Их эрдэмтэн  Ядамсүрэнгийн Гомбосүрэн

2022-04-22

Г.Идэрхангай

Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулан “Зууны алдартан” буланг уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ. Оны эхний  сарын дугаарын зочноор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатыг, хоёрдугаар сарын дугаарт  Хөдөлмөрийн баатар, геологи-минерлогийн ухааны доктор Чойжингийн Хурцыг урьж ярилцсан юм. Энэ удаад бид ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн Шинжлэх ухааны доктор, уул уурхайн техникийн профессорын багийн багш, профессор Я.Гомбосүрэнгийн хөргийг нийтэлж байна. Монгол Улсын уул уурхайн салбарт үлэмж хувь нэмрээ оруулсан түүний амьдралын тухай нэгэн удаа, цөөн үгээр илэрхийлэхийн аргагүй ч салбарын түүхэнд үлдэх гавьяат үйл хэргээс нь товчхон ч атугай хүргэхийг зорилоо.    


 

Налайхын их уурхайн анхны Ерөнхий инженер (1960), геологи, уул уурхайн салбарын анхны мэргэжлийн Орлогч сайд (1966), анхны доктор (1972) Ядамсүрэнгийн Гомбосүрэн гуай эдүгээ 88 нас хүрч байна. Түүний амьдрал баялаг намтар түүхтэй, басхүү ээдрээтэй замналыг туулж ирсэн юм. 

Тэрээр 1934 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын Шүүт гэдэг газар төржээ. Хожим өөрийг нь амьдралд хөтөлсөн Намжилын Гунгаажав ахыгаа бараадан Дорнод руу шилжиж, тэндээ нэг жил суралцсан гэдэг. Я.Гомбосүрэн гуайн дурсамжид Н.Гунгаажавын ахынх нь тухай олонтаа дурдагддаг. Тухайн үедээ “Совмонголметалл” хэмээх хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий захирлын Орлогч буюу Монголын талыг хариуцсан захирлаар Н.Гунгаажав ажиллаж байж. Тус нийгэмлэгийн захиргаа Улаанбаатар хот руу шилжихэд тэрээр Я.Гомбосүрэн хүүг дагуулан Аж үйлдвэрийн техникумийн уул уурхайн ангид элсүүлсэн буянтан аж. 17 настайгаасаа уул уурхайн мэргэжлийн багшаар хичээл заалгаж эхэлсэн хүүд Москвад И.Сталины нэрэмжит Уул уурхайн сургуульд суралцах хувь тохиосон нь энэ. Геологи, уул уурхайн яамны анхны сайд, генерал Ц.Жанчивын шийдвэрээр хэсэг оюутанг хойд хөршид сургахад Я.Гомбосүрэн багтаж алсын орныг зорьсон түүхтэй. Түүний ажил, амьдралын их гараа Налайхын их уурхайтай нягт холбогддог. Энэ уурхайгаас хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, Аж үйлдвэрийн яамны хэлтсийн дарга, салбарын Орлогч сайд (1961-1968) хүртлээ дэвшин ажилласан ч хэлмэгдүүлэлтийн салхинд өртөж явсан үе түүнд бас бий. Энэ тухай товчхон өгүүлэх болно. 

