Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Build Mongolia 2022” барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын үзэсгэлэн болно

“Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн хоёр дахь жилдээ дөрөвдүгээр сарын 20-22-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн мөнгөн ивээн тэтгэгч “Мега Сэлбэг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Барсболдтой ярилцлаа.

Үндэсний хөрөнгө оруулалттай “Мега Сэлбэг” ХХК нь хөдөлмөр хамгаалал болон өргөлтийн хэрэгсэл, өндрийн аюулгүйн ажиллагааны  салбарт дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн Монгол дахь онцгой эрхтэй төлөөлөгчөөр ажиллахын сацуу уул уурхайн ханган нийлүүлэлтийн чиглэлээр 2014 оноос хойш ажиллаж иржээ. Үйл ажиллагааныхаа зорилго, чиглэлийн талаар ярьвал?

Мега Сэлбэг ХХК нь 2014 оноос хойш уул уурхай, барилгын салбарын харилцагчдадаа тоног төхөөрөмж, сэлбэг болон бүх төрлийн аюулгүй ажиллагааны бараа бүтээгдэхүүн, өргөх хэрэгсэл гэх мэт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж ажиллаж байна. Бид UVEX (Герман), Hex Armor (АНУ), Heckel (Франц), Gripps Global (Австрали), Dunlop(Голланд), Super Anchor(АНУ) зэрэг 140 хүртэл жилийн туршлагатай дэлхийн тэргүүлэгч, нэр хүндтэй брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчийн гарт хүргэж ажилладаг. Мөн дэлхийд өргөлтийн хэрэгсэл үйлдвэрлэлээр тэргүүлэгч Kito (Япон), DSR (Солонгос) брэндийн бүх төрлийн гинжин болон даавуун, синтетик чальк болон бусад өргөлтийн хэрэгслүүдийг Монголдоо албан ёсны эрхтэйгээр борлуулж ажиллаж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтээрээ цар тахалтай нүүр тулсан хүндхэн хугацаа өнгөрлөө. Энэ цаг үед албан байгууллага бүрд хэрэглэгчдээ татах оновчтой бодлого чухал билээ. Танай компанийн хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

Дэлхийн дахиныг хамарсан цар тахал нь нийт нийлүүлэлтийн сүлжээ болон тээврийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж тээврийн зардал огцом өсөх, халдвар хамгааллын дэглэмээс шалтгаалан хил гаалийн хяналт шалгалтын процесс энгийн үеэс хэд дахин удаашрах зэргээр ханган нийлүүлэлт болон гадаад худалдааны  салбарт сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Манай компанийн хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тээвэр зуучийн компани болон өөрсдийн төлөөлж ажиллаж буй үйлдвэрлэгчидтэй нягт холбоотой ажиллаж энэхүү саад бэрхшээлийг аль болох харилцагчдадаа хүндрэл учруулахгүйгээр амласан цаг хугацаандаа бараагаа нийлүүлэх мөн зарим нэг өдөр тутам тогтмол хэрэглэгддэг хөдөлмөр хамгааллын хэрэгслүүдийг их хэмжээгээр татан авалт хийж харилцагчдынхаа хагас жилээс бүтэн жилийн хэрэгцээг агуулахдаа төвлөрүүлэх гэх зэрэг бодлогууд баримтлан харьцангуй амжилттай давж гарлаа. Түүнчлэн бидний зүгээс дээрх бэрхшээлүүдээс үл шалтгаалан өөрсдийн нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүйгээр аль болох тогтвортой үнээр харилцагчдадаа нийлүүлэхийг хичээн ажиллаж байна.

Бүтээн байгуулалт 2022 олон улсын үзэсгэлэнд оролцох үеэрээ танилцуулах онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ бий юу?

Өмнө нь дурдсанчлан манай компанийн хувьд өндөр чанартай дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр ажиллаж байна. Үзэсгэлэнгийн үеэр Германы алдарт Uvex брэндийн хөлнөөс толгой хүртэлх хувийн хамгаалах хэрэгслүүд мөн Францын Heckel брэндийн ажлын гутлууд, Австралийн Gripps Global брэндийн шат угсралтын бүс, багаж унахаас хамгаалсан багажийн оосор, цохилтын хамгаалалттай ажлын бээлий мөн Та бидний автомашины дугуй үйлдвэрлэгч гэдгээр нь сайн мэдэх Dunlop брэндийн хамгаалалттай усны гутлуудыг мөн харилцагчдадаа танилцуулж ажиллана. Uvex брэндийн хувьд 100 жилийн туршлагатай Герман улсын үйлдвэрлэгч бөгөөд хамгаалалтын нүдний шил болон дагалдах хэрэгслүүдээр Монголын хэрэглэгчдэд нэгэнт танигдсан брэнд юм.

Харин өргөлтийн хэрэгслийн хувьд Японы алдарт Кито брэндийн гар таль,  Солонгосын DSR брэндийн чальк, даавуун болон синтетик материалтай хавтгай, цагирган  татлагуудыг зах зээлд шинээр танилцуулах төлөвлөгөөтэй байна.  Эцэст нь хэлэхэд сонирхсон хувь хүн, албан байгууллагууд маань Бүтээн байгуулалт 2022 үзэсгэлэнгийн Н09 дугаартай павилионоор зочилж манай бүтээгдэхүүнүүдтэй бодитоор нь танилцах боломжтой байгаа гэдгийг мөн дамжуулъя.