Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Нэг хувийн өгөөжтэй, хоёр хувийн ашигтай компаниудаа ЦААШИД ХЭРХЭХ ВЭ?

Нэг хувийн өгөөжтэй, хоёр хувийн ашигтай компанийг танд худалдаж авахыг санал болголоо гэж бодъё. Та хэрхэх вэ? Мэдээж, ихэнх нь үнэтэй байтугай үнэгүй ав гэсэн ч авахгүй ээ гэж бардмаар хариулах вий. Хөрөнгө оруулалт гэдэг эцсийн дүндээ ашиг гэсэн ганцхан зорилгод зангидагддаг болохоор хэн ийм тэнэг сонголт хийхэв дээ.

Гэтэл манайд өгөөж , ашгийн иймхэн үзүүлэлттэй Төрийн гэх 106, орон нутгийн өмч гэсэн тодотголтой 273 компани эгнээ байраа эзлэн, эдийн засгийн үзүүлэлтийг хойш татан “тормойсоор”, бас ч болоогүй ах дүүс, үр хөврөл гарган тэлсээр байна. Төр өмчөө бүртгэн, цаашид хэрхэн засаглалыг сайжруулах талаар бодож эхэлсэн гэдгийг Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл АНУ-ын Худалдааны танхим (AmCham)-ын ээлжит хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм. УИХ-ын гишүүн Т. Доржханд, АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг худалдааны хэлтсийн дарга Жон Ченг, “Мандал даатгал”-ыг үүсгэн байгуулагч, эдийн засагч Ө.Ганзориг, эдийн засагч Д.Жаргалсайхан /De Facto/, Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар уг хэлэлцүүлэгт оролцсон.

“Хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн хөгжлийг дэмжих нь” сэдвийн хүрээнд өрнөх байсан ч хувийн хэвшил гэхээс илүүтэйгээр төрийн өмчийн компаниудын засаглалыг хэрхэн сайжруулах, инфляц, шатахуун, долларын өсөлтийн талаар энэ удаа илүүтэй ярилцлаа. Д.Жаргалсайхан эдийн засагч “Төр гэсэн ганцхан эзэмшигчтэй байж Төрийн өмчийн хувьцаат компани гэж нэрлээд байх юм. Нэрнээсээ эхлээд бодолцох олон асуудлууд байгаа”-г тодотгосон юм. Харин эдийн засагч Ө. Ганзориг “Шатахуун тосны үнийг өсгөхгүй хязгаарлан барих боломж байсан. Хэрвээ бид газрын тосны бүтээгдэхүүн дээр опцион, форвард хэлцлийг урьдчилаад хийсэн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй”, УИХ-ын гишүүн Т. Доржханд “Авлигыг бүрдүүлэгч төрийн өмчийн компаниудаа цаашид яах вэ? гэдэгт зарчмын шийдвэр гаргах цаг болсон”-ыг анхаарууллаа.

Хоёр хувийн ашигтай, нэг хувийн өгөөжтэй гэдэг нь хангалтгүй үзүүлэлт, өмч хөрөнгийн асуудал 51 их наяд байгаагийн гол зонхилох 81 хувь нь цөөн хэдэн компанийнх. “Эрдэнэс Монгол” дээр 14 их наяд, “Эрдэнэс Тавантолгой” дээр 14 их наяд байх жишээтэй.

Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн өмчийн оролцоотой 106 компанид хамааралтай долоон субьект бий болоод байна.

Ж.Мөнхцэцэг