Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Дархан-Уул аймагт ашиглалтын 67, хайгуулын 6 тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна

МОНЦАМЭ агентлагийн Дархан-Уул аймаг дахь сэтгүүлч Л.Отгонбаатар

 

   Дархан-Уул аймагт “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон уул уурхай, ашигт малтмалын ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт-2022” зөвлөгөөн саяхан боллоо. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Хонгор, Шарын гол сумдын Засаг дарга, ЗДТГ-ын ХБТХОХ болон Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хараа, Ерөө голын сав газрын захиргаа, бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.


    Зөвлөгөөнөөр аймгийн хэмжээнд уул, уурхайн чиглэлээр баримталж буй бодлого өмнө хийгдсэн ажлын тайлан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг БОАЖГ, МХГ, Цагдаагийн газраас өглөө. Дархан-Уул аймгийн хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 87 аж ахуйн нэгж байгууллагууд байдаг аж. Үүнээс ашиглалтын 67, хайгуулын 6, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох 14 зөвшөөрөл байна. Үүнээс жилд 15-18 аж ахуйн нэгж нүүрс, алт, төмрийн хүдэр, шохойн чулуу, түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 122 газрын 646.8 га талбай эвдрэлд оржээ. Үүнээс зөвшөөрөлгүй 348 га, зөвшөөрөлтэй 298.8 га талбай мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар бүртгэгджээ. Тиймээс аймгийн хэмжээнд эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.         Үндэсний аюулгүй байдлын Ажлын хэсгийн шалгалт, улсын хэмжээнд холбогдох яамны ажлын хэсгийн шалгалт, батлагдсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт, аймгийн Засаг даргын байгуулсан ажлын хэсэг болон иргэдийн өгсөн гомдол мэдээллийн дагуу жил бүр хяналт шалгалт хийгддэг ажээ.
   Хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллагууд өнгөрсөн долоон жилийн хугацаанд 435.92 га талбайд техникийн, 123.15 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийжээ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд 2 га, 2020 онд 3 га нийт 5 га талбайд нөхөн сэргээлт хийсэн байна. Дээрх нөхөн сэргээлтэд бичил уурхайн нөхөрлөлүүдийн хийсэн талбай ч хамрагдаж байгаа аж. Бичил уурхайчид шинэ талбай бус өмнө нь ашиглагдсан газарт зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж дууссаны дараа нөхөн сэргээлтийг хийж хүлээлгэн өгдөг ажээ.
           Бичил уурхай болон нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах зорилгоор аж ахуйн нэгж байгууллагууд газрыг зүй зохистой ашиглахгүй, нөхөн сэргээлт хийхгүй орхигдуулснаас орон нутгийн байгаль орчинд хохирол учруулж байгаа тул цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудтай  энэ оныг дуустал гэрээ, хэлэлцээр хийхгүй болохоо мэдэгдсэн албан бичгийг  Дархан-Уул аймгийн Засаг дарга Б. Азжаргал сумдын засаг дарга нарт хүргүүлсэн юм.
    Энэхүү мэдэгдэл  хариуцлагатайгаар үйл ажиллагаа  явуулж буй бичил уурхайн нөхөрлөлүүдэд хүндээр туссан төдийгүй, тэдний хийсэн ажлыг үнэгүйдүүлсэн, нөхөн сэргээлтийг хийгээгүй мэт харагдуулж байгаад бухимдалтай байгаагаа зөвлөгөөний үеэр илэрхийлж байлаа.


     Хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, улсын эрдэнэсийн санг арвижуулах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангах “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд эзэн холбогдогчгүй эвдэгдсэн талбайд Засгийн газрын 151 дугаар тогтоолоор батлагдсан журмын хүрээнд Орон нутгийн иргэд эвлэлдэн нэгдэж бичил уурхайн нөхөрлөлийг байгуулж эхэлсэн юм.
      Өнгөрсөн хугацаанд 19 нөхөрлөл АМГТГ-ыг дүгнэлтээр баталгаажсан 148.1 га талбайг тусгай хэрэгцээнд авч 1500 гаруй иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Нөхөрлөлүүд ажилчдынхаа эрүүл мэнд, нийгмийн даатгалд 126.554.400 сая төгрөг, усны төлбөрт 94.381.044 төгрөгийг төлжээ.
     Зөвхөн өнгөрсөн гурван жилийн хугацаанд 35.7 га талбайд нөхөн сэргээлт хийсэн. Үүнээс 4.48 га талбайд дүйцүүлэх, нэг га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгчээ. Бичил уурхайчид нь газрын баялгаас олсон ашгаа тэгш хүртээмжтэйгээр төр, хувийн хэвшлийн салбар бүрт дэмжлэг үзүүлсээр ирсэн аж.  Тиймээс аймгийн засаг дарга албан бичгээ эргэн харж бичил уурхайчидтай биечилж уулзах, хийсэн ажлыг газар дээр нь үзэж сонирхохыг хүслээ. Дээрх зөвлөгөөнд оролцогчдын санал, хүсэлтийг БОАЖГ-т нэгтгэж Засаг даргад танилцуулах аж.
    Хэрэв бичил уурхайчдын үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд аймгийн хэмжээнд ажилгүйдэл нэмэгдэж, одоо ашиглагдаж буй талбайн нөхөн сэргээлт орхигдоно гэдгийг ч тэд онцолж байлаа.
     Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайн нөхөрлөлүүд нь жил бүр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалтуудад бүгдэд нь хангалттай сайн үнэлгээг авч байсныг ч  зөвлөгөөний үеэр дурдсан. Хамгийн сүүлийн жишээ нь 2021 оны аравдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу ирсэн шалгалтад хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна гэж дүгнэжээ.
     Бичил уурхайн нөхөрлөлүүд нь эрүүл, тэгш талбайд ажилладаггүй аж. Өмнө нь баялгийг нь авч, ухаж орхигдсон талбайд орон нутаг болон АМГТГ-ын дүгнэлтээр баталгаажсан талбайд үйл ажиллагаагаа явуулдаг юм.