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 1922 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн тогтоолын дагуу Налайхын уурхайг улсын мэдэлд шилжүүлснээр тус салбарын үүслийн шинэ он тоолол эхэлсэн гэж үздэг. Жилд 81 тонн нүүрс бэлтгэн гаргаж байсан тус уурхай жилд 600 мянган тонн нүүрс гаргах хүчин чадалтайгаар ашиглалтад орсон түүхтэй. Я.Гомбосүрэн гуай өөрийн дурсамжидаа “Налайхын их уурхай нийслэл Улаанбаатар хотыг чанар сайтай нүүрсээр амжилттай хангахын сацуу 70-аад онд орон нутагт байгуулагдсан нүүрсний уурхайнуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, уул уурхайн салбарын хэмжээнд уурхайчдыг бэлтгэх сургалтын төв болж байлаа” хэмээн өгүүлжээ. Тэгвэл энэ их уурхайд 1960 онд анхны ОМКТМ хэмээх иж бүрэн төхөөрөмжийг гаднын орноос захиалан авчирч, суурилуулах ажлыг хариуцсан мэргэжилтэн бол Я.Гомбосүрэн. БНМАУ-ын Аж үйлдвэрийн яаманд томилогдон ажиллахдаа тэрээр тус яамны сайд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Паавангийн Дамдингийн удирдлага дор Налайхын уурхайг хариуцан энэ ажлыг гүйцэтгэжээ. “Одоогийн хэллэгээр инновацийн технологийн асар өндөр өртөгтэй төслийг бид хэрэгжүүлсэн юм шүү” хэмээн Я.Гомбосүрэн гуай хуучлав. Энэхүү технологийн гол үр дүн нь нэгдүгээрт жилд 600 мянган тонн нүүрсний 12 лаавыг хоёр болтол цөөрүүлжээ. Хоёрдугаарт, өмнө нь 1000 тонн нүүрс гаргахад 70м3 бэхэлгээний мод зарцуулдаг байсан бол 10м3 хүртэл бууруулж бэхэлгээний модыг орлуулсан бөгөөд Төв аймгийн Мөнгөнморьт сумын ойг их хэмжээгээр огтлон Туул голын урсгалд ноцтой нөлөөлж байсныг багасгаж чадсан байна. Энэ нь экологийн хувьд маш том шийдэл, басхүү дэвшлийг авчирчээ. 

Уг төслийн үр дүнг Монголын төр өндрөөр үнэлж, У.Мавлет, н.Лувсанчоймбол, н.Дорж нарт Төрийн соёрхол хүртээжээ. Хэдий тиймч нэрт эрдэмтэн Я.Гомбосүрэн гуайн Аж үйлдвэрийн яамны Орлогч сайд, Нүүрсний үйлдвэрийн нэгдлийн Ерөнхий инженерээр ажиллах үедээ эхлүүлсэн энэхүү бүтээлийн талаар салбарын сайд нар дурсан ярьдаг. “Энэ их эрдэмтний хэлснээр бүх юм ёсоор болж, Налайхын их уурхайд иж бүрэн механикжсан төхөөрөмж нэвтэрсэн. Профессор Я.Гомбосүрэнгийн бүр эртнээс бодож төлөвлөж, судалгаа хийсэн ажлын шинэ үр дүн бүрэн биеллээ олсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна” хэмээн уул уурхайн салбарын анхны Төрийн соёрхолт, доктор У.Мавлет өгүүлжээ. “Налайхын уурхайд нэвтэрсэн ОМКТМ-10 үнэнээр үнэлэгддэг байсан бол тэр төрийн шагнал алдар хүндийн эздийн нэг нь Я.Гомбосүрэн мөнөөс мөн. Аж үйлдвэрийн яамны Орлогч сайд байхдаа түүнийг амьдралын их замд хөтөлсөн ах Гунгаажавыг оршуулахад миний хайрт ах гэж хэлсний төлөө бараг эсэргүү болох шахаж, Нүүрсний үйлдвэрийн нэгдэл Ерөнхий инженерээр очиж санасан техникээ авч, лаав суулгалтыг гидросистемийн аргад шилжүүлсэн” хэмээн Геологи, уул уурхайн сайд асан Ч.Хурц гуай дурсаж байна. Н.Гунгаажав нь тухайн цаг үед “Лоохуузын бүлгийн хүн” гэгдэн хэлмэгдэж явсан түүхтэй.

Эрдэнэт үйлдвэрийн шав тавих, Эрдэнэт хотын буйр талбайн сонголтыг бататгаажуулсан Ажлын комиссын дарга, гишүүд, экспертүүд

