Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/
“Хөрөнгө энд тэндгүй бий. Харин түүнийг татан төвлөрүүлэх ажлыг хэрхэн хийх вэ гэдэгтээ анхаарах нь чухал” гэж АНУ-ыг үндэслэгчийн нэг Бенжамин Франклин хэлсэн нь бий. Монголын хөрөнгө зах зээлийн “IPO Mongolia2022” форумын үеэр энд тэндгүй байх хөрөнгийг хэрхэн Монголд татан оруулах вэ? Хөрөнгийн зах зээлийн цаашдын бодлого, ирж буй шинэ боломжийг хэрхэн тооцож байгааг хүмүүст танилцууллаа. Санхүүгийн гурван тулгуур гэгддэг хөрөнгийн бирж, банк санхүү, даатгал зэрэгцэн хөгжиж гэмээ нь эдийн засаг сая тогтвортой, сайн хөгжинө гэгддэг.
Гэтэл манай улсад банкны зах зээл хөрөнгийн зах зээлээс даруй долоо дахин том. Харин даатгалын хувьд албан журмын даатгалын бүтээгдэхүүнээр амиа аргацаах төдий явж байна. Банк гэсэн ганц тулгууртай эдийн засгаа өргөжүүлэх гарц нь хөрөнгийн зах зээл.
МҮХАҮТ-аас хөрөнгийн зах зээлтэй холбогдуулан хийсэн судалгаа эрхгүй нэгийг бодогдуулахаар... Танхимын зүгээс Топ-100 аж ахуйн нэгжийнхээ дунд энэхүү судалгааг хийжээ. Эдгээр аж ахуйн нэгжийн зөвхөн найм нь хувьцаат компани гэсэн статустай. 12 компани нь төрийнх. Бусад буюу 92% нь ХХК буюу /хаалттай/ хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хаалттай компаниудын хувьд зээлийн эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлж байна гээд судлахаар 68,6% нь арилжааны банкны зээлтэй, эргэлтийн хөрөнгө буюу өмнөх оны ашгаар санхүүжүүлдэг нь 61%, олон улсын төсөл хөтөлбөр, том хувьцаа эзэмшигчээсээ зээл авах хэлбэрээр 12,5% нь санхүүждэг гэж хариулжээ.
Товчхондоо тодорхой ойлголтгүй Топ-100 аж ахуйн нэгжээс ажлаа эхэлж хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх хэрэгтэйг судалгаа харуулжээ. Хувьцаа гаргах явцыг койнтой адил хялбар болгох, шимтгэл зардлыг ч бууруулах хэрэгтэй гэсэн саналыг форумын үеэр Хөрөнгийн биржийн захирал Х.Алтайд тавьж байлаа. Таван богд группийн захирал Ц.Баатарсайхан “Хязгаарлагдмал хувьцаат компани хаант засаглалтай адил бол Хувьцаат компани парламентын засаглалтай адил” гэж товчоор тодорхойлсон. Энэ онд ХААН банк, Улаанбаатар гурил ХХК, Мон Бийф ХХК-г олон нийтийн болгоно гэдгээ форумын үеэр тэрээр танилцууллаа. Банкуудын IPO энэ онд хийгдэнэ. Мөн ТОП-100 аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож эхэлбэл бид бараа ихтэй баялаг нэгэн их дэлгүүртэй болох цаг удахгүй бололтой.