепц нь компанийн засаглалыг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг хувийн хэвшлийн чадавхид үндэслэн боловсронгуй болгох зэрэгт чиглэх юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, зах зээлээ тэлэх боломж уг хуулиар нээгдэнэ. 
Энэ онд Улсын төсвийн тухай хуулиар 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх төсөөлөлтэй. Гаднын зээл, тусламжийг үүн дээр нэмбэл 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжих ба манай улсад шаардлагатай 80 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын 10% болно. 

Төр, хувийн хэвшлийг Концессын тухай хуулиар зохицуулдаг. Хэдийгээр төр, хувийн хэвшил хамтран ажиллах 30 гаруй хэлбэр бий ч зөвхөн Концессоор зохицуулах нь хязгаарлагдмал хэмээн хуулийн төсөл боловсруулагчид үзэж байгаа юм. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Концессын тухай хууль улсын төсөвт ихээхэн дарамт үзүүлдэг. Учир нь, барих-шилжүүлэх зарчмаар хэрэгжүүлсэн төслүүдийг Төсвийн хуулиар хянах боломжгүй тул хувийн хэвшилд ашигтай, төрийн үйлчилгээг сайжруулсан төслийг хамтран хэрэгжүүлэх шаардлагатай.  

Эдүгээ Концессын “Барих-шилжүүлэх”, “Барих-Ашиглах-Шилжүүлэх”-тэй  холбоо­той 25.5 их наяд төгрөг бүхий нийт 60 төслөөс “Барих-Шилжүүлэх” гэрээтэй 40 төсөл (нийт 2.2 их наяд), “Барих-Ашиглах-Шилжүүлэх” гэрээтэй 20 төсөл (нийт капитал өртөг 8.19 тэрбум ам.доллар) бий.  Эдгээр төсөл ямар шатандаа явааг графикаас харна уу.


         
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль  нь эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол бүхий хөгжлийг дэмжсэн дэд бүтэц, нийгмийн салбарын төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой. Хөгжлийн төслүүдийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, хувийн хэвшилд бизнесийн зах зээл нээж өгөх, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүртээмж, ил тод, нээлттэй, тогтвортой, хариуцлагатай түншлэлийг бий болгоно гэж хуулийн төсөл боловсруулагчид үзэж байна. Түншлэлийн гэрээний зарчмыг хамгийн дээд тал нь 30 жил байхаар төсөлд тусгажээ.  Юутай ч энэ хууль хэрэгжсэнээр “Барих-Шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, төсөвт дарамт учруулах төслүүд хэрэгжихгүй, хүслийн жагсаалт баталдаггүй болно. 

Өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх хуулиудаас ганц дутаж байгаа нь төрийн өмчийн эрхийг хамгаалсан хууль. Ерөөс 1996 оноос хойш төрийн нийтийн хамааралтай өмчийн хууль, ямар ч зохицуулалт гараагүй. Уг нь, төр нь хувийн буюу нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн заалт Үндсэн хуульд тодоор тусгагдсан. Гэвч бодит байдал дээр төрийн өмчийг хуулиар огт хамгаалаагүй учраас авлига гаарсан. 1996 оны Төр, орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчийг “төрийн нийтийн хамааралтай”, “төрийн өөрийн өмч” гэж хоёр хуваасан ч үнэндээ энэ бол төрийн өөрийн өмчийг л зохицуулсан хууль болж хэрэгжсэн. Тэгэхээр төрийн нийтийн хамааралтай өмчийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт огт байхгүй гэж хэлж болно. Цаашид хуулийн шинэчлэлүүдийг хийхдээ ч үүнийг онцгойлон анхаарна биз ээ.  

Ойрын өдрүүдэд болсон “Монголын эдийн засгийн чуулган”, “Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам Монгол) зэрэг хурал болгон дээр төрийн өмчит компаниудыг цэгцлэх илтгэл, яриа хөвөрч байна. Хувийн хэвшлийнхэн энэ тал дээр ямар байр суурьтай байгааг уншигч Та сэтгүүлд нийтлэгдсэн сурвалжилгаас уншина уу. Мөн төрийн өмчит компаниудыг цэгцлэх даалгаврыг засгаас авсан Б.Цэнгэл даргын ярилцлагыг хүргэж байна. 

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (197.211.58.29)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 24 | Хариулах