Зууны манлай “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад Я.Гомбосүрэн гуай үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Анхны ТЭЗҮ үнэлгээнд хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоос 8%-иар тусгасан байсан бөгөөд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тус үйлдвэрийн дүрмийн санд Монголын талын хувь оролцоонд хайгуулын зардал, усны төлбөрөөс гадна газрын төлбөр, хайгуулын зардал өртгийг тооцоолсон нь Монголын талын оролцоог 50%-д хүргэх хүчин зүйл болжээ. Я.Гомбосүрэн нь хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулах хэлэл­цээр болон тус үйлдвэрийн “улаан шугам”  тавих Ажлын комисст ажиллажээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн дүрмийн сангийн 1% нь 26 сая шилжих рубльтэй тэнцэх тухай Засгийн газар хоорондын протоколын тэмдэглэлд бий. Дараа нь, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 1991 оны Засгийн газар хоорондын шинэчилсэн хэлэлцээрээр нөөц ашигласны төлбөрийг 6% болгон бууруулсан нь ухралт болсон гэж тэрээр үздэг. Харин 2010 онд УИХ-аас нөөц ашигласны өсгөн нэмэгдүүлэх төлбөрийг (роялти) хуульчилсан нь дэлхийн жишигт нийцсэн бодитой алхам болсныг  тэмдэглэжээ. 1980-аад оны эцэст Ажлын комисс “Эрдэнэт үйлдвэр”-ийн төслийн объектуудын байрлалыг сонгож, “улаан шугам” тавих ажлыг хуучнаар ЗХУ-ын төсөлчидтэй гүйцэтгэжээ. Өнөөгийн Эрдэнэт хотын буйрыг  анх сонгосон талбай дээр Улсын комиссын дарга Д.Майдар тэргүүтэй ажлын комиссын гишүүд, экспертүүд зургаа татуулсан нь гэрэл зургийн хальснаа ийн түүх болон үлдэж.   Эдүгээ 100 жил болж буй Монголын уул уурхайн салбарын жар шахам жилд нь хамтдаа зүтгэж, хамтаа бүтээж, нөхөрлөж яваа тэргүүлэх хоёр эрдэмтэн бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, нэрт эрдэмтэн Я.Гомбосүрэн. П.Очирбатыг ЗХУ-д сургуулиа төгсөж ирээд Аж үйлдвэрийн яамны хүнд үйлдвэрийн хэлтэст мэргэжилтнээр хэдхэн сар ажиллуулсны дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн яамны сайд П.Дамдин Шарын голын нүүрсний уурхайн Ерөнхий инженерээр томилжээ. 1967 оны тэсгим хүйтэн өвөл Я.Гомбосүрэн гуай залуухан инженер П.Очирбатыг Шарын голын уурхайд 69 машинаар хүргэж өгсөн гэдэг. 

Я.Гомбосүрэн эрдсийн түүхий эдийн засгийн судалгаагаар олон улсын байгууллагуудад ажиллан ихээхэн туршлага хуримтлуулсан мэргэшсэн эрдэмтдийн нэг юм. 

Энэ хугацаанд “Монгол Улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх ерөнхий схем”, “Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн (ЭЗХТЗ) орнуудын хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хүрээнд Эрдэнэтийн зэс, молибдений ордыг ашиглах ТЭЗC, Бор-Өндөрийн хайлуур жонш баяжуулах фабрик байгуулах, Тавантолгойн коксжих нүүрс болон Бүрэнхааны фосфоритын ордыг ТЭЗС, Төмөртийн овооны цайр, алтны олон тооны ордыг ашиглах ТЭЗҮ зэргийг эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулжээ. Монгол Улсын түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийг тэргүүлэх хурдацтай хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд 70-аад онд орон нутагт 10 гаруй нүүрсний уурхайн зураг төслийг барилга байгуулалтын ажилтай хослуулан гүйцэтгэх ажлыг Я.Гомбосүрэн мэргэжлийн удирдлагаар ханган Налайхын их уурхайгаас гадна Бор-Өндөрийн хайлуур жоншны нэгдсэн баяжуулах фафрикийг криолитын модуль заводтайгаар байгуулах инновацийг санаачилсан аж. Профессор Я.Гомбосүрэнгийн бүтээл, туурвил эрдэм судлалыг тоймлон авч үзвэл, тэрээр сурган хүмүүжүүлэх, эрдэм шинжилгээ, зураг төсөл, үйлдвэрлэл, түлш, эрчим хүчний тэргүүлэх эрдэмтэн төдийгүй Монголын уул уурхайн салбарын техникийн хөгжлийн бодлого судлал, технологийн эрдэс зүй, газрын хэвлийн экологи судлал, тус салбарыг хүнийн нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд 60 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. 
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